Сири охид хуучин машинаас ч &#34дор&#34 үнэтэй

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Сири охид хуучин машинаас ч &#34дор&#34 үнэтэй

Дэлхийн
халуун цэг болоод буй Сирийн иргэний дайныг Монголын сэтгүүлчид анх
удаа газар дээрээс нь  сурвалжилж байна. Eagle телевизийн гадаад
мэдээний тоймч Х.Уламбаяр, зураглаач А.Билгүүн нарын халуун цэгээс
ирүүлсэн шуурхай мэдээлэл, сурвалжлагыг хүлээн авна уу.


Манай сурвалжлах баг Сирид болж буй үйл явдалтай холбогдуулан өөрсдийн нөөц бололцоогоор мэдээ, мэдээлэл бэлтгэсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаа бид Иргэний дайны хөлөөс дайжсан хүмүүс хөрш орнуудын дүрвэгсэдийн хуаранд хэрхэн аж төрж буй талаар цуврал нийтлэл хүргэх юм. Бид эхний удаа дүрвэгсэдийн хуаранд тахал мэт тархсаар буй нэгэн хөндүүр сэдвийг задлая. Энэ бол бага насны охидыг бусдад худалдаалж буй "гэмт" хэрэг юм.


Уншигч авхай та гайхах байл даа. Гэхдээ дор өгүүлэх зүйл бүгд үнэн. Өөрсдийн нүдээр харсан гэдгийг баталж чадна. Энд Сири эцэг эхчүүд төрсөн охидоо хэн нэгэнтэй гэрлүүлж, суулгах нэрийн дор бусдад зуучлах, түрээслэх /биеийг нь үнэлүүлэх/, зарах зэрэг ухаант хүний ой тойнд багтамгүй нүгэлт үйлдэл хийсээр хэдэн сарыг үджээ. Үүнийгээ эдгээр хүмүүс маш өрөвдөлтэй /байж болох шалтгаан биш өчүүхэн шалтаг/ зүйлтэй холбон тайлбарлахтай олон таарав.

Тухайлбал бид тус нэгэн хуаранд олон охидтой нэгэн өвгөнтэй ярих боломж гарсан. Тэр бидэнд хэлэхдээ "Энд хийх ажил үнэхээр олдохгүйн дээр гадны тусламжаар өл зогооход маш хэцүү. Өдөр ирэх бүх дүрвэгсэд нэмэгдэж, бидний хүртэх хоол багассаар байгаа. Мөн Сириэс дүрвэсэн хүмүүс очсон газраа хулгай, дээрэм хийж, хэн нэгнийг захиалгаар хороож, төрсөн охидоо бусдад худалдаж амьдрахгүй бол шууд өлсөж үхнэ. Мэдээж хэн ч гэсэн цаашид амьдрахын тулд тэмцэх л болно. Гэхдээ та нар бидний амьдралыг ойлгохгүй. Чи ядаж энд нэг сар болоод үзээрэй. Их зүйл үзнэ. Бараг эвлэрэнэ дээ" гэсэн юм.

Эдгээр эцэг эхчүүд охидыг бусдад 1000-5000 ам.доллар буюу хэдэн зуун мянган сири фунтээр наймаалцдаг төдийгүй сүүлдээ ил цагаандаа гарч дүрвэгсэдийн хуаранд бие үнэлүүлэх газар нээсэн байх юм. Уг нь дүрвэгсэдийн хуаранд ус, хүнсний хамт БЗХӨ, ДОХ-оос сэргийлэх зорилгоор бэлгэвч тараадаг бололтой. Гэвч түүнийг нь зориулалтынх дагуу хэрэглэх хүсэл болоод ухаан хэнд нь ч алга. Ямарсайндаа хүүхдүүд түүгээр шаар, бөмбөглөг болгоод энд тэнд гүйж байхав.

Тэнд ажиллаж буй нэгэн хүмүүнлэгийн байгууллагын ажилтан хэлэхдээ "Бага насны охидыг зарж, хүчирхийлэх болсноос хойш тэдний дунд элдэв төрлийн бэлгийн замын өвчин болон хүсээгүй жирэмслэлт газар авсан. Үүнийг бид таслан зогсоохоор оролдож байгаа ч тусыг эс болж байгаа төдийгүй хөөрхий охид насан туршийн эмгэгтэй /үргүй болох/ болж зарим тохиолдолд үр хөндөлтийн хүндрэлээр нүд аньж байгаа гэлээ.

Уг нь Сирийн дүрвэгсэдийг орогнуулж буй тухайн орнуудын холбогдох газрууд хийгээд НҮБ-ын Дүрвэгсэдийн байгууллагын зүгээс дээрх үйл явдалтай "хатуу тэмцэнэ" гэдэг ч бодит байдал дээр үр дүн маш муу байна. Хамгийн ихээр саад тотгор учруулж буй зүйл нь худалдагдсан охидын эцэг, эх дээрх үйлдлээ хэрэгжүүлэх аргаа улам нарийсгаж бүлэглэл буюу мафийн хэлбэрт шилжжээ.

Хэдхэн сарын өмнө 11 настай нэгэн охин төрөхийн хүндрэлээс болж амиа алдсан бол өөр нэг охин төв газар бараадан байж саваа авахуулж "амьд үлдсэн" гэсэн.

Биднийг энд ажиллаж байх хооронд санаанд оромгүй олон зүйл тулгарч байгаа ч амьд явж, эрүүл торниж, аюулгүй амьдарч, сурч боловсрох эрхтэй олон зуун хүүхэд багачууд ямар хүнд нөхцөл байдалд буйг өөрсдийн нүдээр харлаа. Тэнд Барууны орнуудын хэвлэл мэдээллээр цацаад байгаа шиг зөвхөн сөргөлдөгчдийн тулаан биш жирийн иргэдийн амьдрал түүнээс илүү "дордсон" болохыг энэ мэдээллээрээ та бүхэнд хүргэхийг хичээлээ. Тус дүрвэгсэдийн хуаранд зураг авч, ярилцлага хийхийг хориглосон бөгөөд цаана хэн нэгэн эрх мэдэлтэй хүний хараанд байдаг нь илт байв.

Нэгэн үе Ойрхи Дорнодын хамгийн сайхан, царайлаг, цэвэрхэн бүсгүйчүүдтэй гэгдэж байсан Сирийн охид эмэгтэйчүүдийг өнөөдөр ийм л хувь заяа угтан авчээ. Харин дэлхий энэ талаар таг чимээгүй. Мэдсэн ч мэдээгүй юм шиг. Тэдэнд Сирийн хойч үе хэрхэн амьдарч буй нь огтхон ч сонин биш. Харин Б.Ассадыг унасны дараа хэрхэн улс орныг хуваан залгих уу? Хүн ардыг яаж боолчиж, хөөн гаргах уу? Үлдсэн нефть, занар, фосфор зэргийг хэзээ зөөж арилгах уу? гэсэн гуравхан зорилго нуугдаж байх шиг.

Тийм ээ миний бие энэхүү нийтлэлээрээ Монголчууд та бүхнийг нэгийг бодож, хоёрыг ухаараасай хэмээн хүснэ. Эзэн чингисийн үр сад гэж хэлж, ярих дуртай бид хоосон цээжээ дэлдэлгүй бусдад ирсэн гай зовлонг өөрсддөө "сургамжтайгаар" хүлээн аваасай.

Бид өнөөдөр ёс суртахуунгүй, сул дорой, ууж идэхийн дон шүглэж, эрх мэдэл, мөнгө төгрөгний төлөө юу ч хийхээс буцахаа байсан эрх мэдэлтнүүдэд үүнийг заавал ойлгуулж, мэдрүүлэх ёстой. Мэдээж саяын болсон үйл явдал шиг буу шийдэмдээ хүрэх бус хүч үл хэрэглэх аргаар шударга ёсны дуу хоолой болж тэмцэх нь зөв төдийгүй илүү үр дүнтэй болов уу.

Сайхан цаг удахгүй ирнээ. Сирийн нуруу ч тэнийх болно.

Баярлалаа

Сэтгүүлч Х.УЛАМБАЯР

Зураглаач А. БИЛГҮҮН

Дүрвэгсэдийн хуаран, Турк, Йордан, Ирак, Ливан

2013.09.17

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж