Мөн хуулийн төсөлд алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх талаарх УИХ, Засгийн газар, Монголбанк, Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, алт олборлогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгчээ. Ингэснээр алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох, бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцохоор зааж өгөөд байна. Сануулахад, Монгол Улс 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд зургаан тонн болж дөрөв дахин буурчээ. Түүнийг дагаад алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн гэж холбогдох албаныхан үзэх болсон юм. Үүнд Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэрэгжсэнтэй холбоотой хэмээн үздэг. Учир нь УИХ-аас дээрх хуулийг батлахаас өмнөх дөрвөн жилд Монгол Улс 77 тонн алт олборлодог байсан бол хууль хэрэгжсэн 4 жилд 48 тонн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан юм байна.
Түүнчлэн дэлхийн зах зээлд алтны үнэ 2000 оноос хойш тасралтгүй өсч, 2000 онд 1 унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2012 онд 1800 ам доллар болж зургаа дахин өсчээ. Зах зээл дээрх алтны үнэ өсөөд байхад манай улсад олборлосон алтны хэмжээ буурч байгаа гол шалтгаан нь дээрх хууль батлагдсантай холбоотой гэж үзэж ирсэн төдийгүй, эргээд хууль бус алтны олборлолт нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон гэж үзэж Засгийн газраас УИХ-д Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа нь энэ юм.