УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт эхлүүлэхээр товлосон ч хойшлогдсоор байна. Энэ нь байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудал хараахан УИХ-ын ээлжит бус чуулган руу орох бололцоо бүрдээгүй байгаатай холбоотой бололтой. Тухайлбал, УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн боловч ажлын хэсэг байгуулж асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой гэсэн шийдвэрийг гишүүдийн олонхи гаргаж дэмжсэн учраас шууд чуулган руу оруулах бололцоо хараахан бүрдээгүй байгаа юм. Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дангаараа хуралдаж зөвхөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дэмжиж, бусад төслүүдийн хэлэлцүүлгийг одоо үргэлжлүүлж байгаа учраас өнөөдөр зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулган маргааш болж хойшлогдож болзошгүй байна.
Г.ДАРЬ