Зарчмын хувьд боломжгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Зарчмын хувьд боломжгүй

"Зарчимын хувьд боломжгүй" гэж ярьдаг. Энэ
блог дээр ч олонтаа хэрэглэсэн байх.
Тэгвэл ерөөс "Зарчимын хувьд боломжгүй"
гэж яг юу гэсэн үг юм бол?
Үнэхээр "боломжгүй" юм болов уу?
Хүн төрөлхтөн хөгжиж дэвшихийн хэрээр, өдийг хүртэл "боломжгүй" байсан зүйлийг "боломжтой" болгосоор ирсэн биш гэж үү?


Харамсалтай нь тийм биш. "Зарчимын хувьд
боломжгүй" гэдэг бол зүгээр "боломжгүй" гэдгээс учир ондоо зүйл
юм.

Буддын сургааль дунд ийм нэг үлгэр байдаг.

Шөнө дунд гэнэт багш ламтан сэрж, шавь нараа бүгдий нь амбаардаж босгов.
Багш
– Би ийм зүүд зүүдэллээ. Алив, хэн нэг нь үүний
учрыг тайлаад аль!!!

Тэр нь ийм зүүд байв.

Вааран дотор тэмээн хяруулын өндөг хагарч байх юм гэнэ. Тэр чигт нь зөнд нь
орхивол ангаахай үхчихнэ. Гэвч ангаахай нь, ваарнаас гаргаж авахад хэтэрхий том
байлаа. Тиймээс, ангаахайг гаргаж авахын тулд ваарыг хагалахаас өөр замгүй
боловч, ваар нь маш үнэ цэнэтэй эд тул, тун ч хагалахаар завдах арга байсангүй.

Ингээд
– Яахын бээ, одоо би???
гэсээр бачуурсан багш, хэдэн шавиа бангадаж гарчээ.

Шавь нар ч аргалчих санаатай, байдаг ухаанаа шавхан арга чарга сэтгэсэн боловч,
яаж ч бодоод, үнэхээр юу ч санаанд нь орсонгүй.

Яаж ч эргүүлж тонгоруулж бодоод, ангаахайг аврахын тулд ваарыг хагалахаас өөр
замгүй.
Гэтэл, ваарыг хагалмааргүй байдаг.
Гэтэл, ваарыг хагалахгүй бол ангаахай үхэх гээд байдаг.
Гэтэл, ангаахайг авармаар байдаг…

Эцсийн эцэст, яаж ч бодоод хоюуланг нь зэрэг аврах боломжгүй.

"Зарчимын хувьд боломжгүй"
гэдэг нь, дээрхтэй тун төстэй нөхцөл байдал юм.

Жишээлбэл, Гёделийн "Гүйцэт
бусын теорем
" гээчээр, математик нь "төгс бус" болох нь батлагдсан боловч,
түүнийг няцаах нь зарчимын хувьд боломжгүй юм.

Юуны өмнө, ерөөс "математик бол төгс бус"
гэдэг нь, "математик баталгаагаар гаргаж авсан
дүгнэлт
" юм. Гёдел нь математикийн онол дотор "Парадокс
гарцаагүй оршин байхыг
" математик аргачиллаар
батлаад үзүүлчихсэн.

Тиймээс математикчид
– Математикаар батлагдсан зүйл бол үнэн
гэсэн суурь нөхцөлийг зөвшөөрч байгаа бол, "математик
бол төгс бус
" гэсэн дүгнэлтийг ч бас хүлээн зөвшөөрөхөөс өөр
аргагүй.

Хэрвээ, тэгсээр атал нэг зөрүүд тоочин нөхөр гарч ирээд
– Битгий донгос. Математик бол төгс бус биш. Наад "Гүйцэт бусын
теорем" чинь алдаатай за юу.

гээд "Гүйцэт бусын теоремыг" хүлээн зөвшөөрөхгүй байвал, тэр нөхөр
"математикаар батлагдсан дүгнэлтийг алдаатай" гэж хэлж байгаа
болох тул, тэрээр
– Математикаар батлагдсан зүйл бол үнэн
гэх суурь нөхцөлөө үгүйсгэж байгаа хэрэг болох юм.

Ерөөсөө, яаж ч чармайгаад, математикийг аврах боломж байхгүй.

Өөрөөр хэлбэл,
ямар нэгэн "зөв суурь нөхцөл" дээр суурилж явсаар
"боломжгүй" гэдэг дүгнэлтэнд хүрэх үед, хүчээр түүнийгээ "боломжтой"
болгочих юм бол, "зөв суурь нөхцөл" нь ч
бас дагаад нурчихна аа
, гэсэн л яриа.
Энэ утгаараа, математикийг төгс онол болгох явдал нь "зарчимын хувьд
боломжгүй" байх нь.

Нэг ёсны, "зарчимын хувьд боломжгүй" гэдэг бол, тухайн онолд зоолттой ямар ч өршөөлгүй өргөс гэсэн
үг. Тэгээд зовлонтой нь гэвэл, тэр өргөсийг авчих юм бол, онол нь өөрөө нураад
уначихна. Яагаад гэвэл, тэр өргөс ч бас онолын нэг хэсэг шүү дээ. Тэр
өргөс бол онолтойгоо хүйгээр холбоотой юм.

Ямар зовиур шаналгаатай байгаад, бид юу ч хийж чадалгүй, зүгээр л ширтэхээс өөр
зам байхгүй.

Өнөө үед философи, шинжлэх ухаанууд царай алдчихсан,
– Боломжгүй юмыг боломжтой болгохын төлөө хичээх болно
гэж ярьдаг балчир хүүхдүүд шиг гал цогтой бадарч чадахгүй байгаа нь,
дээрх шиг зарчимын хувьд боломжгүйнүүд (өргөсүүд) хойно хойноосоо олдсоор, нэг
мэдэхнээ битүү өргөс болчоод олигтой хөдөлж чадахгүй болсонтой холбоотой юм.

"Зарчимын хувьд боломжгүй".
Бид бүхэн түүнийг яаж ч хичээгээд боломжтой болгож чадахгүй.

Гэснээс. Ингэхэд.
Нөгөө буддын үлгэр ингэж төгсдөг.

– Ангаахай ваарнаас гарчихсан байна

гэж хашгиран, багшийгаа хариу амбаардаж орхисон шавь л өршөөгдөж,
залгамжлагчаар сонгогдсон гэдэг.

Нэг ёсны "ангаахай ваарнаас гарчихсан байна" буюу
– Хөөе, наадах чинь зүгээр л зүүд юм байгаа биз
дээ? Юу дэмийрээд байгаан!!!

гээд багшийгаа амбаардан, суурь нөхцөлийг нь нураах зүрх зоригтой тийм хүн л
зарчимын хувьд боломжгүй үлгэрийг даван туулж чадна гэсэн л санаа юм.

"Зарчимын хувьд боломжгүй".

Тийм байсан ч, яаж ийгээд, бүр заавал болгомоор байгаа бол…

Тийм бол нэгэнт "хувьсгал" хийхээс өөр зам үгүй. Тийм л байна.

Эх сурвалж: http://tomyo-bodyo.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж