УИХ-ын даргын Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2013.09.17/ үдээс өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн.
Дараа нь Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, тэдгээрийг дагалдан зарим хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа, энэ оны гуравдугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд оны эхний хагас жил гэхэд жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 42 гаруй хувиар буураад байна. Гадаадын шууд хөрөнгийн дотоод эдийн засаг уруу чиглэсэн урсгал буурахад дэлхийн эдийн засгийн байдал, дотоод дахь хууль эрх зүйн зохицуулалт, зарим шинэчилсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг зэрэг хүчин зүйл нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг тогтвортой байдлаар татах, эрх зүйн өнөөгийн зохицуулалтыг илүү сайжруулан хөнгөвчлөх шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулснаа дурдав.
Хөрөнгө оруулалтын тухай энэхүү хуулийн төсөлд хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох, хөрөнгө оруулалтын бодлого, эрх зүйн орчныг тогтвортой байлгах үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэж байх, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх, хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах бөгөөд 100 мянган ам.долларын босгыг хэвээр хадгалах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гаргах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл олгож байхаар тусгажээ. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах, тухайлахад хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар тусгасан байна.
Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан гишүүн А.Тлейхан, Д.Батцогт, Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл, Ж.Энхбаяр нар асуулт асууж тодруулан гишүүн Г.Уянга, А.Тлейхан, Ц.Нямдорж, Д.Зоригт, Ц.Баярсайхан, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, О.Содбилэг, Г.Батхүү нар үг хэлсэн юм. Үг хэлсэн гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэхийг дэмжихийн зэрэгцээ байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан төслийг нухацтай хэлэлцэж удаан жил, тогтвортой мөрдөх сайн хууль гаргах нь чухал гэдгийг онцолж байлаа.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг дэмжлээ. Мөн гишүүн Д.Зоригтоор ахлуулсан байнгын хорооны ажлын хэсэг байгуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.