Нийтийн үйлчилгээний нэгтгэл байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Нийтийн үйлчилгээний нэгтгэл байгуулжээ

Үйл ажиллагаагаа бие даан явуулж байсан Нийслэлийн Хот тохижилтын газар, Улаанбаатар Зам Засвар Арчлалт, Усны Барилга байгууламж зэрэг Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар татан буулгаж, зорилго чиглэл нэг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг шинээр байгууллаа.

Учир нь зорилго нэг боловч гурван өөр газарт, гурван өөр чиглэл баримтлан ажиллах нь ажлын үр дүн, уялдаа холбоо муу байснаас гадна хүн хүч, нөөц бололцоо тархай бутархай, машин механизмын ашиглалт харьцангуй сул зэрэг сөрөг хүчин зүйлүүдээс үүдэн дээрх гурван байгууллагыг нэгтгэх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр төсвийн хөрөнгийг хэмнэхийн зэрэгцээ хамгийн чухал нь нийтийн эзэмшлийн зам талбайд нэг байгууллага, нэг бодлоготойгоор цогц ажил үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, чимэглэл, хаягжилт, ногоон байгууламжийг арчилж хамгаалах, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, автозамын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, урсгал тусгаарлах хайс хашаа, золбин муур, нохой устгал, гэрэлтүүлгийн нэгдсэн хяналт, удирдлага, нийтийн эзэмшлийн тавилгын засвар, үйлдвэрлэл гэх зэрэг чиг үүргийн дагуу нэгдсэн үйл ажиллагаа явуулснаар Нийслэл хот 24 цагийн турш хариуцах эзэнтэй, харгалзах хүнтэй болж байгаа хэрэг юм.

Нийслэлийхэн бид энэ жилээс эхлэн цэцэгт ногоон байгууламжаар хүрээлүүлэн, сэтгэл тэнүүн зуны улиралыг өнгөрүүлсэн.

“Шинэчлэл гэдэг сэтгэл гарган хийх ажил” гэдгийг “Нийслэлийн Хот тохижилтын газар”-ын хамт олон харуулж чадсан нь сайшаалтай. Тиймдээ ч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл “Нийслэлийн хот тохижилтын газар”-ын дарга Д.Энхсайханыг шинээр байгуулагдаж буй “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг удирдуулахаар томилсон байна.

Нийслэл хотод амьдарч буй хүн амтай харьцуулахад хотын өнгө үзэмжийг өөд татахаар ажиллаж байгаа ажиллагсдын тоо харьцангуй цөөн, авч байгаа цалин хөлс нь бага хэдий ч цаашид нийтийн үйлчилгээг үзүүлж буй хүмүүсийнхээ тоо болон тэдний хөдөлмөрийн үнэлэмж болох цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллахаа шинэ удирдлагууд хэлж байгаа юм. Ингээд шар хантаазтнуудын шинэчлэлийн үе эхэллээ.

М.СУРА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж