ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зөвлөлт засгийн үед Арктикт байгуулж байсан цэргийн баазаа дахин нээх болсноо мэдэгджээ. Азийг Европтой холбосон “торгоны зам” болж магадгүй гэгдэж буй Арктикийн мөсөн туйл дахь цэргийн баазаа дахин нээхээр болсон нь ОХУ-ын хувьд олон улсын далайн тээвэрлэлтэнд хойд хэсгийн эргийг нээх, мөсөн туйл дахь асар их хэмжээний эрчим хүчний нөөцийг хамгаалах зорилготой гэнэ. Бараг 20-н жил эзэнгүй хаясан цэргийн баазаа дахин нээхийн тулд ОХУ атомын хөдөлгүүртэй мөс зүсэгч арван хөлөг онгоцыг Дорнод Сибирийн тэнгис ба Лавтевийн тэнгис хооронд орших Хойд мөсөн далайн олтриг дахь Новосибирскийн арлууд руу илгээсэн байна. Энэ дагуу ОХУ-ын далбаа бүхий “Агуу Петр” цөмийн хөдөлгүүртэй хөлөг онгоцнууд Хойд тэнгисийн дагуу далайн аялалдаа гараад байгаа аж.
Сүүлийн үед байгалийн баялагаар арвинтай, Азийг Европтой холбох хамгийн дөт зам болсон Арктикийн мөсөн туйлыг сонирхох их гүрнүүдийн сонирхол улам нэмэгдсээр байгаа билээ.
Б.АНХТУЯА