Мэдээлэл өгсөн иргэдийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Мэдээлэл өгсөн иргэдийг шалгаж эхэлжээ

“Гал үндэстэн” холбооны гишүүд өчигдөр Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн жагсаал хийхдээ буу, гар гранат ашиглан олон нийтийг цочирдуулсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас "Гурван объектод тэсрэх бөмбөг байрлуулсан, олдсон гэх мэдээллийг Шуурхай удирдлагын төвийн 102 дугаарт иргэдээс ирүүлсэн" гэж мэдээлээд байгаа.

Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын эх сурвалжаас тодруулахад, “Мэдээлэл өгсөн иргэдийг мөрдөн байцаалтын ажиллагааны хүрээнд шалгаж байгаа. Мэдээлэл өгсөн хүний утасны дугаар, дэлгэрэнгүй мэдээллийг хэлэх боломжгүй” гэлээ.

Дашрамд мэдээлэхэд, өчигдөр Төрийн ордны арын цэцэрлэгээс гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Уул уурхайн яам, "Central Tower" зэрэг барилгыг шалгаж, эдгээр газраас нийт гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгч илрүүлж, хураан аваад бөгөөд хэрэгт холбогдуулан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хүмүүсийг сэжигтнээр татан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Түүнчлэн "Өчигдөр 15:30 цагийн үед “Централ тауэр”-ын барилга доторх хогийн
савнаас тротил хэмээх тэсрэх бодис олсон бол 17:30 цагт Уул, уурхайн
яамны урд талын цэцгийн мандлаас мөн дээрх бодисыг илрүүлж, ТЕГ,
ЗХ-084 анги, Онцгой байдлын байгууллагуудтай хамтран аюулгүй болгосон" гэх мэдээллийг цагдаагийнхан өгөөд байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж