Хуулийн төслийг түр хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Хуулийн төслийг түр хойшлууллаа

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг түр хойшлуулахаар болов

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар /2013-09-17/ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулга хийсэн.

Сайдын танилцуулгад дурдагдсанаар, “УИХ-аас 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баталсан.

Хуульд, дагаж мөрдсөнөөс хойш таван сарын хугацаанд багтаан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар заасан боловч хуулиар хориглосон талбайн хилийн заагийг тогтоох ажил удааширснаас энэ заалт хэрэгжээгүй байна. Мөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор баталсан хилийн заагт хамаарах алтны шороон ордуудын 242 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэхэмжилсэн 222,5 тэрбум төгрөгийн нөхөх олговор, түүнд хөндлөнгийн аудит хийх зардлын санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй байснаас хуулийн хэрэгжилт удааширч өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжээгүй байна.Үүний дараа 2012 оны зургадугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ тогтоосноор гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газар, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд баталсан бөгөөд эдгээр талбайд хэсэгчлэн болон бүхэлдээ давхцалтай нийт 909 хайгуулын тусгай зөвшөөрөл, 427 ашиглалтын тусгай зөвшөөрөл тоологдсон. Зөвхөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөр хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал 659.5 тэрбум төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр 155.5 тэрбум, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 52.2 тэрбум төгрөг байна.

Харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гол мөрний урсац бүрэлдэх эх хамгаалагдах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, цаашдаа ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг зогсоох нөхцөл бүрдэж, энэ хууль улсын төсөвт ачаалалгүйгээр бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэлээ.

Гишүүдийн зүгээс салбарын сайдад хандаж асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, “ Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд ямар ямар арга хэмжээ, оролдлогууд хийсэн, хэрэгжүүлэх шатанд ямар хүндрэл бэрхшээл тулгараад яагаад өөрчлөх болсон юм бэ? гэсэн асуулт асуув. Мөн тэрээр хуультайгаа зөрчилдсөн журам гаргах гэж байна гэсэн шүүмжлэлийг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Батцогт, “Хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг нь гүйцэтгэх засаглалд байгаа. Хоёр засгийн газар, хоёр парламент дамжаад энэ хууль хэрэгжиж чадахгүй байна. Хуулийг өөрчилж болно. Гэхдээ тооцоо судалгаатай хэлэлцүүлэг явуулж байж оруулж ирэх хэрэгтэй. Бид шууд ардчилал гэж яриад байгаа. Ард түмнээсээ асуух хэрэгтэй. Тэгж байж ээлжит чуулганаар оруулж ирэх боломжтой байсан. Харин заавал ээлжит бус чуулганаар оруулж ирж байгааг гайхаж байна. Энэ хууль бол байгаль орчин, газар дэлхийгээ хайрлах зориулалттай хийгдсэн хууль. Одоо компаниуд нөхөн сэргээлтээ хийж чадна гээд бүгд ашиглалтийн лицензээ авах гээд явна. Энд ямар тооцоо судалгаа байна вэ. Та бүхэнд хамгаалах газар үлдэх юм уу гэсэн байр сууринаас хандаж байсан юм. Мөн тэрээр өнөөдөр хуулийн дагуу нөхөн сэргээлт хийсэн болон нөхөн сэргээлт хийгээгүй хэдэн компани байгаа тоо баримтыг асууж тодрууллаа.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг дээрх гишүүдийн асуултад хариулахдаа, “Хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмын тухай хуулийг оруулж ирж байгаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад шийдвэрлэсэн. Хуулийн талаар холбогдох байгууллага, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлэг явуулсан. Өнөөдрийн эдийн засгийн байдалд уул уурхайн салбарын олон улсын эдийн засгийн төсөв, хөрөнгө оруулалт, санхүүгийн байдал нөлөөлж байгаад дүгнэлт хийж үзсэн. Эдийн засгийн байдалд гадаад, дотоод хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. Одоо аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх мөнгө байхгүй. Харин бидний оруулсан хөрөнгийг өгчих. Түүгээр нөхөн сэргээлт хийчихье гэсэн асуудлыг тавьж байна. Бид энэ асуудлыг шийдэх шаардлагатай байгаа юм. Монголчууд нүүдлийн мал аж ахуй, байгаль, дэлхийтэйгээ үнэхээр хүйн холбоотой. Энэ хуулийг сайн хууль гэдгийг хэлсээр, ярьсаар л байна. Урт нэртэй хууль гарснаас хойш таван сар болсон ч хэрэгжихгүй байгаа тул энэ хуулийг хэрэгжүүлэхийн төлөө журмын тухай хуулийг оруулж ирж байгаа. Харин урт нэртэй хуульд нэг ч үг, өгүүлбэрийн өөрчлөлт оруулаагүй. Харин энэ хуулийг хэрэгжүүлэх нь чухал. “ гэлээ.

Ингээд гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа УИХ-ын гишүүн А.Бакей төслийг Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн хуралдаанаар хэлэлцүүлж, ажлын хэсэг байгуулан нухацтай хэлэлцэх шаардлагатай тул төслийг хэлэлцэх эсэх асуудлыг  түр хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж