Япон багш үзэсгэлэнгээ гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Япон багш үзэсгэлэнгээ гаргалаа

Монголын тухай японы гэрэл зурагчны үзэсгэлэн

Дархан хотын дунд сургуульд багшилдаг, Япон Улсын иргэн Хидэки Комори Монгол орон, хүмүүсийн аж амьдралын тухай гэрэл зургийн бүтээлээрээ “Мишээж буй царай” нэртэй үзэсгэлэн гаргаж олон нийтэд сонирхууллаа.

Үзэсгэлэнг үзэхээр ирсэн хамт ажилладаг багш нар, шавь хүүхдүүд, найз нөхөд нь, “Залуучууд” театрын танхимд дүүрэн байв. Гэрэл зургууд нь Монгол орны хот хөдөө, хүмүүсийг аль гэрэл гэгээтэй талаас нь харуулж, ирээдүйдээ итгэл дүүрэн байгааг нь хурц тод өнгөөр дүрсэлсэнд үзэгчид талархал дэвшүүлж  баяр хүргэлээ. “-Гадны гэрэл зурагчид манай орны сүүдэртэй дүр төрхийг нь түрүүлж олж хардаг бол Комори тэгсэнгүй” гэсэн олон үзэгчдийн үнэлэлт сонсогдов. Дархан хотын 15-р дунд сургуульд мэдээлэл зүйн багшаар хоёр жил ажиллаад яг буцахынхаа өмнөхөн тэрбээр Монгол орон, хүн ардынх нь тухай сэтгэлдээ тээн буцаж байгаа дурсамжаа ийнхүү дэлгэн хуваалцлаа. Үзэсгэлэнг гаргахад нь, түүнтэй хамтран уран бүтээл туурвигч, сэтгүүлч Р.Жавхлантөгс санаачлан тусалжээ. Комори ярихдаа “Би нутагтаа байхдаа 15 жил гэрэл зургаар оролдсон. Урьд нь зөвхөн сонирхогч байсан бол Монголд ирээд мэргэжлийн түвшинд авсан зургуудаа анх удаа ийнхүү дэлгэж хүмүүст үзүүллээ. Үзэгчид  надад маш их урам итгэл өгсөн учраас би гэрэл зурагт өөрийгөө зориулахаар эргэлтгүй  шийдсэн. Намайг энэ урлагтай ирээдүйгээ холбоход Монгол орны цэлмэг тэнгэр, хурц нар, хөдөө нутаг, адуу мал, гүүний айраг, хүн ардынх нь сайхан сэтгэл нөлөөллөө. Амьдралынхаа цаашдын хувь заяаны энэ чухал шийдвэрийг Монголд байхдаа гаргаснаа би хэзээ ч мартахгүй” гэв.

Ө.РАГЧААСҮРЭН 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж