УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.
-Манай улсын эдийн засгийн хүндрэл улам бүр хүрээгээ тэлсээр байна. Ер нь Та энэ эдийн засгийн хямралын гол шалтгааныг юу гэж үзэж байгаа вэ?
-Эдийн засгийн нөхцөл байдал ерөнхийдөө их тааруу болчихлоо. Уг нь би хаврын чуулган тараагүй байхад хэлж л байсан юм. “Энэ жил эдийн засаг, төсвийн байдал хүндэрнэ шүү. Үүнийгээ бодож үзээч ээ” гэж удаа дараа хэлж байсан. Ерөнхийдөө эдийн засагт гарч байгаа сөрөг үр дагавар чинь бодлого үйл ажиллагааны алдаанаас л үүдэлтэй. Нэгдүгээрт, эдийн засгийн асуудалд улстөрийн зорилгоор ханддаг, түр зуурын улстөрийн зорилго нь биелэж байвал дараа нь эдийн засаг ямар байх нь хамаагүй мэт ханддаг.Засгийн газар, сайд нараас болж эдийн засаг ийм байдалд хүрчихлээ. Нарийн ярьвал одоогийн эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлийн үндсэн шалтгаан бол Ардчилсан нам болон Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс улбаатай. Анх 2006 оны арванхоёрдугаар сарын 13-нд Ц.Элбэгдорж “Өдрийн сонин”-д Тавантолгойн хувьцааг Монголын ард түмэндээ хүртээнэ гэсэн утгатай “Эрдэнийн хувь” нэртэй өгүүлэл гаргасан байдаг. Тэр бол 2008 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалт байсан. Ц.Элбэгдорж “Эрдэнийн хувь” гэдэг зүйл ярьсны дараа Н.Энхбаяр 2007 оны хаврын чуулган дээр үг хэлэхдээ ард иргэддээ эх орны хишиг хүртээнэ гэж уралдан амласан. Үүний дараа С.Баярын Засгийн газар Эх орны хишиг ч билүү нэг хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Энэ хоёр намын дарга нарын уралдаж хэлсэн үг 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн суурь болсон. Ингээд аль, аль нам нь ард түмэндээ амлачихсан учраас буцах газаргүй болсон. 2008 онд Ардын нам, Ардчилсан нам хамтарсан Засгийн газар байгуулж 2006 онд Ц.Элбэгдоржийн гаргасан санаачлагаас үүдэлтэй амлалтыг биелүүлж төсвийн нэмэлт дарамтад орсны үр дүн нь өнөөдөр ил гарч ирж байгаа юм.
-Эдийн засгийн уналтын бас нэгэн шалтгаан бол гадаадын хөрөнгө оруулалт. Үнэхээр бид өөрсдөө гадаадын хөрөнгө оруулалтаа үргээсэн гэж үү?
-Анхнаасаа гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туусан процесс их явагдсан шүү дээ. 2004 оноос эхлээд иргэний хөдөлгөөнүүд бий болж “Эх орны баялгийг гаднынханд өгч дууслаа” гэж бөөн жагсаал цуглаан хийж байлаа. Энэ мэтээр Монголд хөрөнгө оруулалт хийсэн гадаадын компаниуд уруу олон жил дайрч давшилж байна. Ядаж байхад өнгөрсөн жилийн тавдугаар сар буюу УИХ-ын сонгуулийн өмнөхөн стратегийн салбарт үйл ажиллагаа явуулах гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хязгаарлачихсан. Ингэснээр гадаадынханд Монголд үйл ажиллагаа явуулах боломжгүй болох юм байна гэх дохиог өгчихсөн хэрэг. Тэр хуулийн төслийг Ардын нам, Ардчилсан намын хүмүүс хамтарч санаачилсан. Тухайн үед би “Сонгуулийн өмнө та нар маш осолтой галаар тоглож байгаа юм биш үү. Энэ чинь болж байгаа юм уу. Тааж баршгүй сөрөг үр дагавар авч ирнэ шүү” гэж хэлсээр байхад л батласан. Ардчилсан нам засгийн эрх барьснаас хойш байдал улам л хүндэрлээ. Ингээд ирэхээр энэ оны тавдугаар сард дээрх хуулийг хүчингүй болгоё гэж гуйгаад болсонгүй.
-Гадаадын хөрөнгө оруулагчдаас хамгийн чухал нь урд, хойд хоёр хөрш. Гэтэл Засгийн газар тэдэнтэй харилцах харилцаанд алдаа гарчихсан гэх юм?
-Энэ хоёр хөрштэй харилцах харилцаанд асар их алдаа гаргасан. Бидний хэн, юу хэлж байгааг энэ хоёр гүрэн хоёулаа мэдэж байгаа. Гэтэл эдийн засгийн нягт холбоотой орнуудынхаа дургүйг ил, далдуур зөндөө л хүргэсэн. Өчигдөрхөн гэхэд л Тавантолгойн уурхайд нүүрс ачилт 20 хоногоор зогсчихлоо. Уг нь Сү.Батболдын Засгийн газар Тавантолгойд гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулна гээд баахан хэлэлцээр хийж байсан юм. Гэтэл шинэ Засгийн газар гарч ирээд үүнийг нь зогсоочихсон. Өмнөх Засгийн газрын үед “Чалко”-той хийсэн нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар зарах гэрээг муу байна, хүчингүй болгоно гэж баахан дайрсан. Ингэж баахан цамначихаад одоо болохоор гэрээгээ хэвээр нь үлдээгээд харин нүүрсээ 50 ам.доллараар зараад сууж байна. Хөрш зэргэлдээ оршдог, дэлхийн бодлогыг тодорхойлдог мөнхийн хөрш гүрнүүдтэйгээ ингэж балмад явдлаар харилцаж болохгүй.
-Ам.долларын ханш тэнгэрт хадчихлаа. Хяналт тавих нь Монголбанкны үүрэг биз дээ. Эсвэл Монголбанкинд огт падгүй асуудал юм уу?
-Монголбанк зүгээр л улстөрийн банкны үүрэг гүйцэтгээд байна. Уг нь арилжааны банкуудыг удирддаг, төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй. 2000 онд нэг ам.доллар 1000 төгрөг, 2010 онд 1300 төгрөгтэй тэнцэж байлаа. Түүнээс хойш 1300 төгрөгт тогтвортой эргэлдэж байсан. Харин сая хоёрхон сарын дотор 1700 төгрөг гараад явчихлаа. Ам.долларын ханшийн чангаралт талхнаас эхлээд бүх барааны үнийг хөөрөгдөнө. Нөгөө талаас Монголд үйл ажиллагаа явуулж, олсон хэдэн төгрөг долларын чангаралтад идэгдэнэ. Ийм эдийн засгийн аюултай үр дагавар авчирч байгааг ухаарах чадвар Монголбанкны удирдлагуудад байхгүй ээ. Ерөөс Монголбанкны удирдлагууд өөрсдөө ингээд байгаа юм биш. Эрх баригчдын шахаа даалгавраар улстөрийн үйл ажиллагаа явуулж байна. Өмнө нь С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үед Монголбанк, Засгийн газар хамтарч махны асуудал ярьдаг байсан билүү. Үгүй шүү дээ. Угаасаа ярих ёсгүй юм чинь. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ үү, эс хэрэгжүүлнэ үү Монголбанкинд огт падгүй. Гэтэл зүгээр л улстөрийн үйл ажиллагаа явуулдаг банк болчихлоо. Арилжааны банкуудаараа дамжуулж Засгийн газрын галыг унтраадаг, тэрэндээ хамаг мөнгөө шавхдаг ийм л ажил хийж байна. Ерөөс Засгийн газрын дагавар хүүхэд шиг хий гэсэн болгоныг нь үг дуугүй хийдэг кассын үүрэг гүйцэтгэгч болж хувирлаа. Угтаа Засгийн газрын заасан буруу зүйлд тээг тавиад сууж байх ёстой ийм л газар. Тэр утгаараа захирлуудыг нь УИХ-аас баталдаг, зөвхөн УИХ-д ажлаа тайлагнадаг, төгрөгийн тогтвортой байдлыг хангадаг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг л газар шүү дээ. Гэтэл Засгийн газрыг дагаж давхисаар байгаад мөнгөнийхөө бодлогыг алдчихлаа. Үүнээс гадна эдийн засаг хямрах бас нэг гол шалтгаан бол бонд. Ямар ч бэлтгэл хангагдаагүй, ямар ч төсөл хөтөлбөргүй байж бонд оруулж ирсэн. Одоо баруун солгойгүй цацаад дуусч байгаа байлгүй. Ямар сайндаа арга ядаад Монголбанкинд нэг байршуулж үзээд засаг эрсдэл хүлээхгүй гэж худлаа хэлэхэв дээ. 1.5 тэрбум долларын бондын учрыг олоогүй байж сая Японоос дахиад 600 сая долларын бонд авахаар тохиролцлоо. Өвөл хаяанд ирж бүх ажил зогсож байхад ийм юм хийж байна. Дахиад л баахан хүү төлөх биз.
-Саяхны Засгийн газрын хуралдаан дээр бондын мөнгийн гурваны хоёрыг ашиглаагүй үлдсэн гэж мэдээлсэн?
-Өчигдрийн мэдээгээр бол бондын мөнгөний гурваны хоёрыг нь ашиглаагүй үлдэж байгаа гэнэ. Би дээр хэлсэн, угтаа бол бүх төслүүдээ бэлэн болгочихоод бондын хөрөнгийг орж ирэнгүүт нь шууд ашиглах ёстой юм. Үүнтэй холбоотой бас нэг асуудал гарч ирээд байгаа юм. Анх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нэг ам.доллар хоёр ам.доллар болж үржих ашигтай салбарт бондыг ашиглана, аливаа төслийн 25 хувь нь бондын мөнгө байна гэж шийдвэр гарсан юм билээ. Жишээлбэл, 100 ам.доллар зарлаа гэхэд 33 нь бондын мөнгө, харин 67 нь хувийн хөрөнгө оруулалт байхаар тийм шийдвэр гаргасан гэж байгаа. Гэтэл өнөөдөр “Гудамж” төслийг хэрэгжүүлэхэд хувийн хөрөнгө оруулалт орсон уу гэвэл үгүй. Бүгдийг нь бондын мөнгөөр засаад дуусчихаж байгаа бололтой. Энэ төслөөс эргэж ашиг олдохгүй шүү дээ. Хэрвээ шийдвэрээ зөрчихгүй гэж үзвэл замын уулзвар болгоноос төлбөр авах хэрэгтэй болно. Аймгууд уруу тавьж байгаа зам ч ялгаагүй. Ингээд л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг улаан цайм зөрчиж байгаа юм. Өнөөдөр үүнийг хэн ч ярихгүй байна.
-Ядахад манай дотоод улстөрийн байдал их тогтворгүй байх юм. Юм л бол намаараа талцаж хуваагдаад л. Энэ талцлаас ард түмэн юу хожно гэж?
-Санал нэг байна л даа. Манай дотоод улстөрийн нөхцөл байдал анхнаасаа сөргөлдөх байр суурин дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд төрийн албан хаагчдыг хоморголж халсан нь нууц биш. Өмнө нь ажиллаж байсан туршлагатай хүмүүсийг хөөж явуулаад оронд нь намынхаа хүмүүсийг чихэж оруулсан нь бас үнэн. Энэ мэтээр манай шинэчлэгчид төрийнхөө уураг тархийг өөрсдөө саачихаад зүгээр хоосон вакум бий болгочихсон. Шинэчлэгчид цөөнхийн ажил хэрэгч саналыг хүлээж авдаггүй. Засгийн газрын ажилд хэтэрхий онгироо, зөрүүд, сагсуу ийм л үйлдэл давамгайлж байна. Тиймээс бид өнөөдөр иймдээ тултал хүндэрчихээд байгаа хэрэг. Манайхтай хөрш зэргэлдээ оршдог хамгийн гол харилцаатай Орос, Хятад Солонгос, Япон зэрэг орнуудын эдийн засаг, банк, санхүүгийн салбар нь тогтвортой байна. Гэтэл манайх ганцаараа сувайрч хямралд өртчихлөө. Манайх ганцаараа хямарч байгаа нь одоогийн эрх баригчид, төр, эдийн засгаа ямархуу удирдаж байгааг л харуулж байгаагийн баталгаа.
-Тэгвэл энэ хямрал, тодорхойгүй байдлаас гарах гарцийг Та юу гэж харж байна вэ?
-Геополитикийн асуудлыг нэгдүгээрт авч үзэх ёстой. Геополитекийн хувьд зэргэлдээх хоёр оронтойгоо учир зүйгээ ололцож явахгүй бол цаашид улам л хүндэрнэ. Урд хойд хоёр айлыг хуурч сэтгэлийг нь хөргөсөн нь үнэн шүү дээ. Миний Х.Баттулгатай төмөр замын асуудлаар мэтгэлцээд байгаагийн гол шалтаан тэр л байгаа юм. Зөвхөн төмөр замын асуудлаар гэхэд Оросуудыг бас Хятадыг хуурсан. Бүр цаашлаад Америк, Солонгосыг хуурсан. Эхлээд 1180 км төмөр замыг оросуудаар бариулна, Тавантолгойг өгнө гэж хуураад. Дараа нь хятадуудаар бариулна, ашигт малтмалын орд эзэмшүүлнэ гэж хуураад. Эцэст нь Тавантолгойд Хятад, Солонгосын компаниудыг оруулна гэж дахиад хуурчихсан. Ингээд байхаар бидэнтэй хэн хамтарч ажиллаж, найдвартай гэж үзэх юм бэ. Тиймээс эхлээд геополитикийн харилцаагаа сайжруулах алхам хийж учир зүйгээ ололцох хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголбанк Засгийн газрын дагавар хүүхдийнхээ байр сууринаас гарч, Монголбанкныхаа ажлыг хийх ёстой. Монголбанкны удирдлагууд ажлаа хийж чадахгүй бол өөрсдөө санаачлагаараа ажлаа өгөөд явцгаах хэрэгтэй. Оронд нь банкны ажлыг ном журмаар нь хийдэг хүнийг эрх баригчид өөрсдөө тавиг. Гуравдугаарт, гаднын хөрөнгө оруулалт улам цаашлахыг зогсоох арга хэмжээ авах ёстой. Гэхдээ бид алдаа гаргажээ хэмээн мянга дуулж, сайн хууль гаргасан ч нэгэнт хөрчихсөн сэтгэл амархан эргэж хэвийн болоход багагүй хугацаа шаардагдана. Сая Оюутолгойн нээлтийг хийнэ гэж хоёр удаа хойшлууллаа. Гаднын олон хүн дуудаж нээлт хийнэ гэж бужигнуулчихаад л тодорхойгүй шалтгаанаар хойшлуулдаг. Ингээд байхаар чинь Монголд хэн хөрөнгө оруулах юм бэ.
-Саяхан уул уурхайн хөрөнгө оруулагчдын томоохон чуулган боллоо. Тус уулзалтын үр дүн болоод өнгийг Та хэрхэн тодорхойлж суув?
-Уул уурхайн чуулга уулзалтын ерөнхий өнгийг харж байхад гаднынхны сэтгэл их хөрсөн харагдаж байна лээ. Хөрөнгө оруулагчид ч их бага ирсэн. Тиймээс гаднын хөрөнгө оруулалт Монголоос дайжиж байгаа явдлыг яаж зогсоох вэ гэдгээ эрх баригчид бодож олох хэрэгтэй. Бас энэ засгийн бүрэлдэхүүнээ яах юм бол.
-Засгийн бүрэлдэхүүнийг яана гэж. Юу гэсэн үг вэ?
-Засгийн газарт гаднынхан нэрийг нь сонсоод зугтах лав дөрвөн сайд бий. Энэ асуудалд эрх баригчид, Ерөнхий сайд анхаарал тавьж ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол хоёр хөрш болон гадныхантай харилцах харилцаанд нааштай хандлага гарахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид шууд нэрийг нь сонсоод айдаст автагддаг энэ сайд нарынхаа асуудлыг эрх баригчид ярьж чадах юм уу, үгүй юу. Хэрвээ чадахгүй бол асуудал улам л хүндэрнэ.
-УИХ-д өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар юу хэлэх вэ. Үнэхээр хөрөнгө оруулагчдыг эргүүлж авчрах хууль болж чадсан болов уу?
-Одоохондоо ирээгүй байгаа учраас нэг их сайн мэдээлэл алга. Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг гаргах нэг өөр. Харин хөрсөн сэтгэлийг эргэж дэвтээх гэдэг шал өөр асуудал шүү дээ. Монголчууд худлаа хууль гаргачихаад, эргээд жилийн дараа түүнийгээ хүчингүй болгочихдог гэдэг зүйл гаднынхны сэтгэл зүйд гүн хөлдсөн бол эргэж гэсэхэд маш урт хугацаа шаардана.
-Энэ бүх асуудал улстөр, төр засгийн тогтвортой байдлаас маш их хамаарах байх?
-Хуулийн тогтвортой байдал, төрийн тогтвортой байдал, бодлогын уламжлал гэдэг зүйл Монголд үгүй болсон. Өчигдөр хамтраад засаг барьж байсан нөхдүүд өнөөдөр өмнөх засаг уруугаа л дайраад байх юм. Өмнөхөө санадаггүй өвчин байдаг шүү дээ. Засгийн тэргүүн болоод бусад нөхдүүд нь яг ийм л өвчинд нэрвэгдсэн. “Чалко”, “Чалко” гээд л дайраад байдаг. Тэр “Чалко”-той гэрээ хийх ажлын хэсгийг Н.Алтанхуяг өөрөө ахалж байсан шүү дээ. Бүрэлдэхүүнд нь Сангийн сайд С.Баярцогт, манай Ч.Хүрэлбаатар орж байсан. “Чалко”-гоос оруулж ирсэн мөнгийг Хүний хөгжил санд хурааж 21 мянган төгрөгийг тавьж өгөх ажлыг С.Баярцогт хийж байсан. Тэгсэн хэрнээ өнөөдөр “Чалко”-той балай гэрээ хийсэн, хүчингүй болгоно гэж хагас жил дайрлаа. Тэгээд явж, явж 50 ам.доллараар нүүрсээ гаргачихаж байгаа юм даа.
-Төсвийн асуудал их бүрхэг байгаа юм биш үү. Энэ жилийн төсвийн орлого маш их тасалдаж байгаа?
-Төсвийн алдагдал цадигаа алдаж байгаа шүү дээ. Төсөв нэг их наяд 500 орчим тэрбум төгрөгөөр тасарч байгаа гэж ярьж эхэлж байх шиг байна. Гэтэл үүнийг хэвийн юм шиг яриад байх юм. Ийм байдалд хүргэсэн хоёр л шалтгаан бий. Нэгдүгээрт, эрх баригчид байгаа боломжоо зөв тооцохгүйгээр төсөв батлуулсан. Тухайлбал, нэг тонн нүүрсийг 160 ам.долларт хүрнэ гэж тооцож байгаа юм даа. Тийм юм байдаггүй л байхгүй юу. 2006-2007 онд угаасан коксжих нүүрс 100 ам.доллар л гарч л байсан. Гэтэл угаагаагүй нүүрсийг тэгж өндөр тооцож л байдаг. Мөн нэг тонн зэсийг 8160 байна гэж тооцсон, одоо 7000-тай байгаа. Ингэж уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хэтэрхий өндрөөр тооцож төсөв хийсэн. Хоёрдугаарт, одоо мөрдөж байгаа хуулиар зураггүй барилга байгууламжийг санхүүжүүлэхгүй, төсөвт түүнийг тусгахгүй гэж заасан байдаг. Гэтэл миний мэдэхийн 70 гаруй зураггүй барилга оруулж ирээд батлуулчихсан. Чуулган дээр цөөнх энэ тухай яриад бараагүй. Энэ жил 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой. Өнөөдрийн байдлаар энэ санхүүжилт багагүй хэмжээгээр тасалдаж байна. Төсвийн хуулиар нэг суманд дунджаар 200-300 сая төгрөгийг сумын хөгжлийн санд өгөх ёстой. Гэтэл сум болгонд дөнгөж 70 саяыг нь өгч байгаа бололтой. Энэ мэтээр төсөв дампуураад дууслаа. Угаасаа буруу тооцсон төсөв, дээрээс нь ус ихтэй төсөв болсон.
-Тэгэхээр ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийх шаардлага гарах л юм байна даа?
-Төсвийнхөө тодотголыг уг нь ярих л ёстой. Гэтэл ээлжит бус чуулган дээр төсвийн тодотголыг ярихгүй шинжтэй байна лээ. Одоо худлаа хэлж аргацаах тийм л арга уруугаа орж байх шиг байна.
-УИХ-ын дарга З.Энхболд эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бид угсруулсан арга хэмжээ авч байгаа гэсэн шүү дээ?
-УИХ-ын дарга “Бид угсруулсан олон арга хэмжээ авч төгрөгийн ханшийг зориуд унагаж байгаа юм аа” гэсэн зүйлийг хэлж байна лээ. Яг үнэндээ эд нар ямар ч угсраа арга хэмжээ аваагүй. Эрх баригчид юу хийвэл, юунд хүрэх вэ? гэдгийг ч тооцож чаддаггүй, ингэж хэлснээрээ тэд эдийн засгийг удирдаж чадахгүй байгаагаа л харуулж байгаа хэрэг. Байшингын үнэ нь өсөөд ирэхээр битгий худалдаж ав гээд, төгрөгийнхөө ханшийг унагачихаад бодлогоор унагасан, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргачихаад бас угсраа бодлого явуулсны үр дүнд гэж яаж хэлж чадаж байна аа. Тэдэнд ичих нүүр алга, ард түмнийг хэтэрхий басамжилж байна.
-Бас Ерөнхий сайд эдийн засаг хямраагүй гэсэн. Гэтэл Уул уурхайн сайд гадаадын хөрөнгө оруулалтын салхи удахгүй Монгол уруу эргэнэ гээд байгаа?
-Уул уурхайн сайд тэгж яриад, Ерөнхий сайд нь эдийн засаг хямраагүй гээд хэлчихээр хямрал болдоггүй гэж хэн яриад байгаа юм. Байдал хүндэрч байгааг жирийн иргэн талх худалдаж авахдаа мэдэрч байна. Ийм зүйлийг харсаар байж амьдрал хэвийн гэж ярьж байгаа хэнэггүй толгойтнууд зүгээр л “чадахгүй” гэдгээ хэлээд зайлаад өгөх хэрэгтэй. Тэр чаддаг хүмүүст өгөх хэрэгтэй. Харин би Ардын намд өг гэж хэлж байгаа юм биш шүү. Чаддагт нь гэж тодотгож хэлж байна. Ийм дүлий, мэдрэмжгүй, балмад юм байж болохгүй.
-Үнэхээр ард түмнийхээ төлөө чадахгүй гэдгээ хэлээд явчих зориг эрх баригчдаас гарах болов уу даа?
-Тийм зориг хэзээ ч гаргаж чадахгүй, тэд. Дахиад л угсраа, балмад алдаануудаа гаргаад улам л хүндрүүлээд байх болов уу л гэж санаа зовж байна. Улс орны эдийн засаг нэг уначихаараа эргэж босоход асар их хугацаа, хөрөнгө шаарддаг. Эд нар 2000 онд бас л ийм хэцүү байдалтай болгочихоод явсан. Ганцхан суудалтай, Америк зугтах нь зугтаад гараад явчихсан. Тухайн үед Ардын нам засаг байгуулж би Хуулийн сайд, Ч.Улаан Сангийн сайдаар ажилласан. Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан. Бид бүтэн хоёр жил ноцолдож байж 2002 оны зургадугаар сард Монголын эдийн засгийн уналт зогссон. Дөрвөн жилийн хоёр жилд нь түрүүчийн бий болгосон эдийн засгийн уналттай л ноцолдсоор байгаад дуусгасан. Гэтэл одоо бас тийм зүйл болж байна. Монгол Улс бол ажил амьдрал зүгширчихсэн орон биш шүү дээ. Эдийн засаг, улстөр, нийгмийн асуудалд их болгоомжтой хандаж, зөв шийдэл гаргахгүй бол нэг л буруу шийдэл гаргачих юм бол асар их хохирол амсдаг. Ийм нөхцөлд байгаа гэдгээ одоогийн эрх баригчид ерөөсөө мэдрэхгүй, ойлгохгүй явна. Энэ тухай ганц нэг үг хэлсэн гишүүдээ гадуурхаж, ганцаардуулсаар байна. Нөгөө фракц гэдэг юмны ид шид ингэж гарч ирж байгаа юм. Бүх эрх, ашиг, төсөл, мөнгө төгрөг, өөрөөр хэлбэл нөлөөллийн бүсээ хуваагаад авчихсан. Эдний фракцууд цадаж байвал эх орон ард түмэн ярьшиг л байдаг байхгүй юу.
-Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хэлэхдээ “Бид өмнөх Засгийн газрын шавар шавхай, баасыг цэвэрлэж байна” гэсэн?
-Өмнөх Засгийн газар гэдэг чинь Н.Алтанхуяг өөрөө гэсэн үг. Өмнөх засаг гэдэг чинь бас Ардчилсан нам гэсэн үг. Би Ардын намыг хариуцлагаас холдуулах гэж үүнийг ярьж байгаа юм биш. Эд нар гавьяаг нь ярих болохоор “бид” гээд, гайтайг нь болохоор өмнөх засаг уруу чихээд байх юм. Нарийн ярих юм бол одоогийн Хөшигтийн хөндийн буудал Ардчилсан намд ямар ч хамаагүй. Яагаад гэвэл Хөшигтийн хөндийн зээлийг Японоос авах шийдвэрийг Ардын нам засаг барьж байхдаа гаргуулсан. Өмнөх засгийн үед хийж байсан сайныг нь өөрсөддөө тохож шоу хийдэг, муу зүйл гараад ирэхээр бидэн рүү чихдэг нэг ийм өөдгүй юм л бүтэн жил хийлээ. Тэгээд эд юу хожив. Үүнийг ард түмэн ойлгож л байгаа. Жишээлбэл, эрх баригчид энэ жил 1700 км зам ашиглалтад өгнө гэж байна лээ. Энэ бол ёстой худлаа. Тэр 1700 км замын 300 км нь л Ардчилсан нам засаг авснаас хойш эхлүүлсэн зам. Үлдсэн 1400 км нь өмнөх засгийн үед баригдаж байсан ажил. Сая Баянхонгорын замыг нээж тууз хайчилсан. Түүний 70 хувь нь өмнөх Засгийн газрын хийсэн ажил.
-ОХУ, Хятадад нүүрс экспортлож эхэлсэн. Тэгэхээр манай нүүрсний гол зах зээл болох Хятад Оросоос нүүрсээ авахаад эхлэхээр манай эдийн засгийн байдал улам л хүндрэх байх?
-Их гүрний геополитикийн бодлого гэж их том юм бий. Геополитикийн хувьд ашигтай гэж үзэх юм бол мөнгө мөнгө биш болж хувирдаг. ОХУ-ын Сибирь бол огт үүцээ задлаагүй газар. Асар баян, бүр манайхаас баян. Манайх ингэж хоёр талыг хуурч Тавантолгой ярьж байх хооронд ОХУ-ын манайхтай төмөр зам барих асуудлаар гэрээ, хэлцэл хийж байсан хүмүүс Читад нүүрсний уурхайгаа нээгээд төмөр замаа бариад эхэлчихлээ. Мөн Хятадын дарга солигдсоныхоо дараа Орост айлчлахдаа 34 гэрээнд гарын үсэг зурсан. Ямар, ямар гэрээнд гарын үсэг зурсныг нь манай эрх баригчид мэдэж байгаа юм уу. Тэр дотор түлш, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах явдал бараг нэг номерт бичигдсэн. Урд айл Австралиас, Оросоос авдаг нүүрснийхээ хэмжээг нэмэгдүүлсэн. Ийм ийм геополитикийн орон зай байгааг мэдрэхгүй байсаар байгаад л зах зээлд алдаж байна. Эрх ашгаа ч алдлаа.
-Манайх далайд гарцгүй орон учраас өөр боломж байхгүй?
-Угаасаа байхгүй. Бурхан багшаас заяасан өгөгдөхүүнээрээ энэ хоёр хөршийн дунд бид мөнх амьдрах нь ойлгомжтой. Үүнийг хэн ч, яагаад ч өөрчилж чадахгүй. Монголын эрх ашгийг хамгаалж энэ хоёр их гүрэнтэй зөрөх ямар ч улс орон байхгүй. Бид хаана оршдог, хэнтэй харьцаж байгаа гэдгээ огт тооцохгүй байна. Хятадын шинэ дарга хойд айлд очоод сүүлийн үед хийгээгүй маш том айлчлал хийсэн. Орос, Хятадын хоёр том дарга ойрын арваад жил энэ хоёр их гүрнийг удирдана, үүнтэй хэн ч маргахгүй. Тийм өндөр хэмжээний уулзалт болж, хоёр их гүрэн харилцан бодлогоо уялдуулж байхад манай Ерөнхий сайд “Хоёр хүн уулзаа л биз” гэж байгаа юм даа. Энэ юу болж байна. Уг нь энэ хоёр орон яаж хамтарч ажиллаж байна, энэ хамтын ажиллагаанд бид яаж эрх ашгаа хамгаалж ажиллах ёстой вэ гэдгийг бодож, ярьж сууж ёстой биз дээ. Манай Ерөнхий сайдын хэлж байгаа үг хоёр хөршийн нэгдүгээр хүмүүсийн чихэнд маргааш нь л хүрнэ биз дээ. Харамсаад баршүй алдаа. Зөвхөн улстөрийн ийм алдаа хийснийхээ төлөө огцрох ёстой юм уг нь.
-Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Засгийн газарт зөвлөгөө өгч хамтарч ажиллахаар болсон. Ингэхдээ эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ажлын байр гэх асуудлын хүрээнд ажиллах юм гэсэн. Харин үүнд уул уурхайн асуудал багтаагүй нь зарим хүнд хардлага төрүүлээд байгаа юм билээ. Харин Таны хувьд юу гэж бодож байна?
-Эрх мэдлээ өгөөд удаж байгаа хүнтэй хамтарч ажиллаад яах вэ дээ. Яагаад гэвэл ганц ч төгрөгийн мэдэлгүй хүн шүү дээ. Албан ёсны засагтай нь хамтарч ажиллаж чадахгүй байж. Наадах чинь нэг их сонирхоод байх сэдэв биш. Засгийнхний хийх дуртай ээлжит реклам. Эд нар ээлжит хүн хуурах зүйлээ л хийж байгаа биз.
-Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн ажлыг дүгнэвэл?
-Эд нар бүх зүйл өмнөхөөсөө унасны нэг жилийн ойг л тэмдэглэж байна. Хууль, эдийн засаг, нийгэм гээд бүх зүйл ухарсан. Улс орныг 1.5 тэрбум ам.долларын өрөнд оруулсны нэг жилийн ой болж байна. Би бүх зүйлийг хараар будах гэсэн дээ ингэж хэлж байгаа юм биш. Улаанбаатар хотын замын түгжрэлийг сааруулах чиглэлээр хийж байгаа ажлууд бол муу ажил биш. Үүнийг дэмжих ёстой ажил. Гэхдээ “Гудамж” төслийг хэрэгжүүлэхдээ ямар мөнгөөр хийж байна, ямар өртгөөр хийж байна гэдэг дахиад асуудал үүсгэж байна. Дэлхийн төвшинд нэг км автозамын дундаж өртөг нэг сая ам.доллар байдаг юм. Гэтэл манайхан нэг км замыг дунджаар 300 сая орчим төгрөгт барихаар тооцдог байсан. Гэтэл сая дөрвөн км замыг 13 тэрбум төгрөгөөр барихаар боллоо гэх мэдээг телевизээс сонслоо. Тэгэхээр энэ бондын мөнгө зөв зүйтэй зарцуулагдаж байна уу гэдэг нь асуудал дагуулж байгаа биз. Уг нь УБ хотын замыг бариулдаг, засуулдаг хүн нь Бат-Үүл шүү дээ. Дээр нь замын яамыг толгойлдог ухаантай А.Гансүх гэж нэг сайд байдаг байх аа. Гэтэл эдийн засгийн яам “Гудамж” төслийг хэрэгжүүлж байна. Н.Батбаяр бондын мөнгийг баруун гараараа оруулж ирчихээд солгой гараараа өдөр шөнөгүй цацаж байх шиг. Үүний цаана муу юм их л болж байгаа даа. Цаг нь болохоор бүх юм ил болно.
-УИХ-ын ээлжит бус чуулганаар эдийн засгийн хямралаас гарах гарцын талаар хэлэлцэнэ. Тэр гарцаа олж чадах болов уу?
-Бараг чадахгүй дээ. Хөрөнгө оруулалтын хууль гэдэг юмаа батлаад өнгөрсөн жилийн тавдугаар сарын балай хуулийг хүчингүй болгоод тэгээд л дуусах байлгүй дээ. Ерөөс хуулиар итгэл ургуулна гэж байдаггүй юм. Итгэл нэг унтрах юм бол эргэж сэхэхэд хэцүү гэдгийг би хэлсэн. Монголд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сүүлийн арваад жилд бий болгож чадсан. Үүнд Оюутолгойн Фрийдланд гэдэг хүн их тус нэмэр болсон. Харамсалтай нь бид тараа таниулж итгэл алдчихлаа. Дахиад энэ итгэл бий болоход хэцүү. Ер нь энэ улстөрд орж ирж байгаа эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй, хагас галзуу, телевизийн өмнө гарч чарлахаас өөр юм мэдэхгүй, юм болгон уруу дайрч байдаг ийм хүмүүс мөн ч их бий болж хангалттай гай зовлон авч ирж байна. Эд нар ингэж чарлаж орилж байгаад дараачийн сонгуулиар зайлцгаана, эх орон, ард түмэн хоёр ард нь хэцүүдээд үлдэнэ. 2008 оны сонгуулийн дараа УИХ-д юм болгоныг эсэргүүцэж байдаг хэсэг хүн Ардын нам, Ардчилсан намын бүлэгт гарч ирсэн. Ардчилсан намынхныг “Талибанчууд”, Ардын намынхныг “Бенладенчууд” гэж бид жижиг хүрээнд шоглодог байсан юм. Гадныхан дайжиж тэдний хөрөнгө оруулалт буурахад энэ “Талибан” бүлэглэл үнэлж баршгүй “гавъяа” байгуулсан. Тэдний зарим нь одоо байнгын хорооны дарга, сайд болчихоод төрийн ажлыг бүрмөсөн алах ажлаа хийж байна. Хувь заяаны шоглоом гэдэг л болж байна даа.
Эх сурвалж: www.unen.mn