Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.17-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлэлцэх ёстой Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн агуулга, энэхүү хуулийг яагаад санаачлах болсон эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан юм. Тэрээр "Монгол Улсад 112 оны 12 мянгаад аж ахуй нэгж бүртгэгдэж, 14 гаруй тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Энэхүү хөрөнгө оруулалтын 80 хувь нь нь 2008-2012 онд хийгдэж. Мөн онцлох нэг үзүүлэлт нь хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг буюу 74 хувийг дангаар геологи, уул уурхайн салбарт хийсэн аж. 2012 оны гуравдугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч эхэлсэн бөгөөд 2013 оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 гаруй хувиар буурч. 2010-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдэхэд нөлөөлсөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болсон нь хөрөнгө оруулалтын өсөлтийн хэмжээ буцаад байрандаа ирэхэд ч нөлөөллөө" гэв.

Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, таатай, баталгаатай хууль эрх орчин бүрдэнэ гэж үзэж буй аж. Тодруулбал, энэ хуулийн төслийг УИХ-аар баталсан тохиолдолд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болоод оны өмнө баталж байсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиуд хүчингүй болох аж.

Хөрөнгө оруулалтын хуулийн төслөөр дараах томоохон зарчмын асуудлыг зохицуулахаар тусгажээ. Хамгийн эхэнд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрхзүйн зохицуулалт үйлчлүүлэхээр болжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын “Монголчууд байн байн хөрөнгө оруулалтын хуулиндаа хүрдэг, өнөөдөр баталсан хуулинд нь итгэхэд хэцүү” гэж гомдоллодог. Хөрөнгө оруулагчдад энэ удаад батлах хуулийнхаа тогтвортой байдалд итгүүлэх зорилготой зохицуулалт оруулсан нь “хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүй” хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж тусгасан байна.

Түүнчлэн одоогийн эрхзүйн зохицуулалтад стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл харилцаа холбоо гэсэн салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байхаар болсон аж. Мөн цааш нь гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн гэж ангилж, хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарах тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байхаар төлөвлөсөн байна.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгажээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж