

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төрийн ордны арын хашаанд байрлах Тамгатай хөшөөний урд “Гал үндэстэн холбоо”-ны нэр бүхий гурван хүн галт зэвсэгтэй явж байсныг Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид саатуулан, улмаар Тагнуулын ерөнхий газар харьяалалын дагуу хэргийг шалгаж байгаа ажээ. Цагдаагийн байгууллагаас тэр даруй Төрийн ордны арын хашааны гадна талыг хамгаалалтад авч, хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 370 тоот захирамжийн дагуу албадан тарааж, захиргааны арга хэмжээ авахуулсан байна.
Өглөөний 10:28 цагт Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнгээс гар бөмбөг олдлоо гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний дагуу холбогдох албадууд үзлэг шалгалт явуулж, аюулгүй болгон хураан авчээ. Үүний дараа 13:50 цагийн үед Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд “Централ тауэр”-ын урд талын хогийн сав болон БОНХЯ-ны урд талын цэцгийн мандал орчимд тэсрэх аюултай зүйл тавьсан” гэсэн мэдээлэл ирсэн тул цагдаагийн байгууллагын зүгээс хойшлуулшгүй арга хэмжээ авч ажилласан байна. Ингэхдээ “Централ тауэр”, БОНХЯ, Уул уурхайн яам, Татварын ерөнхий газрын дотор болон гадна байсан иргэд, автомашинуудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, ЦЕГ, ТЕГ, ЗХ-084 анги, Онцгой байдлын байгууллагууд хамтран ажиллаж, үзлэг шалгалт хийснээр тэсрэх бодисыг олж илрүүлжээ.
Тодруулбал, 15:30 цагийн үед “Централ тауэр”-ын барилга доторх хогийн савнаас тротил хэмээх тэсрэх бодис олсон бол 17:30 цагт Уул, уурхайн яамны урд талын цэцгийн мандал дороос мөн дээрх бодисыг илрүүлж, ТЕГ, ЗХ-084 анги, Онцгой байдлын байгууллагуудтай хамтран аюулгүй болгосон байна. ТЕГ, ЭЦГ, МБГ-ын хамтарсан ажлын хэсэг эл хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 177.1, 91.2.13 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж.
Цагдаагийн байгууллагынхан илэрсэн бодисыг мэргэжлийн байгууллагууд хамтран аюулгүй болгосон тул иргэд сандрахгүй тайван байж болохыг сануулаад, аж ахуйн нэгж байгууллагууд харуул хамгаалалтаа сайжруулж, байгууллагын дотоод аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг явуулж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Цагдаагийн байгуулага одоо хэргийн газрыг бүрэн хяналтанд авч, эргүүл шалгалтыг зохион байгуулан, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа ажээ.
Б.БАТ