Ц.Мөнхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэжээ

"Гал

үндэстэн" холбооноос өнөөдөр зохион байгуулсан жагсаалаас үүдэн гарсан асуудлаар Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнэ өгөв.

Албаны хүмүүсийн мэдээлснээр өнөөдөр өглөө 10.30 цагийн үед Төрийн ордны хамгаалалтын бүсэд Урт нэртэй хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нарын хүмүүс гранат, галт зэвсэгтэй нэвтэрч, олон нийтэд заналхийлж, төрийн албан хаагчийн амь насанд халдахыг завдаж, тагнуул цагдаагийнхны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн 177, 191 дэх зүйл ангийг үндэслэн Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Өнөөдөржин олны анхаарлыг татсан энэ үйл явдал өрнөх явцад Төрийн ордны арын цэцэрлэгээс гадна Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, "Central Tower" зэрэг барилгыг шалгаж, эдгээр гурван газраас нийт гурван буу, 7,62 мм-ын голчтой 36 ширхэг сум, есөн ширхэг гар гранат, бусад тэслэгч илрүүлж, хураан авчээ. Гэхдээ хаанаас аль зэвсгийг нь олсон талаар албаныхан нарийвчилсан мэдээлэл хэлсэнгүй /Хурааж, илрүүлсэн галт зэвсгийн зургийг дор нийтлэв/.

Тагнуулын байгууллагынхан өнөөдрийн жагсаал цуглааны үеэр хүн бэртэж гэмтээгүйг мөн албан ёсоор мэдэгдээд, хэргийг шалгаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Буун дуу гаргасан бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.


С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж