
19 дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн дэлхийн цомын тэмцээн анх удаагаа Африк тивд зохиогдож буйгаараа онцлогтой. Йоханнесбург хотын 94 мянган хүний суудалтай Soccer City цэнгэлдэхэд тэмцээний нээлтийн ажиллагаа болох бөгөөд мөн энэ цэнгэлдэхэд нээлтийн тоглолт болох зохион байгуулагч Өмнөд Африк болон Мексикийн багийн тоглолт болох учиртай.
Өдгөө 91 настай Өмнөд Африкийн экс-ерөнхийлөгч Нельсон Мандела нээлтийн ажиллагаанд оролцох боловч эхнээс дуустал цэнгэлдэхэд байж чадахгүй, учир нь түүний гэр бүлийнхэн эрүүл мэндэд нь санаа зовж байгаа юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа Монголын цагаар 20.00 цагаас эхлэх бөгөөд зохион байгуулагчид нээлтийн ажиллагаа 40 минут үргэлжлэх талаар мэдэгдсэн билээ. 22.00 цагаас тэмцээний эхний тоглолт эхлэх хүртэл нийт 1581 дэлхийд алдартай уран бүтээлчид ая дуугаа өргөх бөгөөд тэдгээрийн дунд Америкийн R’n’B од R.Kelly байгаа юм.
Ерөнхийдөө дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэдийнэ эхэлчихсэн гэж болно. Тодруулбал, тэмцээний өмнөх оддын гала тоглолт өчигдөр Советод болсон бөгөөд энэ үеэр дуучин Shakira дэлхийн аваргын албан ёсны дуу болох Waka Waka-г тайзнаа амилуулжээ. Мөн түүний хамт Black eyed peas хамтлаг, дуучин Alicia Keys, Африкиийн одод болох Amadou & Mariam, Hugh Masekela нарын олон улсын одод тоглолтод оролцсон байна.
Анх 2004 онд дэлхийн аваргыг зохион байгуулах эрхээ авсан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс тэр цагаас хойш дэлхийн аваргын цэнгэлдэх, зам тээвэр, дэд бүтэц болон нисэх онгоцны буудлуудыг сэргээн сайжруулах зэрэг бэлтгэл ажилд нийт 40 тэрбум рэнд буюу 3,55 тэрбум фунт стерлинг зарцуулжээ. Урьдчилсан тооцоогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээн улсын эдийн засгийн байдалд таатай нөлөө үзүүлэх бөгөөд 2010 онд тус дотоодын нийт бүтээгдэхүүн 0,5 хувиар өснө хэмээн тооцоолж байгаа юм. Түүнчлэн тэмцээний үеэр нийт 370 мянга гаруй гаднын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах бололтой.
Африк тивийн хамгийн том цэнгэлдэх болох Soccer City-гээс гадна бусад есөн хотод дэлхийн аваргын тоглолтууд зохиогдоно. Тэмцээний нийт 64 тоглолтоос хамгийн чухал, хамгийн сонирхолтой финалын тоглолт долдугаар сарын 11-нд Soccer City цэнгэлдэхэд болох юм.
С.Цэлмэг