
Эхний төлөвлөлтөөр “Авто худалдааны цогцолбор”-ыг СХД-ийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт Хотын шинэ төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон 2030 оны хөгжлийн чиг хандлагын авто замын сүлжээтэй уялдуулан байгуулахаар төлөвлөсөн байна. Авто худалдааны цогцолборт худалдаа, үйлчилгээ болон оффисын барилга, авто экспо төвийг төлөвлөсөн бөгөөд тус төвд олон улсын чанартай үзэсгэлэн, яармаг худалдаа зохион байгуулах боломжтой гэж тооцоолж байгаа юм. Мөн автомашины худалдаа, түрээсийн болон нарнаас эрчим хүч хураагчтай саравч бүхий задгай зогсоолыг төлөвлөлтөд тусгаж, худалдан авагч нарт зориулан туршилт хийх хатуу хучилттай автозам байгуулах юм. “Авто худалдааны цогцолбор” бүрэн ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурахаас гадна иргэд нэг дороос худалдаа хийх таатай боломж бүрдэх юм. Эхний ээлжинд цогцолбор байгуулах 130 га газрыг нийслэлийн ЗДТГ-т таван жилийн хугацаатай эзэмшүүлэх бөгөөд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батална. Ингэснээр техникийн захуудыг төвлөрүүлж, “Авто худалдааны цогцолбор” байгуулах ажил албан ёсоор эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.