Эрүүл мэндийн салбарыг Н.Удвал хатагтай толгойлсноос хойш энэ салбар нэг л болохгүй, бүтэхгүйгээр дүүрчихээд байгаа. Улстөржсөн эмчээс болж нэгэн нярай нас барсан бол согтуу сувилагчийн балгаар өнгөрсөн өвөл дөнгөж төрсөн нярайг халуун усаар шалзалсан хэрэг гарсан. Тэгвэл саяхан бас нэгэн согтуу эмчээс болж нэгэн нярай тархины цэс харвалт болж амьд, үхсэний хооронд байгаа. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь салбартаа анхаарлаа хандуулахгүй, улстөрийн хонжоо хийж, албан тушаалын хэрүүл хийсээр байна. Үүнийг нь дэд сайд Ж.Амарсанаа нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж, төрийн нарийн бичгийн даргын асуудлыг хууль бусаар шийдвэрлэснээс болоод яамны зарим дарга нарын томилгоог хийж чадахгүй байгаа талаар ярьжээ. Н.Удвал сайд өмнөх Төрийн нарийн бичгийн дара болох Ж.Хатанбаатарыг халж, оронд нь А.Эрдэнэтуяаг томилох шийдвэр гаргасан. Тэгвэл Төрийн албаны зөвлөлөөс А.Эрдэнэтуяаг хууль зөрчсөн, тиймээс Н.Удвал сайдын томилгоог хууль бус гэж үзсэн юм. Салбарын сайд А.Эрдэнэтуяа гэгчийг хууль бусаар яамандаа “ шахах”-ыг оролдож байгаагаас болоод эмнэлгүүдийн засвар үйлчилгээг цагт нь хийж чадахгүй, тэр бүү хэл тендерийг нь зарлаж чадахгүй байгаа гэнэ. Мөн зарим дарга нарын томилгоог өнөөг хүртэл шийдээгүй байгаа юм байна. “Энэ бол манай яамны, бидний буруу” гэдгээ дэд сайд нь хүлээснээс харахад Н.Удвал авгайн хууль бус үйлдлээс болоод Монголын эрүүл мэндийн салбарын ажил уналтад оржээ.
Н.ГЭГЭЭ