
Талибаны зэвсэгт босогчид долоон настай хүүхдийг өөрсдийг нь тагнахаар оролдсон хэмээн цаазалсан байж магадгүй талаар Афганистаны өмнөд мужийн албаны хүмүүс өчигдөр мэдэгдсэн. Хүүхдийг Хелманд мужийн Сангин дүүрэгт мягмар гаригт цаазалсан байж магадгүй гэж тус мужийн захирагчийн хэвлэлийн төлөөлөгч Давуд Ахмади мэдэгдсэн. Өмнө нь зэвсэгт босогчид тагнуул хийсэн хэргээр өөр хүмүүсийг мөн алж байсан. Одоогоос гурван жилийн өмнө тус мужийн Муса Кала дүүрэгт 70 настай эмэгтэйг хүүхдийнх нь хамт алсан хэрэг гарсан гэж Ахмади хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан. Энэ асуудлаар Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай хэвлэийн бага хурал хийхдээ үүнийг буруушааж байна гээд энэ хэргийг албаны хүмүүс шалгаж эхлээд байна гэж мэдэгдсэн. “Дэлхий дээр үүнээс илүү ноцтой гэмт хэрэг гэж үгүй. Долоон настай хүүхэд долоон настай хүүхэд л байж чадахаас тагнуул байж чадахгүй. Тиймээс долоон настай хүүхдийг буудаж юм уу дүүжилж ална гэдэг бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж тэр ярьсан байна. “Хэрвээ энэ үнэн бол аймшигтай хэрэг. Хэрвээ энэ үнэн бол энэ явдал Талибчуудын талаар ямар ч ном, ямар ч өгүүллэг, ямар ч илтгэл өгүүлж чадахаас илүү ихийг илэрхийлж байна” гэж Кабул хотоор ажлын айлчлалаар дайрсан Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон ярьсан байна.
Т.Бадрах