Рио тинтод явуулсан захианы агуулгаа хэрэгжүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Рио тинтод явуулсан захианы агуулгаа хэрэгжүүлэх ёстой

Ц.Сэдванчиг: Миний нэрийг ашиглаж "Рио тинто"-д явуулсан захианы агуулгаа засгийн газар хэрэгжүүлэх ёстой

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчигийг “Ярил­цах танхим”-д урьж, ярилц­лаа. Тэрбээр ажлаа хүлээлгэж өгснөөс хойш анх удаа албан ёсоор ярилцлага өгч буй нь энэ юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цензурдэж байсан түүний ярилцлагыг “Улс төрийн тойм” сонин, www.ipost.mn сайт уншигч та бүхэндээ хүргэж байна.

-“Эрдэнэс Оюутолгой” ком­панийн гүйцэтгэх за­хирлын албан тушаалаасаа буухтай зэрэгцээд өөрийг тань тойрсон олон асуулт гарсан. Тэдгээрийн нэг нь “Монголын төр хөрөнгө оруулагчидтай зөрчилдөх шалтгаан нь Ц.Сэдванчиг гэх хувь хүн болов уу” гэх асуулт. Ярилцлагын маань ерөнхий сэдэв үүнд чиглэх учир юун түрүүнд таныг анх ямар яриа хөөрөөний үндсэн дээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлын албанд очсныг тань тодруулъя?

-Нэг их яриа хөөрөө болоод хөөцөлдөж гүйсэн зүйл байхгүй ээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр намын зарим нөхөр санал болгоод Ерөнхий сайд дэмжсэн юм.

Хувь хүнийхээ хувьд ч тэр, хариуцлагатай албан тушаалд томилогдсоноо бодсон ч тэр чад­лынхаа хэрээр орныхоо эрх ашгийг хамгаалахын төлөө сэтгэл, хүчээ зориулж ажилласан өдрүүд байжээ.

-Та Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд шүүмж­лэлттэй ханддаг. Тухайн үед энэ талаараа Ерөнхий сайдтай санал солилцсон уу?

-Үгүй. Харин ажлаа авсан даруйдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг хоёрт “Монголчуудынхаа төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана” гэж мессеж бичиж байсан.

-Уучлаарай, Ерөнхий сайдын ирүүлсэн хариуг сонирхож болох уу?

-“Амжилт хүсье” гэсэн хариу өгч байсан.

-Таныг гэрээнд шүүмжлэлтэй ханддагийг хөрөнгө оруулагчид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх байх. Энэ утгаараа тэдэнд танаас эмээх, болгоомжлох сэтгэгдэл төрж байсан болов уу?

-Анх тэгж их ач холбогдол өгч байсан нь юу л бол доо. Харин анх “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал асан Камерон МакРейтэй уулзахад “Таны өмнөх захиралтай хамтарч ажиллахад хүндрэлтэй байсан” гэж хэлж байсан. Тэр үгнийх нь агуулгад ач холбогдол өгөх юм бол намайг харин ч  хамтарч болох хүн гэж ойлгож байсных болов уу.

-Магадгүй “Эрдэнэс Оюу­толгой” компанийн захирал болж байгаа хүний хувьд асуудалд уян хатан хандах хэрэгтэй шүү” гэсэн зөвлөгөөг танд хэн нэгэн нь өгсөн байж болох юм. Ерөнхий сайд ч юм уу?

-Үгүй ээ. Харин Д.Ганхуяг сайд “Нөхөр минь, чи явж, явж хэл амтай ажил авлаа. Сайн, муу бүхэн нь чи бид хоёртой холбогдоно шүү дээ” гэж хэлж байсан. Би хувь хүнийхээ хувьд учирсан, таарсан, хамтарсан бүхэнтэй тэрсэлдээд явдаггүй болохоор надад түүнээс өөрийг захих шаардлага байхгүй байсан болов уу.

“ХЭРЭВ ТАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД НАР БАЙР СУУРИА ӨӨРЧИЛЖ БАЙГАА БОЛ БИД ГАНЦ Ч АМ.ДОЛЛАР ӨГӨХГҮЙ” ГЭСЭН

-“Рио Тинто” группынхэнтэй та хэдэн удаа уулзсан бэ. Уул­залтын уур амьсгалаас бүгдийг нь биш юм гэхэд яг гол төвлөрч хэлэлцсэн асуудлаасаа дэлгэхгүй юу?

-Уулзалтын тоо­гоо алдсан. Би ажлаа аваад л “Оюутолгой” ком­панийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж хуримтлагдсан асуудлаа шийдэх санал тавиад дэмжлэг авсан. Тэр дагуу  хурлын бэлтгэлийг хангах манай  ажлын хэсэг “Рио Тинто”-оос ирсэн ажлын хэсэгтэй олон удаа уулзсан. Энэ үед Монголын тал төсөлтэй холбоотой  бүх асуудлаа манай улсын хууль, гэрээтэй нэг бүрчлэн  холбон  дэлгэрэнгүй итгэл тавьж тэдэнд ойлгуулахаас ажлаа эхэлсэн дээ. Үүний үр дүнд хоёр ч удаа хувьцаа  эзэмшигчдийн хурлыг хийсэн. Мөн Ерөнхий сайд, түүний захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсгийн дөрвөн сайдтай олон удаа уулзалт зохион байгуулсан. Уулзалтууд ажил хэрэгч болдог байсан. Хааяа уулзалт, хурал дээр санал зөрөлдөх тохиолдол байсан. Хоёрдугаар сарын 6-нд болсон хувьцаа эзэмшигчдийн хурал л гэхэд нэлээд ширүүхэн уур амьсгалтай болсон. Хуралд оролцсон манай сайд нар Уул уурхайн яам эсвэл Төрийн ордонд хурлаа хийх гэтэл “Рио Тинто” “Оюутолгой” компанийн оффис дээр хийнэ гэж санал зөрөлдөөд хурлаа хойшлуулахад хүрч эцэст нь дундын хувилбараар Их тэнгэрт очиж хийсэн. Тэр үед “Рио Тинто”-ийн нөлөө бүхий нэг группын захирал маш сонин мэдэгдэл хийсэн юмдаг.

-Юу гэж тэр вэ?

-Хувьцаа эзэмшигчдийн тэр хурал болохоос өмнөхөн буюу хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Оюутолгой төслийн асуудлаар мэдээлэл хийсэн байсан. Тэр мэдээлэлтэй холбоотой хэлэлцүүлэг “Рио Тинто” груп­пынхны уурыг хүргэсэн юм билээ. Тэр талаараа Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр нэг захирал нь “Би амьдралдаа найман жилийн өмнө хүүгээ алдахдаа л ингэж гутарч, итгэл алдарч байсан” гэж зүйрлүүлж хэлж байсан. Дээр нь “Танай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар чинь төслийг дэмжих байр сууриа ингэж өөрчилж байгаа бол цаашид “Рио Тинто” танайд нэг ч ам.доллар нэмж оруулахгүй. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ” гэж мэдэгдсэн. Хурлын тэмдэглэл, дуутай бичлэг нь бүрэн эхээрээ “Эрдэнэс Оюутолгой” компанийн файлд хадгалагдсан байгаа. Агуулгаар нь уншвал УИХ Оюутолгойн талаарх мэдээллийг сонсох, хэлэлцэх ёсгүй юм шиг л ойлголт төрүүлдэг. Ер нь төсөлтэй холбоотой хуримтлагдсан гол асуудлууд агуулгаараа УИХ дээр Засгийн газрын хийсэн мэдээлэл, хэлэлцүүлгийн явцад яригдчихсан юм. Тиймээс ажил хариуцсан бид  төсөлтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэг ойлголттой боллоо гэж тухайн үед баярлаж байсан юм шүү дээ.

-Тэгвэл  далд уурхайн зог­солтыг шахалтын нэг хэлбэр гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Ер нь л сонин биш гэж үү. Тухайн үед хийсэн тэр захирлын мэдэгдэл далд уурхайн санхүүжилт, ажил зогссонтой шууд холбоотой гэдэгт би хувьдаа тун итгэлтэй байгаа шүү. 

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт ихээхэн найддаг бололтой, тийм үү?

-Мэдээж. Ер нь хэн юу хэлэв, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Оюутолгой төсөлтэй холбоотой ямар мэдээлэл гарч байна вэ гэдэгт 24 цагийн турш мониторинг хийдэг том баг ажилладаг.

-Ер нь “Рио Тинто” группын удирдлагууд өнгөрсөн хугацаанд таны тавьсан ажлын шаардлагад буулт хийж байсан уу?

-Бид төслийн хуримтлагдсан асуудлыг гурав хувааж, 22 зүйлээр томьёолж тэдэнд тавьсан. Түүнээс хоёр асуудал нь үндсэндээ шийдэгдэж, гурван асуудал нь шийдэгдэх шатанд, бусад нь хэлэлцээрийн түвшинд байгаа. Дотор нь цаг хугацаа шаардах ч ажил бий. Тэгэхээр учир зүйгээ олох үед  олоод ирсэн гэж ойлгож болно. Мөн бэрхшээл байсан ч баяжуулах үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж, улсын комисс хүлээн аваад баяжмалын ачилтыг эхлүүлж “Оюутолгой” компанийг орлоготой болгосон нь ч бас хамтарч санаачлагатай ажилласны  үр дүн. Баяжуулах үйлдвэр сайн ажиллаж байгаа. Би төслийн ажил хариуцсан хэн ч байсан ажил ярихад нь хүндэтгэлтэй хандаж ажил хэрэгчээр төр засагтай холбогдсон асуудал дээр нь тусалж дэмжиж ирсэн юм шүү.

-Гэхдээ “Рио Тинто” групп болон Ц.Сэдванчиг гэх улс­төрчийн санал бодол, эрх ашиг ямар шийдэл дээр огтлолцсон бол та ажлаа үргэлжлүүлэн хийж болох байсан бэ?

-Яг үнэндээ үндэстэн дамнасан групп, Монгол Улсын иргэн хоёрын эрх ашиг огтолцоно гэж байх вэ. Хэцүү асуулт байна. Эсвэл би асуултыг тань ойлгохгүй байна уу.

-Хэн хэндээ ашигтай байх шийдэл гэсэн үг л дээ. Хөндлөнгөөс нь харахад өнөөдрийг хүртэл тэрхүү дундын тохиролцоогоо эцэслэж чадахгүй байна уу л гэж ойлгогдоод байдаг юм. Эсвэл ийм гэрээнд бүх тал нь сэтгэл хангалуун үлдэх боломж байдаггүй юм уу?

-Том эрх ашиг дээр дундын хувилбар гэж байдаг юм уу даа. Тэдний зүгээс бол өөрсдийн хувилбарыг л тулгадаг шүү дээ. Мөн намайг улстөрч гээд байх юм. “Рио Тинто” ч бас тэгж ойлгодог байсан. Уг нь сонгуулиар улстөрчөөс халагдаад бизнесийн ажил руу орсон болохоор энэ хоёрын хооронд ялгаа бий гэж өөрийнхөө хувьд бодсоор ирсэн юмсан. Би хувьдаа “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлын ажлыг улстөрчийн хувиар бус бизнесмэн хүний ёсоор хийж ирсэн гэж бодож байна.

МОНГОЛЫГ ХЭДЭН ҮЕ ДАМЖСАН ӨРӨНД ОРУУЛАХГҮЙН ТУЛД …

-Та бид хоёрын ярилцлагад “Ц.Сэдванчигийн ил захидал” гэсэн сэдэв хөндөгдөх нь тодорхой. Та захидлынхаа үг, өгүүлбэрээс дэлгэрэнгүй хэлж болдоггүй юм гэхэд ерөнхий утгыг нь өгүүлэх боломж байна уу?

-Ерөнхийдөө Монголыг  хэдэн үе дамжсан өрөнд оруулахгүйн тулд  “Рио Тинто” зуучилж Оюутолгой төсөлд авах санхүүжилтийн зээл­дүүлэгч нартай тэдний ярь­сан гэрээний нөхцөлүүд, бүр тодруулбал зээлийн гол нөхцөлүүд  Монгол Улсын хууль, талуудын байгуулсан гэрээтэй зөрчилдөж буйг нь маш тодорхой тайлбарлаж бичсэн захиа юм. Харамсалтай нь  би дур мэдэн УИХ, Засгийн газрыг төлөөлж бичсэн болж таарч байх шиг байна. Тэгээд миний тэр алдааг араас нь  залруулсан юм шиг ташаа ойлголт яваад байгаа юм билээ. Захианд УИХ, Засгийн газрыг төлөөлсөн агуулга байхгүй. Эрх биш би хэзээ хаана хэнийг төлөөлөхөө мэднэ шүү дээ.

-Тэр захидал зөвхөн таны санаа биш байсан гэсэн үг үү. Шууд асуухад Н.Алтанхуягийн Засгийн газрын үүрэг даалгавар гэж ойлгож болох уу?

-Тэдний өгсөн үүргийн дагуу  би төслийг нь бэлтгэсэн. Засгийн газар  хянаад намайг явуул гэсэн юм. Одоо миний нэрийг ашиглаж “РиоТинто”-д явуулсан захианы агуулгаа Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Ер нь би Засгийн газрын хэл ам, гар хөл болж гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэсэн гэдгээ л хэлээд байгаа  шүү дээ.

-Та ажлаа өгснийхөө дараа “Намайг холдуулж болно. Харин Монголын төр тэдний эрх ашгийн өмнө бууж өгч болохгүй” гэдэг утгатай үгсийг хэлсэн. Энэ нь та тэдний өмнө “бул хар чулуу” шиг зогсож байсан учраас ажлаасаа халагдсан гэх сэтгэгдлийг олон нийтэд төрүүлэх шиг болсон?

-Дээр хэлсэн дээ. Би тэдний өмнө Засгийн газрын  байр суурийг л илэрхийлдэг байсан. Надад илүү эрх мэдэл байгаагүй. Намайг явуулчихаад байр сууриа өөрчлөхгүй биз дээ л гэж хэлээд байгаа юм. Тэрхүү хичээл зүтгэл минь хөрөнгө оруулагчдад “бул хар чулуу” шиг санагдсан бол надад сайшаалтай хэрэг. Харин Засгийн газрын ажлыг уяж, улсынхаа эрх ашгийг орхигдуулах замаар зөрүүдэлсэн гэж ойлгох нэгэн байвал тэр ёстой эндүүрэл.

24 ТЭРБУМ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ӨР БОЛЖ МАГАДГҮЙ

-Сүүлийн үеийн үйл явдлыг анзаараад байх нь ээ Засгийн газар хөрөнгө оруулагчдын өмнө буулт хийж мэдэх л юм. Тэр тохиолдолд таны хичээл зүтгэл үр дүнгүй өнгөрөх байх. Харамсалтай л хэрэг?

-Зээлийн гол нөхцлийг Засгийн газар дангаараа шийдэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж би хардаг.

Тухайлбал, Засгийн газар анх гэрээ байгуулах эрх авахдаа төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улс төслийн өгөөжийн 53 хувийг буюу нэрлэсэн үнээр 30 тэрбум гаруй, хөрөнгө оруулагч тал 47 буюу буюу 25 тэрбум гаруй ам.доллар авна гэж танилцуулж УИХ-аас зөвшөөрөл олгосон 57 дугаар тогтоол гарсан байдаг. Одоо “Рио Тинто”-гийн санал болгож буй зээлийн гол нөхцөлүүдийг зөвшөөрвөл дээр хэлсэн төслийн өгөөжийн харьцаа өөрчлөгдөж, Монгол Улсад хохиролтой, маш тодорхойгүй  болж байгаа асуудлыг УИХ-д танилцуулах шаардлагатай л байхгүй юу.  Тодруулж хэлбэл, гэрээ байгуулахдаа хуулийн шаард­лагын дагуу хөрөнгө оруулагч өөрсдөө боловсруулаад Засгийн газраар батлуулсан ТЭЗҮ үндсээрээ өөрчлөгдөж байгаа гэсэн үг л дээ.

-Засгийн газар УИХ-д танил­цуулахгүйгээр зээл авах хаалгыг нь нээх боломж бий юу?

-Төслийг удирдагч “Рио Тинто” зээлдүүлэгч нартай ярьж байгаа энэ зээлийг төсөлд авч эхэлснээр Монгол Улс ямар нэгэн хэлбэрээр ирээдүйд төлөх ёстой 10-аад тэрбум ам.долларын өртэй болох тооцоог хялбархан харж болдог. Энэ тоо бол манай улсад ахадна. Тэдний Засгийн газраас хүсээд байгаа дэмжлэгийн захиа /Comfort letter/ гэгч нь бодитой агуулгаараа тэр зээл авахад нь баталгаа, зөвшөөрөл өгөөд байгаа л хэлбэр юм. Бод л доо. Зөвхөн энэ удаа эхний ээлжинд дөрвөн тэрбум ам.доллар авах зээлийн хаалга нээгдчих юм бол тэд цаашид зургаан тэрбум ам.долларыг болгож, магадгүй бүр ихийг ч дур мэдэн зээлж мэднэ. Баримттайгаар хэлэхэд төслийн нийт өртөг нь 24 тэрбум гаруй ам.доллар болно гэсэн тооцоог зээлдүүлэгч нарт гаргаж өгсөн байдаг юм. Тэгэхээр зээлийн хаалга нээгдчихвэл 24 тэрбум гаруй ам.долларт хүрэхийг үгүйсгэхгүй. “Рио Тинто”-гийн нөхөд энэ зээлийг дэлхийд анх удаа яригдаж буй том дүнтэй уул уурхайн төслийн зээл гэж сайрхаж ярьдаг. Яагаад урьд хожид авч байгаагүй зээлийн хөтөлбөрийг манайд хэрэгжүүлэх гэж тулгаад буйг ч тодорхой болгох шаардлагатай л юм. Гэтэл Засгийн газар олон улсын банк санхүүгийн байгууллага, хандивлагч улс орноос дээрхи дүнтэй  харьцуулахгүй бага хөнгөлөлттэй зээл авч улсын өр үүсгэхдээ заавал  УИХ-д танилцуулж зөвшөөрөл авдаг. Ядаж зөвшилцдөг биз дээ. Одоогийн хууль эрх зүйн зохицуулалт нь ийм л байгаа. Засгийн газар дангаараа өр тавиад, зөвшөөрөл өгөөд байх боломжгүй. Төсвийн тухай  болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ эрхийг нь хязгаарлаж өгсөн байдаг. Эдгээр зохиуцуулалтыг Засгийн газар хэнээс ч илүү мэдэж, харж байгаа учраас  олон сар шаардсан дээр ярьсан захиа нэртэй зөвшөөрөл, баталгааг “Рио Тинто”-д явуулахгүй,  надаар тайлбар захиа хүргүүлсэн гэж ойлгодог.

-Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч өөрөө санхүүгээ босгоно гэсэн тэр эрх, үүрэг зөрчигдөнө гэж “Рио Тинто”-гоос тайлбарлаж болох юм. Харин Засгийн газар түүнд нь хяналт тавьж, үндэслэлгүй зээл авахыг сонирхвол нь шууд таслан зогсоодог байх ёстой гэдэг ч юм уу?

-Энэ тухай гэрээнд тодорхой заалт бий. Гуравдагч этгээд буюу зээлдүүлэгчээс төсөлд авах зээл сайн нөхцөлтэй, төсөлд үр өгөөжтэй, зохистой байх, манай өмч хөрөнгөнд нөлөөлөхгүй байх ёстой. Гэтэл ямар эрсдэл дагуулах гээд буйг би зөндөө тайлбарлаж ярилаа даа. Мэдээж төслөөс ногдол ашиг авах хугацаа, хэмжээ, зээлийн зардал, шимтгэл суутгал  гээд яривал тодорхой олон эргэлзээтэй асуудал  ярьж болно. Би ерөнхий агуулгаар нь төслийн өгөөжтэй холбож  дээр тодорхой ярьсан учир ойлгомжтой л болов уу. Ер нь талуудын гэрээнд төслийг зөвхөн гуравдагч этгээдээс авах зээлээр бус,  энгийн хувьцаа гаргах замаар хувь нийлүүлэгч өөрөө зээлж санхүүжүүлэхээр заасан.  Өнөөг хүртэл тийм л хэлбэрээр явж ирсэн.

-Мөн дээрх хариултаас үүдэн нэг зүйлийг тодруулахад та хөрөнгө оруулагч талтай хамтарч ажиллаж байсан хүний хувьд тэд эрхээ хэтрүүлэн ашиглаж, 24 хүртэл тэрбум ам.долларын зээл авч мэдэх нөхөд гэж хардаж байна уу?

-Маш тодорхой. Тэд анхнаасаа энэ төслийн зээлийн асуудлыг дангаараа Лондонд шийдээд л тулгаад ирсэн юм. Маш энгийн хууль дүрэм ярих юм бол тэд зээлдүүлэгч нартай энэ их хэмжээний хэлцэл хийж эхлэхээсээ өмнө Оюутолгой компанийн ТУЗ-ийн нэгдсэн саналаар эсвэл Хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж зөвшөөрөл авах ёстой байсан. Уг асуудлаар өнгөрсөн арванхоёрдугаар сард “Эрдэнэс Оюутолгой” компанийн төлөөлөл Лондонд очиж зээлдүүлэгч нартай хийсэн уулзалт дээр нь “Рио Тинто Монгол Улсын хууль, талуудын гэрээг зөрчсөн зээлийн нөхцөл ярьж байна” гэсэн албан ёсны байр сууриа илэрхийлсэн байдаг. Түүнээс хойш ч олон удаагийн уулзалт ярианд энэ тухай хангалттай хэлж байсан. Харамсалтай нь огтхон ч тоохгүй явуулсаар өнөөгийн асуудал үүссэн юм даа.

-Хэрэв хөрөнгө оруулагчид энэ удаагийн ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалтын хувь хэмжээг нь баталж, үйл ажиллагааг нь бодлогоор дэмжихгүй бол таны дээр ярьсан шиг нэг ч ам.долларыг Оюутолгойн төлөө зарцуулахгүй болж мэдэх юм. Энэ нь манайд ямар сөрөг нөлөөтэй вэ. Тэр нь тодорхой хэмжээнд бидний зүгээс айх ёстой айдас, болгоомжлох хэрэгтэй болгоомжлол мөн үү?

-Тэдний одоогийн үзүүлж байгаа шахалтыг ирээдүйд манай улсад ирж болох шахалт, дарамттай харьцуулах юм бол шоргоолжийг заантай жишихтэй л дүйцнэ байх. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр шууд бууж өгөх бус, харин бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, өөрсдийн эрх ашгийг хамгаалах найдвартай ар талыг босгох ёстой. Зээлийн нөхцөлүүдийг нь шууд хүлээн зөвшөөрвөл гэрээг сайжруулах асууд­лаас эхлээд төсөлтэй хол­боотой бодлогын ямар ч асуудал дээр “Рио Тинто”-г сонсоод л 15 жил чив чимээгүй суух хэрэгтэй болно. Нэг ёсны бидний эрх боогдоно гэсэн үг. Учир нь Зээлдүүлэгч болох дэлхийн банк санхүүгийн хоёр байгууллага, томоохон гурван улсын Засгийн газрын банк, зээл даатгалын гурван байгууллага, улс төрийн даатгалтай арилжааны 14 банктай бид зэрэг ойлголцох боломжгүй.  Тухайлбал, зээлийн нэг л нөхцөл гэхэд  “Рио тинто”-той байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ,  бидний 34 хувь эзэмшиж байгаа “Оюутолгой” компанийн биет ба биет бус хөрөнгө бүхлээрээ зээлийн барьцаанд дээрхи зээлдүүлэгч нарт шилжих юм. Дээр нь тэр зээлдүүлэгч нар зээлээ бусдад зарж болох, “Оюутолгой” компани зээлээ төлөх боломжгүй болсон тохиолдолд төслийн удирдлага зээлдүүлэгч нарт шууд шилжих гээд бидний гэрээгээр тохирсон хөрөнгө оруулагч өөрчлөгдөхгүй байх суурь зарчим ч хөндөгдөх эрсдэлтэй. 

-Ингэхэд танаас болж “Рио Тинто” группын хувьцааны ханш дэлхийн зах зээл дээр унасан гэх дүгнэлт гарсан байсан. Та хараагүй өнгөрөөгүй байх?

-Бас яагаад надаас болдог юм болоо. Үнэн чанартаа миний захиа зах зээл дээр тараагдаагүй. Тэгэхээр ямар ч нөлөөгүй гэсэн үг. Харин “Рио Тинто”-гийн зүгээс  “Төслийн санхүүжилтээ Засгийн газраас хамаарч хойшлуулахаар боллоо” гэсэн мэдэгдлийг хийснээр “Туркоиз Хилл”-ийн хувьцаа хэлбэлзсэн биз дээ.

-“Оюутолгой” ХК-ийн Төлөө­лөн удирдах зөвлөл хуралдаж, ажилчдаа цомхотгох, далд уурхайн ажлаа зогсоох шийдвэр гаргасан хуралдаан дээр та сууж байсан уу?

-Тийм ээ.

-Таны болон Төлөөлөн  удир­дах зөвлөлд байдаг Монголын талын тө­лөөллийн үгийг тэд ер нь сонссон уу?

-Тэд Лондонд гаргасан шийд­вэрээ “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд тулгаад 66 хувийн төлөөлөл дангаараа шийдсэн. Ерөнхийлөгч асан Н.Ба­габанди гуай, Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга П.Цагаан хоёр эсрэг санал өгөөд,  би Ч.Ганболд гуайг төлөөлж оролцоод “Хууль, гэрээ зөрчлөө шүү” гэж хэлээд хурлыг орхиод гарсан.

-Тэд үндэслэлээ юу гэж тайл­барласан юм бэ. “Танай Засгийн газрын буруу” гэж шууд хэлсэн үү?

-Засгийн газар төслийн зээл авахыг дэмжихгүй байгаа учраас далд уурхайг санхүүжүүлэх боломжгүй боллоо гэсэн.

-Мэдээж дээрх шийдвэрийн дараа “Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын төрд үзүүлж байгаа дарамт” гэх яриа олны дунд гарсан. Гэхдээ олон хүний амь амьдрал, Монголын төсөвт орж ирэх байсан санхүүжилт талаас нь харвал бас их харамсалтай үйл явдал байж болох юм. Тийм үү?

-Далд уурхайн санхүүжилт болон бүтээн байгуулалтын ажлыг зогсооё гэж манайхны хэн нь ч бодоогүй, хэлээгүй. Хөрөнгө оруулагч тал дангаараа шийдсэн. Тэд энэ нүүдлийг  хийхдээ нэг сумаар цөөнгүй туулай намнах  хэд, хэдэн давхар зорилго тавьсан. Тэдгээрийн  нэг зорилго нь Засгийн газарт дарамт үзүүлэх. Харин нөгөө хэдэн зорилготой нүүдлийг  нь тэдэнтэй зууралдаж араншинг нь мэдэх  цөөн хэдэн хүн л ойлгож  байгаа.  Том дарга нар  хүнээ солиод болчихно гэж бодож байгаа бол дэндүү гэнэн байна. Шатартай зүйрлүүлж хэлбэл бид хариу хэдэн сайн нүүдэл харж бэлтгэх  ёстой юм шүү. Гэхдээ хөрөнгө оруулагчийн гэрээгээр хүлээсэн “үндсэн болон ач холбогдолтой” үүрэг нь төслийг санхүүжүүлэх, ажиллуулах юм. Энэ үүргээ биелүүлэхгүй зургаан сар болбол Засгийн газар гэрээг цуцлах асуудлыг тавьж болно. Дээр нь тэдний тавиад байгаа зарим зорилго нь цаг хугацаатай холбоотой. Тэр цаг нь болоод зорилго нь биелээд ирвэл тэд далд уурхайн ажлыг санхүүжүүлж эхлэх байх. Энэ байдлаар их удаан барьж чадахгүй л болов уу. Одоо манай дарга нар их сандрахын оронд энэ завсарлагааныг ашиглаад нэгдүгээр үе шатанд зарцуулсан хөрөнгө /анхны хөрөнгө оруулалт/ яг хэд болчихов, цаашид далд уурхай ямар ТЭЗҮ өөрөөр хэлбэл зураг, төсвөөр босох гээд буйг тодорхой болгох ёстой юм. Мөн талуудын гэрээгээ ч нэг дүгнэх цаг болсон.

-Цөөн хүний мэдэх зорилгоос нь бид ч бас мэдмээр л байна шүү дээ. Дэлгэж болохгүй юу?

-Ажил хариуцаж үлдсэн хүмүүс дунд мэдэж байгаа хүн байгаа учраас нүүдлээ бодож дарга нарт танилцуулж байгаа биз дээ.

-Гэхдээ энэ бол “Рио Тинто”-гийн зүгээс үзүүлж буй анхны дарамт биш гэдгийг бид мэднэ. Гэрээг нь өөрчлөх тухай яриа идэвхжихтэй зэрэгцээд манай талд урьдчилгаа болгож өгсөн 250 сая ам.доллараа нэхсэн нь бас л бэрх шахалт байсан шүү дээ. Эндээс харахад ер нь Монголын төр тэдний өмнө нэг хэсэгтээ л зайлшгүй буулт хийх ёстой болчихоод байгаа юм биш үү. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэж нэг үг байдаг даа?

-Юу гэсэн үг вэ. Бид өнөөдрөө ч, ирээдүйгээ ч тэр давхар харж, хамгаалж явах ёстой. Бүхэл бүтэн тусгаар улсыг нэгэн компанитай харьцуулж болохгүй. Тэр компани дэлхийд тэргүүлдэг, хүчирхэг, олон жилийн түүхтэй, их мөнгөтэй байлаа ч гэсэн энэ нь улсынхаа эрх ашгийг мартаж, тэдэнд буулт хийхэд хүргэх үндэслэл яавч биш. Гол нь манай удирдагчид  тууштай байвал тэд амархан буугаад өгчихнө. Харин манайхныг тууштай, нэгдмэл байр суурьтай байж чадахгүй бол цөөхөн монголчуудыг хэд хуваагаад хооронд нь дайтуулаад дуусгах юм билээ.

-Та яг Монголын талын эрх ашгийг төлөөлж удирдаж явсан хүний хувьд “Рио Тинто”-гийн нэмж зарлаад байгаа хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтын өсөлтийг бодитой эсэхэд ямар хариулт өгөх вэ. Энэ асуултад мэдээж тоон үзүүлэлт, гаргалгаагаар нь хариулбал илүү оновчтой болов уу?

-Анхны  хөрөнгө оруулалт буюу баяжуулах үйлдвэрийг дуусаж, далд уурхайн ажлын эхлэл хүртэл 5.1 тэрбум ам.доллар зарцуулахаар гэрээ, ТЭЗҮ-д тусгасан байдаг. Тэр тоог хэлж байна уу.

-Тийм ээ?

-Яг энэ тоог анхан шатны баримттай тулгаж, баталгаажуулах мэргэжлийн шалгалтын 20 гаруй хүний бүрэлдхүүнтэй баг таван сар гаруй хугацаанд ажилласан. Одоо дүгнэлтээ гаргачихсан байгаа болов уу. Тэр нь удахгүй олны хүртээл болох биз. Би энэ талаар урьдчилан тоо яриад хэрэггүй. Дээр цухас ярьсан. Энэ дүнг тодорхой болгохгүйгээр дараагийн шат руу явчихбал дахиад л асуудал үүснэ дээ. Энэ дүн төслийн шууд зардал болж, хөрөнгө болсон хэсгээс цаашид элэгдэл хэлбэрээр хасагдаж өгөөжид шууд нөлөөлөх учраас маш тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. 

-Эргээд яг одоогийн нөхцөл байдал руу ороход танаас эхлээд олон улстөрч Оюутолгойн ордын хөрөнгө оруулагчдад хатуурхдгаас үүдэн Монголд орж ирэх хөрөнгө оруулалт буурч, тэр хэрээр валютын хомсдол үүсэж, улс мөнгөгүйдлээ гэх яриа олонтаа гарах юм. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Би хөрөнгө оруулагч талын юм бүхэн дээр нь хатуурхаж яваагүй. Таны сая хөндсөн эдийн засгийн макро үзүүлэлтүүд улстөрчдөөс хэр их хамаардаг болохыг тэр яриад байгаа хүмүүс нь тооцдог юм болов уу. Зарим тохиолдолд хөрөнгө оруулагчид маань л улстөрчдийг муухай хүмүүс гэж дотоод, гадаад орчинд харагдуулаад байдаг юм шиг байна билээ. Хөрөнгө оруулалт буурсан тухайд гэвэл уул уурхайн бодлого олон жил замбараагүй байсаар ирсний муу үр дагавар ил болж байна гэж харж байгаа. Сүүлийн жилүүдэд лиценцийн хууль бус наймаа цэцэглэж, олон хөрөнгө оруулагч хулхидуулж Монголыг орхисон шүү дээ. Хөрөнгө оруулалтын тоон дүн бол харьцангуй ойлголт. Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын оргил үе болох 2010-2012 оны хооронд улсын хэмжээнд өндөр үзүүлэлт харагддаг. Валютын хомсдол бол гол нь Засгийн газраас явуулж байгаа ерөнхий болоод төсвийн бодлого, УИХ, Монголбанкны мөнгөний бодлогоос хамаардаг. Дээр нь худалдааны алдагдал, валютын нөөцтэй ч холбоотой нарийн асуудал. Харин энэ яригдаж байгаа Оюутолгойн зээл ороод ирвэл улсын валютын хэрэгцээг хангаад, төгрөгийн ханш тогтворжоод, чангараад гоё болчих юм  шиг  яриа байдаг. Үнэн чанартаа одоо яригдаж байгаа дөрвөн тэрбум ам.долларын зээлийн 50 хувь нь төсөлд орохгүй, “Рио Тинто” групп шууд өөртөө авах, үлдсэн 50 хувь нь оффшор дансаар дамжаад тоног төхөөрөмж, технологи болж биет хэлбэрээр төсөлд орох юм шүү дээ. Өмнөх үе шат ч ийм хэлбэрээр хэрэгжсэн байдаг. Бэлнээр орж ирэх нь бараг байхгүй. Оюутолгойг тойрч амьдрах хүсэлтэй гадна, дотны хүмүүс олон байгааг би үгүйсгэдэггүй. Гэхдээ энэ улсын, түүний иргэдийн олонхийн эрх ашиг тэднийхээс түрүүнд тавигдах ёстой. 

-Энэ бүх асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд ээлжит бус чуулган хуралдуулах үүрэг өгсөн. Энэ хурлаар гишүүд ч тэр, Засгийн газар ч тэр хөрөнгө оруулагчдад бууж өгөөд тэрхүү хөрөнгө оруулалтыг нь батлаад, үйл ажиллагааг нь идэвхжүүлчихвэл дараагийн үр дүн нь юу болох бол?

-Ерөнхийлөгч чиглэл өгсөн байлгүй дээ. Яг бид хоёрын ярьж байгаа зээлийн асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэг явах, үгүйг хэлж мэдэхгүй байна. Ер нь УИХ улс орны эрх ашигтай холбоотой ямар ч асуудлыг хэлэлцэх эрхтэй учраас түүнийг бүрдүүлж байгаа намын бүлгүүд, бие даагч гишүүдээс л хамаарах асуудал. Ирээдүйд хэдэн үе дамжсан өрийн асуудал үүсэхэд “Энэ өрийг хэн зөвшөөрсөн юм бэ” гээд хариуцлагын асуудал яригдахад эзэнтэй л байх ёстой юм. Монголчууд бид дотроо шийдвэр гаргасан хүмүүстэй хариуцлага тооцоход хэзээд оройтохгүй. Сүүлийн үед Засгийн газар энэ асуудлыг “Оюутолгой” компанийн ТУЗ шийднэ гэж ярих болсон байна билээ. Компанийн ТУЗ ярилцаад энэ их мөнгөний асуудлыг шийдэх боломжгүй, харин хувьцаа эзэмшигчид шийдэх ёстой гэсэн шийдвэр гаргачихсан юм. Тэгэхээр Засгийн газар тойрч зугатаалгүй хуулийн дагуу шийдвэрлэх шаардлагатай. 

-Улстөрчдийг хараад байхад намаараа гэхээс илүүтэй эрх ашгаараа хуваагдаж, хоёр талд гарах нь их болж. Энэ утгаараа таны эрх ашиг таныг хааш нь хөтөлж байна вэ. Зөвхөн Оюутолгой гэхэд л хуваагдлын эх үндэс болчихоод байна шүү дээ?

-Оюутолгой төсөл тойрсон их мөнгө цөөхөн монголчуудыг хоёр хуваачихаад байгаа нь үнэн. Энэ нийгмийн чиглүүлэгч гэж хэлж болох  улстөрчид, пиарчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бизнес эрхлэгчид  хуваагдмал байгааг ажил хариуцаж байхдаа мэдэрсэн шүү. Үндэстэн нэгдмэл сонирхолтой байх нь тусгаар улсын үнэт зүйл гэж хэлэх хүнтэй таарч л байсан. Тэр агуулгаар бодох юм бол харамсалтай байна. Миний хувьд бол энэ улсын эрх ашиг бүр тодруулбал, иргэдийн олонхийн эрх ашиг хаана байна, тэр талд нь явсаар ирсэн. Цаашид ч энэ байр суурь хэвээр байх болно.

ЦӨӨНГҮЙ ЖИЛ БИ ЭНЭ НАМД, Н.АЛТАНХУЯГТ ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ ШҮҮ

-Одоо сул байх хугацаандаа та юу хийж байна вэ. Засгийн газар руу чиглэсэн шүүмжлэлээс тань харахад намынхаа удирдлагатай үл ойлголцох байдалтай байгаа болов уу гэж бодлоо?

-Гэр бүлийн чанартай жижиг бизнессийн ажилд хэл амаа хөдөлгөөд, дараагийн ажил алхам хийхдээ л бэлтгэж байна даа. Хувь хүний хувьд намын удирдлагатайгаа зөрчил байхгүй. Гэхдээ сайн, муу цаг  үед цөөнгүй жил би энэ намд, тэр хүнд хэрэгтэй бас дэмжлэг болж ирсэн  юм шүү. Одоо бол Н.Алтанхуяг гэдэг хүнд миний хэрэг байхгүй болсон юм билээ. Ер нь нөхөр “Олон жил намд тууштай явж ирсэн нөхдөө буланд шахах” шинэчлэлийн бодлого давхар явуулж байх шиг байна. Журмын нөхөр Л.Гүндалайг хүртэл орхисон байгаа юм.

-Ер нь Ардчилсан нам засаг барьж буй энэ хугацаанд Монгол Улсад бодит ахиц хэр гарч байна. Мэдээж таны олж харж байгаагаар шүү дээ?

-Нөхөд ганц удаа засгийн эрхийг бүрэн авсан үед нь хөл гараас нь татаад баймааргүй л байна. Гэхдээ бурууг нь яриад явна. Надад сайнаар тусахгүй ч тэдэнд өөрсдөд нь бас олон түмэнд хэрэгтэй. Ажил хийе, бүтээе  гэсэн хүсэл бол байх шиг байдаг шүү.   Үр дүнг цаг хугацаагаар хэмжих нь бодитой биз дээ.

-Наад зах нь Монгол Улс шинэчлэгдэж чадаж байна уу?

-Юу, юугүй өргөс авчихсан юм шиг гэнэт бүх юм сайхан болоод явчихгүй нь ойлгомжтой байх.

-Ардчилсан нам энэ удаагийн боломжоо буруу ашиглавал эргээд УИХ-ын 2000 оны сонгуулийн үр дүн шиг нөхцөл байдалтай тулгарахыг үгүйсгэх аргагүй. Танд ийм болгоомжлол төрөх юм уу?

-Чухал асуулт байна. Одоо цаг хугацаа, нөхцөл өөр болсон учир яг 2000 оны үр дүн бий болно гэхэд хаашаа юм бэ. Гэхдээ л МАН, түүний дарга нарын түүх давтагдах  вий дээ гэж болгоомжлох үе байна шүү. Яагаад гэвэл манай нөхдийн бүгдийг өнгө мөнгөөр хэмжих хүсэл, бүлэглэл фракциараа улс төр, төр, нийтийн албыг хувьчлаад авчихсан, зарим тохиолдолд худалдаад байгаа нь яг л өмнөх эрх баригч нам,  дарга нарын үйлдлийг  давтаад байх шиг санагддаг. “Гашуун ч түүх давтагддаг” гэж учир мэдэх хүмүүс хэлснийг сайн санаж явах ёстой юм даа.

-Харин таны хувьд улстөрчийн хувиар дараагийн алхмаа хэрхэн төлөвлөж байна. Наад зах нь дахиж УИХ-ын гишүүн болох зорилго бий юу?

-Яг энэ мөчид тодорхой зүйл хэлж мэдэхгүй  байна. Ямартай ч иргэний үүргээ биелүүлж Монгол Улсыг хэдэн үе дамжсан өрөнд оруулахгүйн тулд зөв санасан бүхэнтэй хамтран ажиллаж үр дүнг харах бодолтой явна.   

-Сүүлчийн асуулт. Саяхан Монголыг төлөөлж “Оюутолгой” компанийн ТУЗ-д суух болсон хүмүүсийг та мэдэх үү. Мөн ТУЗ-ийн гишүүд нь маш өндөр цалин урамшуулал авдаг гэсэн мэдээлэл байдаг. Үүнтэй холбогдуулаад тодорхой тоо хэлж  болох уу?

-Надтай хамтран ажиллаж тууштай явж байсан сайн залуучууд орсон байна билээ. Гол нь манай гурав нэг бодол, нэг зорилготой байх л чухал. ТУЗ-ийн гишүүний цалин, урамшууллыг би энд  тодорхой ярих нь зохимжгүй. Гол асуудал нь 66 хувийн төлөөллийг хэрэгжүүлж байгаа гишүүд нь “Оюутолгой”-гоос цалин урамшуулал авдаггүй. Гэтэл манай гурав төслөөс аваад ирсэн, цаашид үргэлжлүүлээд явбал төслийг удирдаж байгаа нөхдөөс бодлогын асуудал ярихад хамааралтай нөхцөл үүсгэж болзошгүй юм билээ. Засгийн газар цэгцлэх байлгүй дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.ОТГОНЖАРГАЛ
ТОЙМЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж