Мянганбаярын Баттүшиг хүү 15 насандаа /M.I.T./ Массачусеттсийн Технологийн их сургуульд элсэж чадсан авъяаслаг зохион бүтээгч бөгөөд түүний тухай “The New York Times” нийтэлжээ. М.Баттүшиг автомашин ирэхийг мэдэрч, дохио өгдөг “Garage Siren” гэх бүтээл зохион бүтээж, “YouTube”-д байршуулсан нь Массачусеттсийн Технологийн их сургуулийн албаныханд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн ба тус их сургуулийн цахим хичээлд амжилттай суралцаж, өндөр оноо авсан аж. М.Баттүшиг 10 настай дүү, найзуудынхаа хамт байрныхаа гадна тоглоход автомашинд дайруулах эрсдэлтэй байдаг тул автомашин ирэхийг мэдэрч дохио өгдөг төхөөрөмж зохион бүтээсэн аж. Түүнийг Массачусеттсийн Технологийн их сургуульд элсэх хүсэлт гаргахыг “Сант” дунд сургуулийн захирал М.Зургаанжин санал болгож байжээ. Үүний зэрэгцээ М.Баттүшиг Массачусеттсийн Технологийн их сургуулиас явуулдаг цахим хичээлийг монгол хэлнээ орчуулан бусад сурагчдад ойлгоход дөхөм болгон “YouTube”-д байршуулдаг байна.
Б.АНХТУЯА