Манай улсад эдийн засаг хурдацтай өсч, цар хүрээ нь жилээс жилд өргөжин тэлж, барилга, авто зам, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, газрын тос, уул уурхай зэрэг эдийн засгийн салбаруудад өсөлтийг даган ажиллах хүчний эрэлт нэмэгдэж, түүнийг хангах шаардлага тулгамдсан асуудал болж байгаа. Иймд дээрх салбаруудад нэн даруй шаардагдах мэргэжилтэй ажилчид, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр болгох зорилгоор төрөөс эхний ээлжинд холбогдох зарим хууль, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй хийх нь чухал хэмээн төсөл санаачлагч үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Түүнчлэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд эдгээр нэмэлтийг оруулснаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцан төгсөгч, мэргэжлийн сургалтаар ур чадвар эзэмшигчид болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно гэж үзсэн байна.
Одоогоор манай улсын 21 аймаг, Улаанбаатар хотын хэмжээн 2012-2013 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн нийт 79 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв үйл ажиллагаа явуулж байгаагаас төрийн өмчийнх 50, төрийн бус өмчийнх 29 байгаа аж хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.