
Барилгын дулаалгын гол материал болсон хөөсөнцөр үйлдвэрлэдэг 16 үйлдвэрт МХЕГ-аас хяналт шалгалт хийжээ. Эдгээрийн 13 нь барилгын дулаан тусгаарлах хөөсөн полистрол үйлдвэрлэдэг бол гурав нь сэндвичэн хавтан үйлдвэрлэдэг ажээ. Хөөсөнцөр хавтан хөнгөн, нимгэн дулаалгын материал боловч галд өртөх аюултайн дээр барилгыг хөөсөнцрөөр дулаалах технологийг дагаж мөрдөхгүй байгаагаас нийтийг хамарсан орон сууцанд хөөсөнцөр хэрэглэх эсэх асуудал ч сөхөгдөх болжээ. МХЕГ-аас явуулсан энэ удаагийн шалгалтыг зөвхөн хөөсөнцөр үйлдвэрлэгч үйлдвэрүүдэд төдийгүй баригдаж дуусаагүй барилгууд дээр явуулсан байна. Баригдаж буй 21 барилга дээр очиж байдлыг шалгахад дулаалгын хөөсөнцрийн доор дэвсгэр шавардлага хийдэггүй, гурван төрлийн хөөсөнцрөөс хамгийн хямд, хамгийн чанаргүйг нь сонгон ашигладаг зөрчил нийтлэг ажиглагджээ. Түүнчлэн шинээр зөвшөөрөл авсан 36 барилгын зураг төслийн ажлаас дүгнэхэд барилга байгууламжийн гадна ханын дулаалгад ямар шинж чанартай хөөсөн полистрол хэрэглэхийг тодорхой заадаггүй болох нь харагджээ. Хөөсөнцрийн үйлдвэрүүдийн хувьд технологийн заавар боловсруулж батлуулаагүй, батлуулсан ч мөрддөггүй, бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажилтад хамруулдаггүй зөрчил түгээмэл байгаагийн дээр тусгай зөвшөөрөл авалгүй үйлдвэрлэл эрхэлсэн тохиолдол ч гарчээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн олонх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд байжээ. МХЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн зүгээс Монгол Улсын хууль хяналтыг үл ойшоон зөвшөөрөлгүй ажиллаж буй үйлдвэрийг хаахад ч буруудахгүй гэсэн санал гаргаж байлаа. Шалгалтын явцад “Барилгын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйл, заалтыг ноцтой зөрчсөн “Нягт хөөс”, “Эм Жи Эл Би” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаасан байна. Мөн “ВЦ”, “Огших ундрал”, “Шотой хайрхан”, “Инуд”, “Хөнгөн тавцан”, “Дулаан хөөс”, “Өд тэгш” зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжүүдийг зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгсөн байна.
Д.ЦЭЭНЭ