Тэгвэл АН хороодоо эзэнгүйдүүлэх замаар 1996 онд гаргасан алдааныхаа араас алхаж эхэллээ. Аливаа улстөрийн хүчин хөлөө алдаж болохгүй. Хөлгүй толгой хэр хол явах юм бэ гэж асуумаар байна. Хэрвээ МАН өнгөрсөн нэг жилийн хугацаанд дотоод дахь дажнаа дарж, хүчтэй сөрөг хүчин болж төлөвшиж чадсан бол АН-ыг өнөөдөр хөлгүй болгож дөнгөх байлаа. Тэртэй тэргүй намын хороод нь эзэнгүйдчихсэн, дарга, гишүүд нь төрийн ажлаасаа илүү гарч чадахгүй суухад хийх ажилгүй сөрөг хүчнийхэнд үүн шиг том боломж үгүй. Хачирхалтай нь, МАН-ын удирдлагад боломжийг ашиглах бодол төрсөнгүй юу эсвэл дотооддоо асуудалтай суугаа нь бусдын орон зайн дээр тоглолт хийх сөхөөг өгсөнгүй юу. Ямартай ч дээрх боломжийг ашигласангүй. Гэхдээ оройтоогүй, ирэх сард товлосон намын Их хурлаараа дотоод асуудлаа шийдээд бүх шатны намын үүрүүдээ өөд татаад эхэлбэл АН-ын хувьд энэ нь том эрсдэл дагуулна. Өрсдөггүй юм аа гэхэд нэг их хоцролгүй Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, төрийн албанд томилогдсон гишүүдээ чөлөөлж, оронд нь чадалтай, боловсролтой залуусаа дэвшүүлэн нэн тэргүүнд аймгийн намын хороодоо эзэнтэй болгох ёстой. Төвөөс хэчнээн чухал шийдвэр гаргалаа ч намын анхан, дунд шатанд очоод хариуцах эзэнгүй дарагдахаар алсуураа намын бодлого унтарч таарна биз дээ.
Мөн насаараа Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдсон эрхмүүдийг шинэ залуусаар сэлгэх цаг болсныг сануулах ардчилагчид цөөнгүй бий. Хэчнээн мундаг улстөрч байлаа ч УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний алба хашихын хажуугаар ҮЗХ-оо, Гүйцэтгэх зөвлөл, аймгийнхаа намын хорооны даргын ажлыг давхар амжуулж чадах уу. МАН-ынхан шиг “сэтэрт” дуртай болчихоогүй л бол итгэл даах залуучууддаа орон зайгаа өгөх цаг нь боллоо.
Аливаа улстөрийн хүчин шинэ залуу боловсон хүчнээр эгнээгээ тэлж гэмээнэ нийгмээ шинээр хардаг. Залуус нийгмийн түүчээ байсаар ирсэн, байх ч болно. Гол нь зөв хүнээ гаргаж ирэх. Түүнээс фракци, бүлэглэлийн амбицад хөтлөгдөж “Мөнхийн” гэх тодотголтой ҮЗХ-ны гишүүдээ хэвээр үлдээвэл боловсон хүчний бодлогод шинэчлэл хийгдэхгүй зогсоно. Ер нь ч 2011 оноос хойш ҮЗХ-ны бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй тухай гишүүд дуулгаж байна.
Ийм байтал өнгөрсөн долоо хоногт АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад бүх шатны сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргасан гэх. “Эв нэгдэл” чухал хэмээн үзэж дээрх шийдвэрийг гаргасан тухай улстөрийн хүрээнийхэн “жиргэлээ”. Гэхдээ тэрхүү эв нэгдлийн ард намын хороод эзэнгүйдсээр байвал төвөөс ямар ч бодлого шийдвэр гаргалаа түүнийг хэрэгжүүлэх субьект ажиллахгүй болно. Эрх баригч хүчин боллоо гэж хөөрцөглөсөөр өнгөрсөн нэг жилийг хөлгүй үдсэн, одоо хоёр дахь жилрүүгээ орох нь. Хойш суух цаг мөн үү. Хэзээ мөдгүй 2016 он болж намын анхан, дунд шатны байгууллагаа санаж эхлэхэд хэзээний сөрөг хүчнийхэнд эзлэгдчихсэн байх вий. Сөрөг хүчнийхнээс хөлөө хамгаал, одоо тэд намын үүрүүдээ бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллаж таараа.