УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА-
Эрхэм гишүүд ээ,
Эдийн засагт учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох зорилгоор Засгийн газраас өргөн барьсан хуулиудыг яаралтай хэлэлцэх шаардлагыг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 16-27-ны өдрүүдэд хуралдуулахаар захирамж гаргасан билээ.
2012 оны 3 дугаар улирлаас эхлэн хөрөнгө оруулалтын хэмжээ багасч улмаар 2013 оны эхний хагас жил гэхэд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 42 хувиар буураад байна.
Гадаадын хөрөнгө оруулалт буурахад дэлхийн эдийн засгийн байдал, зарим хууль, эрх зүйн зохицуулалт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын эхний үе шат дуусгавар болж, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт зогссон зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Ялангуяа өмнөх Улсын Их Хурал тооцоо судалгаа муутай хууль баталсанаас улс орны эдийн засагт хүндрэл бэрхшээл учирч байна.
Тухайлбал:
Нэгдүгээрт, Өнгөрсөн оны 5 дугаар сард сонгуулийн өмнө Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулалт дайжих шалтаг болжээ. Хуулиа гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлаагүй, дагаж гаргах журмыг оройтуулж гаргасан зэрэг нь тодорхойгүй байдал үүсгэжээ. Засгийн газрын өргөн барьсан энэ ээлжит бус чуулганаар батлагдах “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг баталснаар уг хууль хүчингүй болно.
Хоёрдугаарт, Улсын Их Хурал 2009 оны 07 дугаар сард “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” болон “уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийг баталсан. Хуулийн үзэл санаа зөв ч гэсэн хууль гарах үед олборлолтоо явуулж байсан “А” лицензтэй компаниудын шилжилтийн зохицуулалтийг тодорхойгүй үлдээснээс эдгээр компаниудийн алт олборлолт нууц хэлбэрт шилжих, татвар төлөхгүй байх, алт нууцаар хил давах, байгаль орчин нөхөн сэргээх ажил нь эзэнгүй болох зэрэг сөрөг үр дагаварууд гарсаар байна. Зөвхөн тусгай зөвшөөрлүүдийн төлбөр, хайгуулын талбайд оруулсан хөрөнгө оруулалтын зардал Засгийн газрын тооцоолсоноор 659.5 тэрбум төгрөгт хүрсэн нь тусгай зөвшөөрлийг цуцлах тохиолдолд хамгийн багадаа ийм хэмжээний нөхөн олговор улсын төсөвт ачаалал болж ирэхээр байна. Энэ чуулганаар уг урт нэртэй хуульд биш хуулийг дагаж гарсан шилжилтийн хуульд өөрчлөлт орох юм.
Гуравдугаарт, Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль”-ийг баталж, хугацааг хэд хэдэн удаа сунгаснаар 3 жилийн турш ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдсонгүй. Энэ хориг нь хаа дуртай газраа ухаж төнхдөг замбараагүй лиценз олголтыг цэгцэлсэн боловч хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх сайн хуулиа гаргаж чадалгүй удсанаас тус салбарын хөрөнгө оруулалтыг үндсэнд нь зогсоосон байна.
Энэ бүхнийг харгалзан үзээд Засгийн газраас “Хөрөнгө оруулалтын тухай”, “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай”, “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, ”Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай”, ”Хөрөнгө оруулалтын сангийн тухай” хуулиудыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын хамт өргөн барьсан юм.
Эдгээр хуулиудыг баталснаар:
- Монгол Улс хөрөнгө оруулалтын татварын эрх зүйн орчныг тогтвортой байлгах,
- Гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдын нийтлэг эрх зүйн баталгааг хангах,
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын харилцааг ашигт малтмалын хуулиас салгаж бие даасан хууль болгоод улмаар орон нутагт зөвшөөрөл олгох эрх, хяналт тавих үүргийг шилжүүлэх,
- Монгол Улсад ашигтай төслийн татварын орчинг тогтворжуулах замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх,
- Төрийн хүнд суртлыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах,
- Аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулах зэрэг олон асуудлыг шийдэх юм.
Мөн “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулиар зохицуулагдаж байсан хөрөнгө оруулалтын сангийн харилцааг тусгай хуулиар зохицуулахаар хууль өргөн барьсан нь санхүүгийн зах зээлийн зөв, тэнцвэртэй бүтэц бий болж, жижиг дунд үйлдвэр, компаниуд ганц банкны зээл бус хөрөнгө оруулалт хэлбэрээр санхүүжилт босгож үйл ажиллагаагаа тэлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Эрхэм гишүүд ээ,
Ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, байнгын хороод эдгээр хуулиудыг нухацтай хэлэлцэж, алдаа оноог шүүн тунгааж, улс орны эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдсэн агуулагаар баяжуулж чанартай хууль гаргахын төлөө хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.
Ингээд Улсын Их Хурлын 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит бус чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.