“Гал үндэстэн” холбооны есөн хүнийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

“Гал үндэстэн” холбооны есөн хүнийг баривчлав

Өнөөдөр “Гал үндэстэн” холбооноос санаачилж, нэр бүхий 11 төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон жагсаалыг Төрийн ордоны ойролцоо зохион байгууллаа. Гэсэн ч “зохион байгуулалт” гэх үг хүндэдмээр харамсалтай зүйл болсон нь Төрийн ордны хашаанд гарсан буун дуу байв. Урт нэртэй гэгдэх “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хэрэгжилтыг хангах, хуулийн журамд зарим өөрчлөлт оруулахыг эсэргүүцэн жагссан тэд 10:30 цагийн орчим ордон руу буудсан юм. Тиймээс Төрийн ордонд онц байдал зарлаж, гарах, орох хөдөлгөөнийг хэсэг хугацааны туршид бүрэн хориглов. Улмаар цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид ирж, ордны арын цэцэрлэгт буу, тэсрэх бөмбөг байж магадгүй хэмээн үзэж, мөрч нохдын хамт нэгжлэг хийсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тус нэгжлэгийн үеэр гар буу, тэсрэх бөмбөг зэргийг илрүүлсэн байна.

“Гал үндэстэн” хөдөлгөөнийхний сүр үзүүлсэн жагсаалын үеэр Онцгой байдлын албаныхан нэг хүнийг дамнуурга дээр өргөж, эмнэлэгийн машинд оруулна лээ. Хөдөлгөөний гишүүдийн хэлснээр тэр хүн “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Болд байж магадгүй гэнэ.

Буу, зэвсэг барин жагсахад хүргэсэн Урт нэртэй хуулийг анх 2009 онд батласан ч одоог хүртэл хэрэгжиж чадаагүй юм. Тус хуулийн журманд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд жагсагчид уг өөрчлөлтийг эсэргүүцэж, өнөөдөр уг нь цугласан юм. Төрийн ордонд тогтоосон онц байдлыг 12:10 цагийн орчимд буулгасан бөгөөд цагдаа нар жагсаал зохион байгуулсан гэх есөн хүнийг баривчлан саатуулаад байна.

“Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр өнөөдрийн жагсаалынхаа талаар time.mn сайтад дараах тайлбарыг өгчээ.

-Байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнүүд нэгдэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахдаа галт зэвсэг хэрэглэсэн нь гайхашрал төрүүлж байна л даа. Ямар зорилгоор буу авчирч гал нээсэн юм бэ?

-Өнөөдрийн жагсаалын гол асуудал, зорилго нь “Урт нэртэй” хуулийн хэрэгжилт. Энэ хууль өнгөрсөн хугацаанд хэрэгжээгүй. Эдийн засгийн хямрал гэсэн шалтгаанаар ямар ч судалгаагүйгээр асуудалд хандаж, хүчээр шийдэхийг оролдож байна. Үүнийг нийгэмд зөв танилцуулаач, судалгаатай, суурьтай хандаач ээ гэдэг шаардлагыг л тавьж байгаа. Миний хувьд “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнийг төлөөлж ирсэн. Намайг ирэхэд үйл явдал болоод өнгөрсөн байна. Гэсэн ч Монголд ялангуяа орон нутагт харийнхан буюу хөрөнгө оруулагч нэртэй колончлогчдоос зэвсэг бариад ч хамаагүй эх нутгаа хамгаалах уур амьсгал бүрдээд байгаа юм. Сүүлд л гэхэд Дорноговь  аймгийн Улаанбадрах суманд ураны өрөмдлөг хийхийг зэвсэг барьж эсэргүүцээд хоёр ч удаа зогсоогоод байна. Өнөөдөр “Гал үндэстэн” холбоо Монгол Улсыг колончлолд оруулж байгаа энэ асуудлыг зогсоохгүй бол зэвсэг барьж тэмцэхэд бэлэн шүү гэдгээ илэрхийлж мэдэгдлийн журмаар зэвсэг барьж ирсэн юм шиг байна лээ. Харин энэ үеэр ордны хамгаалалтын албаныхан тэднийг барьж дотогш авч орохыг оролдох үеэр “Биднээс холд” хэмээн эсэргүүцэж байхдаа бууныхаа гохыг дарчихсан байна гэж ойлгосон.

-Бэлгэдлийн чанартай юм бол буугаа яагаад сумгүй авч явж болоогүй юм бол?

-Бэлгэдлийн чанартай гээд зүгээр төмөр барих нь дэндүү дүр эсгэсэн санагдсан юм байлгүй дээ. Тэгээд л буу нь сумтай байсан байх. Түүнээс биш ямар нэгэн зэвсэгт халдлага, эсэргүүцэл үзүүлэх санаатай байсан гэж бодохгүй байна.

-Аль хөдөлгөөнийхөн буу авчирсан бэ?

-“Гал үндэстэн”

-Хүн гэмтэж бэртсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл авсан уу?

-Тийм  мэдээлэл алга. Айхтар ноцтой мөргөлдөөн болоогүй, санамсаргүй буун дуу гарсан шүү дээ. Тийм болохоор хүн хүнд бэртсэн гэж бодохгүй байна.

Т.ДАРХАН 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж