Оюу Толгой уурхайд оюутнууд дадлагажиж байна

Хуучирсан мэдээ: 2013.09.16-нд нийтлэгдсэн

Оюу Толгой уурхайд оюутнууд дадлагажиж байна

– Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад энэ боломжийг олгодог –

Оюутан хүн сургалтын төлбөр, дотуур байрны зардал, хэрэглээний мөнгөндөө санаа зовохгүй сурна гэдэг том боломж. Гэхдээ ийм боломжийг олон газар олгохгүй л дээ. Тэгвэл Оюу Толгой компани Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрөөрөө оюутан залууст ийм боломж олгоод цөөнгүй жил өнгөрч. Оюу Толгой компани 2010 онд БСШУЯ-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, 2010-2015 онд давхардаагүй тоогоор 200 оюутан тэтгэлгээр сургахаар шийдвэрлэсэн юм. Өнөөдрийг хүртэл яг 100 оюутан тэтгэлэг авчээ. Тэтгэлэгт хөтөлбөрөө жил бүр олон нийтэд нээлттэй, ил тод зарлаж, шударгаар шалгаруулдаг. Монгол улсын иргэн, дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутнууд уул уурхай, металлурги, баяжуулалт, геологи, механик, цахилгаан, хими, байгаль орчин, барилгын инженерийн чиглэлээр суралцдаг бол хэн ч хамрагдах боломжтой. Харин сурлагын голч дүн 3.2-оос дээш, өөр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх ёстой. Оюу Толгой компаниас тухайн сургуульд суралцах жилийн сургалтын болон оюутны дотуур байрны төлбөр төлнө. Оюутнууд бас сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна. Хэрвээ 2 дугаар дамжаанд суралцдаг оюутан тэтгэлэг авсан бол дахиж өрсөлдөхгүй. Тухайн оюутны сурлагын голч дүн 3,2-оос дээш байвал тэтгэлэг сургууль төгстөл үргэлжилнэ. Энэ бол бас нэг давуу тал. Үүнээс гадна Оюу Толгой компанид дадлага хийх боломжтой. Компанийн Хүний нөөцийн хэлтсийн Сургалтын мэргэжилтэн Ё.Лхамаа “Жилд 70 хүртэлх оюутан компанид дадлага хийдэг. Манайхаас дадлагын үр дүнд үнэлгээ хийдэг. Оюутнууд бас багийнхандаа танилцуулга хийнэ. Энэ дадлагаар оюутнуудыг онолын мэдлэгээ дадлагаар бататгах, мэдлэгийн чиглэлээр чадваржуулах зорилготой” гэж хэллээ.
Дэлхийд тэргүүлэгч уурхайд, өндөр технологи, чадварлаг мэргэжилтнүүдээс суралцана гэдэг тэдний хувьд том завшаан юм. Тэтгэлэг авсан оюутнуудаас Т.Эрхэмбаяр, Д.Баасандорж, Н.Билгүүн, Д.Отгонбаатар, Б.Мөнхбаяр нар саяхан уурхайд өөр өөрийн мэргэжлээр дадлага хийгээд ирж. Тэдний заримтай нь уулзахад сэтгэл өндөр байснаа хуваалцсан юм.

Ийнхүү оюутнууд Оюу Толгой уурхайд ажиллах мөрөөдлийнхөө эхлэл болгож, дадлага хийж, шинэ амьдрал, орчин үеийн техник, технологитой танилцлаа. Монголчууд “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэж ярьцгаадаг. Тэдэнд дэлхийд тэргүүлэгч уурхайн ажилтан болох ирээдүй ч ойрхон байна.


Д.Баасандорж: Би ШУТИС-д уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр суралцдаг. Баяжуулах үйлдвэрт ахлах ажилтны туслахаар ажилласан. Тэндхийн хүмүүс өөрсдийн мэддэг зүйлээ сэтгэл харамгүй зааж, зөвлөдөг. Уурхай дээр аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангадаг. Дадлага хийж байгаа оюутнаар мэргэжлийн бус ямар зүйл хийлгэхгүй. Бүх ажил дүрэм журмын дагуу явагдана. Дэлхийн хэмжээний компаниас таниж, мэдсэн зүйл их байгаа. Бас хангамж, хувцас хэрэгсэл сайн, чөлөөт цагаа өнгөрөөх олон газартай. Би төгсөх 4-р курс. Миний хүсэл бол сургуулиа төгсөөд Оюу Толгой компанид ажиллах.


Т.Эрхэмбаяр: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат. МУИС-д хайгуул, нөөцийн геологич мэргэжлээр суралцаж байна. Оюу Толгой уурхайн ил уурхай, геологийн хэлтэст дадлага хийлээ. Миний хувьд өмнө нь уурхайд очиж байгаагүй. Оюу Толгойд дадлага хийгээд нэлээд их зүйл сурч мэдлээ. Тэнд олон жилийн туршлагатай инженерүүд ажилладаг юм байна. Оюу Толгой компанийн Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр сургалтын төлбөр, дотуур байрны зардал, сар бүрийн 200 мянган төгрөгөөс гадна манлайлал, англи хэл зэрэг төрөл бүрийн сургалтуудад хамруулдаг. Үүгээрээ давуу талтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж