Сири рүү довтлох анхны санаачилгыг Обама өөрөө гаргасан гэдэг эргэлзээтэй. Үүнийг түүний ярьж, хэлж байсан зүйлээс нь бэлхнээ харж болно. 2011 онд Сирийн хямрал гүнзгийрч байх тэр үед Обама “Сири бол тусдаа гүрэн. Бид асуудалд нь оролцохгүй. Гэхдээ асуудлаа аль болох энхийн арга замаар шийдвэрлэх хэрэгтэй. Энэ асуудалд нь бид зуучлагч байдлаар оролцож болох юм” гэж мэдэгдэж байсан удаатай. Гэтэл гэнэтхэн 2013 онд тэс өөр юм ярьж эхлэв. Нэгдүгээрт, Обамагийн хоёр дахь засаглалын эхний жил таарсан. Хоёрдугаарт, түүний доор байгаа багт томоохон өөрчлөлтүүд орсон. Гуравдугаарт, АНУ-ын бүх цаг үеийн түүхэн дэх Төрийн нарийн бичгийн дарга нарын үйлдэж байсан үйл хэргийг Керри давтах гэж хичээсэн. Энэ бүх үйлдэл Обамагийн бодлыг эргүүлсэн байж болох юм. Хэрвээ Керригийн гаргаж ирсэн мэдээлэл илүү бодитой, өөрөөр хэлбэл, итгэл төрүүлэм байсан бол Обама зэвсэглэн дайрахаар өдийд бэлдээд сууж байж болох байсан. Гэтэл ОХУ гэх асар том саад гарч ирснээр байдлыг хурцатгаж орхив. Үүнээс өмнө Обамаг бантахад хүргэсэн нэг том үйл явдал болсон нь Их Британийн парламент Сирийн цэргийн ажиллагааг дэмжээгүй явдал. Анхнаасаа Сирийн асуудал ийнхүү барцадтай эхэлсэн. Гэхдээ анхны байрандаа Обама зогссон хэвээрээ л байсан. Конгресс, Сенатаар дэмжүүлэхийн тулд захиа хүртэл илгээсэн. Сүүлдээ америкчууд хүртэл Обамагаас нүүр буруулж эхэллээ. Энэ үед Обама, Ассад руу дипломат захиа явуулсан. Тэр Ассадыг химийн зэвсгээ ил болгох, химийн зэвсэг хэрэглэснээ олон улсад ил болгохыг хүсэв. Энэ захианы хариуг Ассад ер хэлээгүй. Харин Лавровтой энэ талаар уулзжээ.
Энэ удаагийн Сирийн дайныг дипломат дайн гэж нэрлэхэд огт буруудахгүй. Сирийн эсрэг цэргийн ажиллагаа нь сүүлдээ дипломат дайн болон хувирч, Путин гэх маш том тээг гарч ирэв. 2011 онд Сирийн байдал хурцдахад ОХУ цэрэг, дайны ажиллагааг эхлүүлээд хэрэггүй гэж үзэцгээж байлаа. Обама болохоор энх тайван байдлыг бий болгохын тулд зуучлагчдын үүргийг гүйцэтгэх хэрэгтэй гэж мэдэгдсэн ч ОХУ үүнийг эцэстээ цэрэг, дайны ажиллагаа болно гээд хүлээж аваагүй. Гурван долоо хоногийн өмнө Керригийн хийсэн мэдээллийг ч Путин таатай хүлээж аваагүй билээ. “Тусгаар улсын асуудалд хөндлөнгөөс оролцох нь байж болохгүй хэрэг. Тэгээд ч химийн зэвсэг байгаа гэдэг нь албан ёсоор тодорхой болоогүй. Таамаг төдий л байгаа” гэж Путин мэдэгдэж байсан удаатай. Харин яг үүний дараа Путин нэг том алхам хийсэн нь АНУ-тай хэлэлцээ хийх явдал. Их 20-ын уулзалтын үеэр Обаматай нэлээд ширүүн маргалдсаны дараа Женев хотод хэлэлцээрт урьсан хүн нь Путин. Хэрвээ энэ алхмыг Обамагийн багийнхан түрүүлээд хийсэн бол нэр хүнд нь хаашаа эргэх байсан нь тааварлахад бэрхтэй юм. Ерөнхийдөө Женевт болсон уулзалт Путины ялалтаар өндөрлөсөн. Нэг ёсондоо дайрах ямар ч шалтгааныг АНУ-д өгсөнгүй. Одоо АНУ-гийн урих ээлж. Тэд урьсан. Саналаа тавьсан. Дараагийн төлөвлөгөө боловсруулахыг уриалсан. Харин төлөвлөгөөний цаад учир нь юу байхыг хэн ч мэдэхгүй байна.
Зарим шинжээчид энэ хоёр улс анхнаасаа цэргийн ажиллагаа хийх бодолтой байсан нь үнэн. Тэд байгалийн баялагийг нь хувааж авах бодолтой байсан гэж үзэж байгаа. Тиймээс хоёр их гүрний дунд тулаан өрнөж байгаа. Путин болохоор аврагчийн байр сууриас, Обама чөтгөрийн байр сууриас хандсан. Путин найр тавьж байгаад байгалийн баялгийг нь өөртөө ашигтайгаар эргүүлэх, Обама энх тайван авчрах зорилгоор цэргийн ажиллагаа явуулж баялгийн бодлогод нь нөлөөлөх. Аль нь ч байсан хоёулаа л баялгийн араас хөөцөлдөж байгаа нь үнэн. Энэ дундаас ОХУ арай л давамгай байдалтай байсан 2010 оны дунд үед ОХУ-ын Засгийн газар Сирийн Засгийн газартай нэгэн тохиролцоонд хүрсэн нь газрын тос олборлох ажилд туслах явдал. Энэ ажлыг гүйцэтгэх гол байгууллагаар “ГАЗПРОМ”-ыг нэрлэсэн. Гэхдээ одоо хүртэл олборлох ажилд оролцоогүй байна. Гэхдээ ОХУ таван тэрбум рубльтэй тэнцэх тусламж өгсөн гэсэн дам мэдээлэл байдаг. 2011 онд АНУ болон барууны улсууд Сирийн газрын тосны экспортод хориг тавьснаар ОХУ, Хятад хоёр газрын тосны экспортыг нь дэмжиж эхэлсэн. Нэг ёсондоо ОХУ байхгүй бол Сири юу ч биш байсан. Одоо ОХУ-АНУ хоёрын хооронд боловсруулах гэж байгаа дараагийн төлөвлөгөө бол нарийндаа газрын тос болоод байгалийн хийн асуудал дээр л тохиролцох гэж байгаад оршиж байж болох юм. Хэрвээ ОХУ энэ удаад ганцаараа Сири улсад тоглоод эхэлбэл, АНУ-д ашиггүй болж хувирна. Учир нь Хятад гэх том гүрэн удахгүй тэдний урд орно. Тийм ч учраас тэд дэлхийн том гүрэн гэх байр сууриа аль болох удаан хадгалахыг хүсэх билээ. Магадгүй энэ хүслийг гүйцээх хамгийн том хөзөр нь Сири ч байж болох юм.
Ямар ч байсан дипломат ялагдлыг удаа дараалан амссан Обама, Путинтай дахин ярилцахаар боллоо. Энэ удаад тэр аргадах байдлаар энэ хэлэлцээрийг эхлүүлнэ. Сирийг үндсэндээ хуваалцах тохиролцооны дараа тэр азийн дөрвөн улсад ирэх аравдугаар сард айлчлахаар болсон. Гол зорилго нь юу байж болох вэ…?