Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч гэсэн цолтойгоор “Будант албион”-оос Мадридад ирсэн Гарет Бейл өчигдөр “Реал Мадрид”-ын бүрэлдэхүүнд дебют тоглолтдоо оролцож, гоолдлоо. Ла лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтын хүрээнд тэд лигт нэг ч хожигдолгүй тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байсан “Вийяреал” клубтэй таарч тоглоод 2:2 харьцаагаар тэнцсэн юм. Энэ удаагийн тоглолтод “Реал”-аас Роналду болон Бейл нар гоолдов. Тоглолтын нээлтийн гоолыг 21 дэх минутад “Вийяреал”-аас Кани оруулсан бол 39 дэх минутад Эзэн хааны клубээс Гарет Бейл гоолдсон бөгөөд түүнд дамжуулалтыг Даниел Караважал өгсөн байна. Хоёрдугаар үе эхлээд 20 гаруй минут өнгөрч байхад буюу 64 дэх минутад Криштиану Роналду гоолдож, тэргүүлэлтийг авчирсан бол 70 дахь минутад талбайн эзэн баг болох “Вийяреал”-ийн Жиовани дос Сантос гоолдож тэнцүүлжээ. Эзэн хааны клуб өнгөрсөн шөнийн тоглолтод Шаби Алонзо болон Марселогүйгээр тоглосон билээ. Энэ зун 85,3 сая фунтын үнэ цэнээр дэлхийн үнэтэй хөлбөмбөгч болсон Гарет Бейл ийнхүү гоолдсоноор багтаа ирсэн анхны тоглолтдоо гоолдсон цөөхөн тамирчдын нэг болсон байна. “Реал” Мадрид клубыг ирэх 17-ны өдөр Аваргуудын лигийн тоглолт хүлээж байгаа юм. Тэд Туркийн “Галатасарай” клубтэй тоглох билээ.
Б.СҮХ