Хамгийн түрүүнд үндэсний утга зохиолынхоо “будаалганд” очицгооно. Дараа нь “монгол хэл”-ээ оршуулж, овоолсон шороон дээр босгосон чулуун дээр хятад ханзаар “энд монгол хэл нойрсч байна” гэж бичнэ. Тэгээд зэрлэгээр хашгиралдсаар найр тарна. Гүйцээ. Түүнээс цааш өөр юу ч байхгүй. Гиннесийн номд хэдэн нүцгэн бөх барилдсан хийгээд хөлстэй морьд уралдсан түүх бичигдэж хоцорно. Ийм аймшигт, нэн гутамшигт ирээдүйг монгол эхийн сүү хөхөж, монгол эцгийн цус судсаар нь лугшиж байгаа нэг ч хүн хүсэхгүй. Харин энд тэндээс хольцоотой, эрээвэр хурааварчууд л хүсч байхыг үгүйсгэхгүй. Тэдэнд цөөхөн хэдэн монголчууд “оюунлаг зэрлэгшил” рүүгээ улам бүр шунан тэмүүлж, дасан дурлаж байвал хожмын хэрэг явдалд нь тустай биз. Энэ цөөхөн хэдэн монголчууд эд хөрөнгө, гял цал, шил толь, өнгө гэрлийн төлөө хашгиралдаж, цаана нь жинхэнэ оюунлаг төрхөө гээж байвал сайхан байдаг биз. Тэгж ч бусдын хөнгөн зууш, хөөсөн гамбир болмооргүй байна. Тэгвэл одоо яах вэ?
Монгол хэлт, үндэсний утга зохиолын талаар баримтлах төрийн бодлого байна уу? Ер нь энэ төрд урлаг, утга зохиолын талаар баримтлах ямар бодлого байна вэ? Хичнээн удаа хоолойгоо цахиртуулан асуугаад нэмэргүй. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм даанч алга. Арай хэдэн зуун сая хүнтэй, хэдэн зуун сая хүн нь өөр өөрийнхөө оюуны “хэмжээнд” уншдаг улс үндэсний утга зохиолтой харьцуулж хөгжлийнх нь зүй тогтол, оюуны багтаамжид нь найдаж зөнд нь хаяж орхино гэж боддоггүй л байлтай. Жижиг улс үндэстэнд хэл соёл, утга зохиолынхоо талаар баримталдаг том бодлого байдаг гэдгийг мэдмээр юм. Хэдийгээр би “жижиг” улс үндэстэн гэдэг үгэнд дургүй ч энэ удаа хэрэглэхээс өөр арга байсангүй. Үнэндээ “жижиг” улс үндэстэн гэж байдаггүй юм билээ. Харин жижиг сэтгэдэг улс төрчид, “жижиг” бодолтой “сэжиг” бүхий удирдлагууд л байдаг юм. Жижиг биш бас дээр нь сэжиг бүхий биш төрийн “толгой” үндэстнийхээ хэл соёл, утга зохиолын жинхэнэ шилдгүүдийг (жинхэнэ шүү?) багтаасан төрийн бодлогын зөвлөл байгуулж, үндэсний утга зохиолоо түгээн дэлгэрүүлэх, орчуулах ажлыг эрхлэн явуулдаг юм билээ. Өнөөдөр бидэнд тийм бодлого байтугай бодол ч алга.
Гэтэл муулж сайлдаг боловч өмнөх социалист төрд тийм бодлого байсан учраас л богинохон хугацаанд ард түмнээ “харанхуй бүдүүлгээс” нь хагацааж, үндэсний утга зохиол хөгжсөн тал бий. Хөгжсөн гэдэг чинь өмнөхөөс ахисан үгүй бол өмнөхөөсөө лав ухраагүй гэсэн үг. Гэхдээ ямар замаар будаа тээснийг одоо хэн ч хэнээр ч хэлүүлтгүй мэдэх болжээ. Гэвч хэрэг болгож хэдхэн жишээг дурдах уу?
Үүнээс гадна Монголын зохиолчдын байгууллага 1973 оны тавдугар сард “Олон улсын утга зохиол шүүмжлэгчдийн холбоо” (МАЛК)-д гишүүнээр элсэж үйл ажиллагаанд нь оролцож байна. (”Хөгжлийн шинэ замаар” 1988, 46-р тал)
Одоо шүүмжлэгчдийн олон улсын холбоонд элсэх нь битгий хэл утга зохиолын мэргэжлийн шүүмжлэгч ховорджээ. Тэр үед төр бодлоготой байж, тэр бодлогын хүрээнд утга зохиолын судлал шүүмжлэл хөгжиж байсан гэвэл хуучнаа дурсаж, эргэж буцах гэсэн явдал болох уу? Үгүй л болов уу. Өнөөдөр утга зохиолын шүүмжлэл ор тас орхигдсоноос мэргэжлийн үнэлэлт бус хувь зохиолчдын хувийн үнэлэлтэд нийгэм итгэчихдэг болов. Хүн өөрийгөө үнэлэх гэдэг хэзээ ч бодитой байдаггүй. Нэрт зохиолч, суут зохиолч, гарамгай төлөөлөгч, сонгодог яруу найрагч гэсэн үнэлгээг дурын зохиолчийн номон дээрээс уншиж болох цаг юм. Цагийн ханш дагаад уран зохиол нь биш урнаар зохиогчдын бүтээлүүд толгой дээгүүр хийсэх нь ахиад л Монголын утга зохиолын талаарх төрийн бодлого үгүйлэгдэж байгааг харуулна. Бас дээр нь улс үндэснийхээ оюун санааг уран зохиолоор дамжуулан “зэрлэгшлээс” аврах төрийн тодорхой бодлого л гээд байгаагаас биш өнгөрсөн цагийн “главлит” нэхэж мунхаглаагүй гэдгээ хэлмээр байна.
Үргэлжлэлийг "Үндэстний Тойм" сэтгүүлээс