Тооноос илүү чанарт шүтэх цаг болж

Хуучирсан мэдээ: 2013.09.15-нд нийтлэгдсэн

Тооноос илүү чанарт шүтэх цаг болж

Тооноос илүү чанарт шүтэх тухай эрдэмтэн мэргэд эртнээс эдүгээг хүртэл ирсэн гэвэл сүржигнэсэн болохгүй байх. Ерөөс хэтэрхий олон хэрэгцээ багатай зүйл байснаас чанартай, цөөн тоотой нь илүү байх нь мэдээж. Гэхдээ энэ онолыг сөрдөг нэг салбар байдаг нь их, дээд сургуулиуд. Яг сургуулиуддаа ч учир байгаа юм биш.

Дээгүүр, Засгийн газар, салбар яамны хүрээнд танил талын асуудал болж хувирчихсанд байгаа юм. Нэг хэсэг манай улс 180 гаруй мянган оюутантай, 100 гаруй их сургуультай байлаа. Бараг л 1000 оюутан тутамд нэг сургууль ногдож байсан. Бараг л байшин болгон их, дээд сургууль болж, багш бүхэн доктор, профессор болж хувирсан. Одоо ч нэг их дээрдээгүй. Уг нь сүүлийн хэдэн жил чанартай, чанаргүй, хичээлийн байртай, байргүй олон сургуулийг цөөлж, цэгцлэх юм болсон.

Гэхдээ тэр ажлын хүрээнд хаагдсан, татан буугдсан сургууль бараг байхгүй. Зүгээр л хэдэн хувийн их, дээд сургуулийг улсын сургуулиудын харьяа болгосноос хэтрээгүй. Гэтэл албаныхан 100 хол давсан их, дээд сургуулийн тоо 95 болж буурсан гээд мэлзээд байдаг. Бодвол ШУТИС, МУИС, ХААИС-ийн харьяанд өгсөн сургуулиудынхаа тоог хасаад, 100-гаас бага зэрэг доошлуулсан бололтой юм.

Ингэж нүглийн нүдийг гурилаар хуурч яана аа. Явж явж сургуулиудыг нэгнийх нь харьяа болгосон нь цөөлөхдөө биш улам их дэмжихэд байсан. Хувийн сургууль төгсчихөөд, МУИС гэсэн диплом өвөртлөөд гарна гэдэг сайн хэрэг биш үү. Ингэж л дээд боловсролын чанараас зулгааж, тоонд шүтсэн хэвээр үлдээж байна. Эрхэм сайд дарга нар, албаныхан энэ мэтээр сургуулиуд нийлүүлж тоглож байх зуур ямар ч шаардлага хангахгүй дээд сургуулинцарууд нь хүүхэд элсүүлээд, түрээсийн байранд хичээл заасан болоод явж л байна.

Төлбөр нь том том их, дээд сургуулийг бодвол хямдхан нь үнэн. Гэтэл хямд үнээсээ 100 дахин хямд боловсрол олгож байна шүү дээ. Түүнээс нь болоод гудамжаар дүүрэн дээд сургуулийн дипломтай “лааз өшиглөгсөд” холхиж байна.

Төгссөн мэргэжлээрээ ажиллах гэхээр гологддог. Тэгэхгүй гэхээр манаач, худалдагч, цэвэрлэгч, барилгын туслах хийхээс өөр сонголт үлддэггүй. Хөдөөнөөс ирж суралцсан оюутнууд нь төгсөөд нутаг буцах гэхээр ажил байдаггүй. Арай гайгүй нь хөдөө очоод ажилд орох гэхээр орчин нөхцөл муутай. Байр сууцаар хангаад, нийгмийн асуудлыг нь шийдэх ажилд төрөөс анхаарч байгаа ч юм алга.

Түүнээс нь болоод хөдөөд ажиллах боловсон хүчин нь хамгийн шилэгдсэн гологдлууд болж таардаг. Чанараас илүү тоонд шүтсэн дээд боловсролын системийн гор эргээд суурь боловсролын систем, сум орон нутгийн хөгжилд  хүртэл нөлөөлж, даавуун дээр асгасан тос шиг нүүж эхэлсний тод жишээ энэ.

Зарим хүмүүс олон их, дээд сургууль байгаагийн хэрээр залуусыг сурах бололцоогоор хангаж байгаа ч гэж үздэг. Хэрвээ ийм байгаагүй бол их, дээд сургуульд орж чадаагүй залуус юу ч хийх байсан юм билээ гэх нь бий. Гэхдээ хэдий болтол тий ямхын сэтгэлгээгээр урагшлах билээ.

Өнөөдөр улсын тодотголтой их, дээд сургуулиад сургалтын төлбөрөө нэмэхээр жил бүр улайрч байна. Магадгүй төлснийхөө хэмжээгээр чанартай боловсрол эзэмшиж чадна гэвэл болохгүй юм алга. Гэтэл хичээлийн танхимгүй, нэр төдий их, дээд сургуулиуд дагаад л төлбөрөө нэмдэг. Тэгсэн мөртлөө олгож байгаа боловсрол нь шаардлага хангахгүй. Гайгүйхэн хувийн дунд сургуулийн талд ч хүрэхгүй байгаа шүү дээ.

Тэгэхээр одоо тоог биш чанарыг шүтэх цаг болж. Сургууль цөөлөх аян өрнүүлчихээд, нэгнийх нь нэрийн цаана нуудгаа болих хэрэгтэй байна. Үнэхээр шаардлага хангахгүй бол татан буулгах цаг болж. Тэгж боловсролын системээ аврахгүй бол нэг хүний бизнесийн төлөө эх орныхоо ирээдүй болсон залуусыг золиослох шаардлагагүй. Шинэ сайд үүнийг эрхбиш тунгааж буй биз ээ.

Н.ПУНЦАГБОЛД

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж