
Фото: Kyodo / Reuters
Америкийн шинжээчид плутони үйлдвэрлэх судалгааны цөмийн тогоогоо Хойд Солонгос ажиллуулж эхэлсэн гэж мэдэгдэж байна. Энэ тухай Жон Хопкинсийн их сургуулийн олон улсын судалгааны гүнзгийрүүлсэн сургуулийн бүтцэд багтах БНАСАУ-ыг судлах хүрээлэнгийн (Paul H. Nitze School of Advanced International Studies, SAIS) төлөөлөгчид мэдэгдлээ. Албан ёсны мэдээлэл гаргахын өмнө шинжээчид Ник Хансен, Жеффри Льюис нар судалгааныхаа ерөнхий дүнг өөрийн хүрээлэнгийн 38 North блогт нийтэлжээ.
Шинжээчид хиймэл дагуулаас авсан Йонбен дэх Хойд Солонгосын цөмийн тогооны шинэ зургуудыг судлаад таван мегаваттын графитийн цөмийн тогоо ажиллаж эхэлсэн эсвэл ойрын үед ажиллах болно гэж дүгнэжээ. Тухайлбал, наймдугаар сарын 31-нд хийгдсэн зурагт тогооны дэргэдэх залгаа байрнаас цагаан утаа эсвэл уур хөөрч байгааг буулгажээ. Тэр байранд нь уурын турбинууд ба цахилгаан генератор байгаа гэж шинжээчид үздэг.
Цөмийн тогоо нь цөмийн урвалаар ялгарах дулааны эрчим хүчийг ашиглан уураар нь турвиныг ажиллуулан цахилгаан гаргадаг. Уур тэнд ажиглагдсан нь тун удалгүй тогоо бүрэн хүчин чадлаараа ажиллах болно гэдгийг харуулж байна.
Хойд Солонгос цөмийн тогооны ажиллагаагаа сэргээж буйгаа 2013 оны дөрөвдүгээр сард зарласан юм. Йонбен дэх судалгааны цөмийн цогцолбор нь жилдээ зургаан кг плутони үйлдвэрлэх бөгөөд тэр нь цөмийн зэвсэг бүтээх материалаа нөөцлөх боломжийг Пхеньянд өгч байгаа билээ.
Йонбены графитийн цөмийн тогоо 1980-аад онд бүрэн баригдаж дууссан байна. Хойд Солонгос 1994 онд түүний ажиллагааг зогсоож оронд нь хүнсний тусламж авахаар зөвшөөрчээ. Хожим 2002-2007 онуудад Пхеньян цөмийн тогооны ажиллагаагаа сэргээсэн бөгөөд түүнийг ажиллагаатай байх хугацаанд 34-36 кг плутони гарган авсан гэдэг. Энэ нөөц нь ойролцоогоор арваад цөмийн бөмбөг бүтээхэд хүрэлцээтэй. Йонбены цөмийн цогцолборын буянаар 2006 ба 2009 онуудад БНАСАУ хоёр удаа цөмийн бөмбөгийн газар доорх туршилтыг хийсэн.
Пхеньяны хамгийн сүүлчийн цөмийн туршилт нь 2013 онд хийгдсэн бөгөөд энэ удаа ямар төрлийн бөмбөг туршсан нь тодорхой биш байгаа аж.