Фенүүдтэйгээ уулзах мөч тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

Фенүүдтэйгээ уулзах мөч тун удахгүй

"Blue"-гийн залуус фенүүдтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна

Төв цэнгэлдэхэд өнөөдөр орой дэлхийн одод тоглолтоо хүргэнэ. Энэ бол үзэгчдийн итгэж ядан ирээсэй хэмээн найдлага тавин хүлээж байсан "Blue" хамтлагийнхан. Тэд амласандаа хүрч эх оронд маань өчигдөр орой ирсэн. Өнөөдөр тоглолтынхоо өмнө хэвлэлийн бага хурал хийн хэвлэл мэдээллийнхэнд Монголд ирсэн сэтгэгдэл болон тоглолтынхоо талаар мэдээлэл өгсөн юм.

"Blue" хамтлагийнханаас Монголд ирээд төрсөн анхны сэтгэгдлийг нь сонсоход “хүйтэн байлаа” хэмээн хэлсэн юм. Гэхдээ тэд цаг агаарын талаар “Лондон бол ерөнхийдөө сэрүүн уур амьсгалтай. Бидэнд Улаанбаатарын цаг агаар манай зуныг санагдуулам байна. Оройдоо сэрүүхэн байна гэсэн учраас тоглолтыг маань зорин ирэх үзэгчдэдээ дулаан хувцастай ирээрэй хэмээн хэлмээр байна. Бид энэ хүйтнийг ажрахгүй өөрсдийн хит уран бүтээлүүдээс амьд хөгжмийн хамтлагийнхаа хамт хүргэх болно. Бидний хувьд тоглолтоо хийн уран бүтээлээ хүргэнэ гэдэг бол монголчуудад бидний барьж буй хамгийн том бэлэг. Өнөөдрийн тоглолтын хувьд Монголын аль нэг хамтлагтай хамтран дуулна гэж төлөвлөсөн зүйл байхгүй. Гэхдээ Монголын хамтлаг дуучдыг судлан цаашид хамтран ажиллахад боломжгүй гэх зүйл байхгүй. Биднийг Монголд анх хөл тавихад үзэсгэлэнтэй үндэсний хувцастай охид, цэцгийн баглаа барин фенүүд, хэвлэл мэдээллийнхэний хамт тоссон нь маш гайхалтай сэтгэгдлийг үлдээсэн. Монголд ирсэн сэтгэгдэл маш өндөр байна. Ирэх зул сарын баяраар бид UK болон Европын орнуудаар аялан тоглолтоо хийнэ. Үүний дараа ирэх жил Азид аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа. Тэр үед Монголын үзэгч, фенүүд бидэнтэй дахин уулзахыг хүсвэл бид танай сайхан оронд ирэхдээ хэзээд баяртай байх болно. Монголд энэ удаад цөөн хоногоор саатаж байгаа учраас дараа ирж олон хоног байх хүсэл байна. Улаанбаатарт ирээд хэдийгээр бүтэн нэг өдөр болоогүй ч хөгжөөн дэмжиж байгаа энэ улсын залуустай хэдхэн цагийн дараа тайзан дээрээс уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Хамтлаг маань эргэн нэгдсэн цагаасаа уран бүтээлдээ анхааран маш их зүйлсийг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд ирэх онд дараагийн шинэ цомгийн ажилдаа орно. Монгол Улсын тухайд хүн бүр Чингис хаанаар нь мэднэ. Монгол бол дэлхийн анхны улс. Энэ улсад анх удаа айлчлан ирж аялан тоглолтоо хийж байгаадаа манай хамтлагийнхан сэтгэл өндөр байна” хэмээн дуулгасан юм.




Сануулахад, тоглолт 19.00 цагт эхлэх бөгөөд 17.30 цагаас эхлэн үзэгчид Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх боломжтой юм. Тоглолтын тасалбар тун цөөхөн үлдсэн бөгөөд өнөөдөр тоглолтын тасалбарыг зөвхөн Төв цэнгэлдэхийн хүрээлэнгийн гадна байрлах явуулын цэгүүдээр худалдаална гэсэн шүү. Үнийн тухайд 30000 ба 60000, 150.000 төгрөгийн үнэтэй юм.


Зураг дээр “Blue” хамтлагийн тоглолтын тасалбарыг өнгөөр зурж үзүүллээ. Зураг дээр үзүүлсэнчлэн цэнхэр өнгийн 3, 12, 16 дугаар хаалга, үзмэн ягаан өнгийн 4, 5, 6, 13, 14, 15 дугаар хаалгаар 30 мянган төгрөгийн тасалбартай үзэгчид нэвтрэх бол саарал өнгийн 1, 2, 17, 18, шар өнгийн 7 дугаар хаалгаар 60 мянган төгрөгийн тасалбартай үзэгчид харин ягаан өнгийн 19 дүгээр хаалгаар зөвхөн VIP суудлын үзэгчид нэвтрэх юм байна.

Энэ үдэш "Blue"-гий залуустай уулзацгаая.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж