Үндэсний үйлдвэрлэгчдийн алтан үе-3

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэгчдийн алтан үе-3

Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах нь дотоодын үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөх боломж нөхцөлийг олгодог. Учир нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болоход хэрэглэгчид дотооддоо үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэлээ түлхүү хэрэглэж эхэлдэг байна. Ханшийн өнөөгийн орчин үндэсний үйлдвэрлэгчдэд яаж нөлөөлж байгаа талаар тодрууллаа.

-“Хангай миллс” ХХК-ны захирал Л.Ганбат: Төр засгаас дотоодын үйлдвэрүүддээ хөнгөлөлттэй зээл олгож дэмжсэнээр долларын зээл авч ханшийн эрсдэлд орохоос хамгаална


      
-УБ-т 10 орчим, улсын хэмжээнд 30 орчим гурилын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь өрсөлдөөнийг бий болгож байна. Өнөөдөр нэг кл гурил 550 төгрөгөөс доошоо байна. Тодруулбал дээд гурил кг нь 500 төгрөгний үнэтэй байна. Энэ жилийн тухайд Сэлэнгэ, Төв аймгийн тариаланчид нэг тн улаан буудайгаа 450 мянган төгрөгөөс доош өгөхгүй байгаа нь өмнөх оноос даруй 2 дахин өндөр үнэ юм. Иймд одоогоор гурилын үйлдвэрүүд ганц ч тн улаан буудай аваагүй байна. Дэргэдээ талхны үйлдвэртэй гурилын үйлдвэрийн хувьд бол талхаа өндөр ашигтай борлуулж гурилаа хямдхан зарж байгаа нь бусад гурилын үйлдвэрээ чирээд байна. Гэсэн хэдий ч дотоодын ажиллах хүч, түүхий эд, материалаа ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь ханшийн хэлбэлзлийн үед импортын бараанаас харьцангуй давуу талтай болж чадаж байна.. Ам.долларын ханш өссөн учраас саяын сард ашиггүй ажиллаа. Учир нь шинэ компаниудад долларын зээл л олддог. Эргэн төлөлт дээр  ханш чангарсан нь бидэнд багагүй бэрхшээлтэй байна. Дээр нь ам.долларын ханш чангарснаар ажилчид цалин нэмэх шаардлагыг тавих болсон. Мөн гурилын  тоног төхөөрөмжөө шинэчлэх, шуудай шошгоо захиалж авчрах бүх ажлыг импортоор хийдэг. Өмнө нь нэг шуудай 350 төгрөгөөр авдаг байсан бол одоо 400  төгрөг болчихлоо. Энэ нь юаны ханшийн өөрчлөлттэй холбоотой. Манай мэргэжлийн хяналтынхан өөрсдийнхөө нөхцөл боломжийг ойлгохгүй сав, баглаа, боодол, шошгон дээр өндөр шаардлага тавьдаг нь үйлдвэрлэгчдэд тэр хирээрээ ачаалал үүсгэж байна. Дээр нь нэмээд тог цахилгааны үнэ нэмэгдсэн нь үйлдвэрлэл эрхэлж байгаа бидэнд хүндхэн байна. Цаашдаа энэ салбарт төр засгаас хөнгөлөлттэй зээл олгож дэмжиж нэн шаардлагатай байгааг дамжуулж өгнө үү


-“Мон таримал” ХХК-ны захирал Р.Цогтбуян: Үйлдвэрлэлээ өртгөтгөх нь тогтмол хийгддэг ажлууд биш учраас ханш тогтворжтол хүлээх боломж бий


 
-Импортоор хуурай сүү оруулж ирдэг компаниуд захиалгаа оны эхэнд хийчихдэг учраас өдийд гарч байгаа ханшийн өсөлт төдийлөн нөлөөлөхгүй л дээ. Зарим хуурай сүүний импортын компаниуд хэрэглэгчдийг хохироож цэвэр үнээний сүү гээд ургамлын сүү хүртэл оруулж ирдэг. Манай компаний хувьд зуун хувь үхрийн шингэн сүү зах зээлд нийлүүлдэг. Түүнчлэн махны чиглэлээр үхэр үржүүлж, зах зээлд мөн мах нийлүүлдэг. Манайх одоогоор 100-аад үхэртэй. Энэ хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхээр 300 үхрийн төсөл хийгээд байна. Герман, францаас хосолмол үхэр /сүү, махны чиглэлийн/ оруулж ирэхээр судлаад байна. Одоогоор долларын ханш өндөр байгаа нь оруулж ирэх үхрийн үнэ, тоног төхөөрөмжид тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр байгаа учраас ханшийн хөдөлгөөнийг харзнаж байгаа. Бид жилдээ нийслэлд 340 мянган тн литр сүү нийлүүлэхээр гэрээлдэг. Сүүгээ Сүү ХХК, Үлэмж органик ХХК-д нийлүүлдэг. Үлэмж органик ХХК-ны хувьд манай охин компани учраас сүүгээ боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эх орны үйлдвэрүүдийн хувьд ам.долларын ханшийн өсөлт нь зах зээлээ тэлэхэд боломж олгож байна. Дээр хэлсэнчлэн үйлдвэрлэлээ өртгөтгөх нь тогтмол хийгддэг ажлууд биш учраас ханш тогтворжсон үед ч хийж болох юм гэсэн хүлээлттэй байгаа.


“Мөнхийн Монгол ургац” ХХК-ны захирал Х.Батөлзий: Бидний хувьд төгрөгийн сулралтаас айсан юм алга


     
-Долларын ханш өссөнөөр импортын төмс хүнсний ногооны үнэ өсч зах зээл нь хумигдана. Энэ нөхцөл байдал дотоодын тариланчид, үйлдвэрлэгчдийн хувьд эх орны хөрсөн дээр тарьж ургуулсан үржил шимтэй төмс, хүнсний ногоогоор хэрэглэгчдээ болон зах зээлээ тэлэх сайхан боломж олгож байна. Бидний хувьд төгрөгийн сулралтаас айсан юм алга. Манай компаний хувьд хүнсний ногоо, тэжээлийн үйлдвэрээ түшиглэн гахайн фирм байгуулахаар зорьж ажиллаж байна. Одоо манайд чинь Польш, Солонгосоос импортоор замбараагүй их гахайн мах, өөх оруулж ирж байна. Энэ зах зээлийг л Монголчууд бид өөрсдөө хангах хэрэгтэй байна. Тэгэхийн тулд мэдээж үйлдвэр, тоног төхөөрөмж шаардлагатай байгаа. Манай компаний хувьд Европын холбооны хямрал, мөн Япон улс иенээ сулруулж байгаа энэ үед тэдгээр улсаас тоног төхөөрөмж оруулж ирэх нь хямд тусах юм гэсэн тооцоо судалгааг хийгээд байна.

Ярилцсанд баярлалаа

Э.ҮҮЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж