Сирийн хэлэлцээ гурав дахь өдрөө

Хуучирсан мэдээ: 2013.09.14-нд нийтлэгдсэн

Сирийн хэлэлцээ гурав дахь өдрөө

/Сири бай биш болсон/

Их гүрнүүд Сирийн асуудлыг гурав дахь өдрөө хэлэлцэж байна. Эхний хоёр өдөр бүхэлдээ Путиний давамгайлал дор явагдсан гэж болно. Бусад улсын санааг эргүүлэх ганц хоёр мэдэгдэл хийсэн ч эцсийн дүндээ юу болж дуусах нь одоогоор тодорхойгүй байна. Дайн болгохгүйгээр АНУ-тай тохиролцоонд хүрнэ гэж таамаглаж байсан шинжээчдийн таамаг ерөнхийдөө батлагдах талдаа хэлбийж байх шиг байна. Харъя л даа. АНУ-ын Сири рүү шунаад байгаа нь газрын тос болоод байгалийн хий нь байсан. Харин ОХУ, америкд давамгайллаа алдахыг хүсэхгүй. Тийм ч учраас хэлэлцээрт орох нь гарцаагүй байсан. Тэгээд л тэд Женевт хэлэлцээр хийж байгаа. АНУ-тай ямар хэлэлцээрт нь хүрэх нь одоогоор тодорхойгүй.

ОХУ байран дээрээ

Тэд анхнаасаа Сирийн цэргийн ажиллагаанд дургүй байсан. Учир нь Сири улсад экспортын хоригийг барууны ихэнх улс болоод АНУ тавьснаас хойш ОХУ газрын тос болоод байгалийн хий экспортлож байгаа. Цэргийн ажиллагаа болох дээрээ тулвал тэд зэвсэгээр дэмжихээ анхнаасаа мэдэгдсэн билээ. Сирийн зэвсэгт мөргөлдөөн эхэлнээс хойш тэд улсын дотоод хэрэгт оролцоод хэрэггүй гэж үзэж байсан. Гэхдээ АНУ, Сири рүү санаашраад эхэлбэл тэд зүгээр нь суухгүй тодорхой. Учир нь АНУ-д “тамга” атгуулахыг эхнээсээ л хүсэхгүй. Сирийн асуудал хурцдахаас бүр өмнө ОХУ-ын засгийн газрын гишүүд “Газпром” ХХК-тай хамтран Сирийн Хомс хотод газрын тос олборлох ажиллагаа явуулах талаар тохиролцож байсныг мартах учиргүй. Байгалийн хийн тал дээр ч гэсэн Украйн, ОХУ-ын төлөөлөгчид ярилцаж байсан удаатай. Энэ нөхцөлд цэргийн ажиллагаа эхлэх юм бол ах нар хүссэн хүсээгүй орохоос өөр аргагүй байсан юм. Гэхдээ энэ бүхэн нэг л зүйлээр эцэслэгдэж болохоор байсан. Тэр нь АНУ-тай хэлэлцээ хийх. Бүх зүйлээ харилцан тохиролцож Сирид ч дайн гаргахгүйгээр бялуугаа тэнцүү хувааж авах. Хэрвээ тэд тохиролцоонд хүрчихвэл АНУ, Сирийг тайван орхиж, ОХУ Сирийг аврах аврагч дүрээсээ сална. Өөрөөр хэлбэл бурхан, чөтгөр хоёр Сирийг тайван орхино гэсэн үг.

АНУ, дайн гаргахгүй байж болно

Ерөнхийлөгч Б.Обамагийн сүүлийн мэдэгдэлд энэ үг цухалзсан. Үндсэндээ өнгөрсөн гурван долоо хоногийн турш АНУ дэлхий нийтэд дайнаар заналхийлдэг улс мэт харагдаж эхэлсэн тул Обамагийн дараагийн тоглолт Ассад руу захиа илгээхээр эхэлсэн. Тэр эелдэг захиа илгээж, дайны хөлд даруулахгүй байх сонголт чамд бий гэдгийг сануулсан. Хэрвээ химийн зэвсгийн хэрэглээгээ дэлхий нийтэд ил болгож, зэвсэг хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрвөл бид дайрахгүй гэж мэдэгдсэн. Энэ болгонд Сирийн зүгээс ямар хариу илгээж байсныг жирийн иргэд бид мэдэх ямар ч боломжгүй билээ. Женевт эхэлсэн хэлэлцээрийн үеэр АНУ-чууд ОХУ-д ялагдал удаа дараалан хүртэж байсан гэхэд болно. АНУ-ын эхний аргументууд хэлэлцэгдсэний дараа ОХУ-ын баталгаанд няцаагдаж байсан. Энэ бол АП агентлагийн мэдээлэл. ОХУ зүгээр л орхичих гэж хэлж байсан. Гэхдээ цаагуураа дайн болчихоосой гэж хүсч байгаа улс бол ОХУ. Учир нь хөзрийн томоохон мод дайны хөлд дарагдсаны дараа аманд зүгээр л ороод ирэх учраас тэр. Нэг ёсондоо итгэлийг нь олох замаар түрийвч рүү нь өнгийнө гэсэн үг. Харин АНУ энэ байдлыг шууд авах замаар хийхийг сонгосон. Өөрөөр хэлбэл зэвсэгийн нийлүүлэлт, зэвсэглэл байгаа гэдгийг баталсанаар дайрч болно, дайрснаар түрийвч нь ороод ирнэ гэж. Гэхдээ энэ удаад хоёр талын байр суурь хоёулаа эргэлзээтэй байсныг өнгөрсөн хоногуудын үйл явдал бэлхнээ харуулах билээ.

НҮБ-ын хоёрдол

НҮБ үндсэндээ ямар ч хариу гаргасангүй. Химийн зэвсэг байж болох юм. Тийм учраас олон улсын хяналтанд оруулах хэрэгтэй. Энэ бол тэдний тайлан. АНУ-ын эхний мэдэгдлүүд НҮБ-ын тайланд химийн зэвсэгийн талаар тодорхой дурьдсан байгаа гэж байсан ч эцсийн бүлэгт тодорхой зүйлс нэг ч байсангүй. Сирийн удирдагч Ассадын хэлж байсанчлан химийн зэвсэг байхгүй гэдгийг бидэнтэй уулзахдаа албан ёсоор мэдэгдэж, баримт үзүүлсэн гэж байсан ч АНУ болон ОХУ-ын хэлэлцээ эхлэх үед энэ талаар бас л тодорхой хариулт өгөөгүй. Нэг ёсондоо АНУ-ыг байдалд оруулсан. ОХУ ч энэ дунд ялгарахгүй. Хэрвээ зэвсэгтэй гэж гарч ирсэн бол Сирийн талд байгаа мэт дүр үзүүлэх нь тодорхой. Одоо хариу нь нэгэнт эцэслэгдээгүй учраас олон улсын хяналтыг Сири рүү оруулахгүй гэдэг дээр л тоголно. Гэхдээ хөшигний цаана юу болж байгааг мэдэхэд тун бэрх.

Бодит байдалдаа эргэн оръё. АНУ-д шалтгаан байхгүй болсон. Дайн хийх шалтгааныг Керри гаргаж ирж чадаагүй Лавров ч хүчтэй фактуудыг дэлгэн тавьсан. НҮБ мэдэгдлээ бөөрөнхий хийсэн. Энэ нь АНУ-д сөргөөр нөлөөлсөн. Нэг ёсондоо томоохон факт байгаагүй болохоор Путин ялж байгаа ч байж болох юм. Бас нэг зүйл нь Сири одоо бай биш болсон гэдгийг дэлхий нийт мэдэж авсан. Бүрэн утгаараа биш ч Керригийн “бантсан” мэдэгдлүүд Обамад нэг ёсондоо шанаа өгчихлөө. Төрийн нарийн бичгийн даргийн суудалд байсан АНУ-ын улстөрчид дайн хийх шалтгааныг гаргаж ирж чаддаг байсан юм шүү. Никсоны үед ажиллаж байсан таван төрийн нарийн бичгийн дарга түүний хамгийн сүүлийнх нь болох Хенри Киссинжер. Айсехауэр ерөнхийлөгчийн үед ажиллаж байсан Кристиан Хердер, бага Бушийн үед ажиллаж байсан Колин Пауэль, Кондалийза Райс эд бүгд АНУ-ын аврагч байр суурийг хадгалж үлддэг байлаа. Харин Обамагийн хамгийн том шанааг Жон Керри өгчихлөө. Одоо түүнийг суудлаас нь огцруулах уу үгүй юу гэдгийг Обама шийднэ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж