ХЭЛМЭГДЛИЙН СҮҮДЭРТ ГУНДСАН ИРГЭДЭЭ ТӨР ХЭЗЭЭ ХАРАХ ВЭ?
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээн цагаатгах ажил 1939 оноос эхэлсэн боловч ардчилал гарсан 1990 оноос цагаатгах ажил улам эрчимжиж улс төрийн хилс хэргээс 31 мянга гаруй иргэнийг цагаатгаад байгаа ч Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивт шалгагдаагүй үлдсэн 800 гаруй хэрэг байгаа аж.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос санаачлан улс төрийн хэлмэгдлийн талаар хойч үедээ таниулах зорилгоор эрдэм шинжилгээний олон хурал зохион байгуулсан байна. Үүнд,
МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга Жамбын Лхүмбийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймагт,
Их сэтгэгч, соён гийгүүлэгч Содномбалжирын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Утга зохиол урлаг сонинтой хамтран
“Лхүмбийн хэрэг-80 жил” эрдэм шинжилгээний бага хурлыг Хэнтий аймагт,
Хилийн гадна бусдаас онцгой байдлаар ял эдэлж буудуулсан Монгол иргэдийнхээ талаар
“Гэндэн, Дэмид” нарын зохиомол хэргийн талаар
“Лоохууз, Нямбуу, Сурмаажав, Дашнамжил нарын намын эсрэг бүлэг” гэгч хэргийн талаарх хурлуудыг нэрлэж болно.
Цагаатгалын хуульд өөрчлөлт оруулах талаар төрийн бус байгууллагууд болон ард иргэдээс олон санал хүсэлт иржээ. Үүнд, хураагдсан эд хөрөнгөө нэхэмжлэх,
хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгуулах,
нөхөн олговрын мөнгөний хэмжээг одоогийн ханшаар тооцож олгуулах,
жил бүр нэг удаа буцалтгүй мөнгөн тэтгэмж олгуулах,
тэтгэврийн хэмжээгээ нэмэгдүүлэх,
хэлмэгдэсдийн үр хүүхдүүдэд улсаас үнэ төлбөргүйгээр орон сууц олгуулах
Хугацаа нь дуусгавар болсон хуулийн 2 заалтыг сунгах тухай
Бусад хууль болон журмын дагуу өөрчлөлт орсон заалтыг ерөнхий хуультайгаа уялдуулан өөрчилж, зарим байгууллагуудын нэр томъёоны өөрчлөлтийг оруулах.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрийнхэнд нэг удаа олгодог мөнгөн тусламж, нөхөх олговор болон тэдний ар гэрийнхэнд нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэх талаар нэмэлт оруулах талаар санал ихээр ирж байгаа тухай мэдээлж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ар гэрийнхэн хэлэхдээ, Халх голын дайны ахмад дайчин бүрт 50 сая, шинэ үндсэн хууль батлалцсан депутат бүрт 70 сая төгрөгийн тэтгэмж олгосон атлаа аймшигт хэлмэгдүүлэлтэд өртөж насан туршдаа зовж шаналсан иргэдийн ар гэрт ийм хэмжээний тэтгэмж нөхөн олговор олгох ёстой гэж үзэж байна.
Нэн ялангуяа улс төрийн хэлмэгдүүлэлтэд хамгийн ихээр өртсөн Хэнтий аймгаас улс төрийн хилс хэрэгт татагдан цагаатгагдсан 2654 хүний 1370 нь лам хувраг, үүн дотор 690 гавж цолтон байжээ. Тэгвэл өдгөө Монгол оронд шашны энэ зэрэг зиндаанд 10 гаруйхан лам байдаг аж.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан цуглаан саяхан Хэнтий аймгийн Өндөрхаан хотын төвд байрлах Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөний дэргэд боллоо. Цуглаанд хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл, хүүхэд залуус, лам хувраг, төрийн байгууллагын ажилтнууд 100 гаруй хүн оролцож, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, зул асаав.
Өнөөгөөс 80 жилийн тэртээ зохиомлоор үүсч, нийгмийг айдас хүйдэст автуулсан “Лхүмбийн” гэсэн тодотголтой хилс хэрэгт гэмгүй олон зуун иргэд хэлмэгдсэн нь хорьдугаар зууны Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй үйл явдал билээ. Уг хэргийн мөн чанар, утга учрыг улам лавшруулан судлах, түүхэн үнэнийг тогтоох, өсвөр залуу үедээ ахмад үеийнхний түүхэн замналыг сурталчлан таниулах зорилгоор Хэнтий аймагт “Лхүмбийн хэрэг-80 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо.