Хөвсгөл аймгийн Боловсролын газрын Мэргэжил, арга зүйн нэгжийн ахлах мэргэжилтэн Ж.Алтанхуягтай ярилцлаа.
-Хөвсгөл аймагт анх удаа 1500 гаруй багш хамрагдсан томоохон хэмжээний сургалт боллоо. Энэ талаар?
-БШУЯ, БМДИ, Хөвсгөл аймгийн боловсролын газар хамтран 1538 багшийн сургалтыг зохион байгуулж байна. Энэ нь манай цэцэрлэг, ЕБС-ийн удирдах ажилтан, багш бүр “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга технологи” -ийг ойлгон шинэ хичээлийн жилийн сургалтын бодлого чиглэлээ тодорхойлон үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх боломж нээгдэж буй давуу талтай юм.
-Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй технологи нь сургалтын шинэ хэв маяг мөн үү?
-Боловсролын шинэчлэлтэй уялдуулан сурах, сургах тухай асуудлуудад томоохон өөрчлөлтүүд гарч байна. Л.Рон Хаббардын “Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга технологи” дэлхий нийтэд түгэн тархаж байна. Товчхон хэлбэл энэ арга нь хүүхдүүдэд сурахад тохиолдсон бэрхшээл, саадыг даван өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхэд нь хөтөч болно гэж ойлгож байгаа.
-Дээрх сургалтыг эцэг эхчүүдэд хүргэх боломжтой юу?
-Боловсролын газрын хувьд очсон сум, сургууль, бүс бүртээ Зөв монгол хүн, Багшийн хөгжил, Авьяас, Ном хөтөлбөр гээд боловсролын чанарын шинэчлэлийн талаар, орон нутгийн удирдлагууд, эцэг эх, сурагчдадаа таниулан тэдний саналыг сонсч байна. 30 шахам мянган хүүхдүүдийн маань цаана мөн тийм хэмжээний эцэг эх байна. Тэд маань бидний гол хүч. Энэ сургалтыг зохион байгуулах хамгийн эхний боломж бол сургууль бүрийн багш удирдлагуудад байна. Дээрх хүмүүсийн санал санаачилга чухал үүрэгтэй.
-Шинэ хичээлийн жил эхлэх гэж байна багш сурагчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Боловсролд чанарын шинэчлэл хийх, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хүсэл тэмүүлэл итгэл дүүрэн буйгаа илтгэн сургалтдаа хүрэлцэн ирсэн бүх багш нартаа шинэ хичээлийн жилийн баярын мэндийг өөрийнхөө өмнөөс болон итгэл өвөрлөн хүлээж буй мянга мянган шавь нарынх нь өмнөөс хүргэе. Хүүхэд бүрийн баяр баясал болсон Эрдмийн их өргөө сургууль, багш нар чинь шавь нар та бүхнээ хүлээж байна. Их үйлсийн гараа сурч сурахад чинь амжилт ерөөе.