Өөр ертөнц: Мерийн нулимс

Хуучирсан мэдээ: 2013.09.13-нд нийтлэгдсэн

Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх гэгчийг огт мэдэхгүй, эмэгтэй хүн бүсгүй заяандаа гомдмоор газар бол Папуа-Шинэ Гвиней. Тэндхийн гэр бүл бүрт хүчирхийлэл дээд хязгаартаа тултал газар авсан. Нөхөр нь эхнэрээ, эцэг нь охин үрээ зэрэмдэглэх нь ердийн үзэгдэл бөгөөд охид, бүсгүйчүүд нөхөртөө, аавдаа гар хөлөө тасдуулах нь ч бий гэнэ.

Папуа-Шинэ Гвинейн эмэгтэйчүүдийн 50-70 хувь нь хүчирхийлэлд өртөх бүрэн магадлалтай гэсэн судалгаа ч байдаг гэнэ. Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 60 хувь нь эмэгтэйчүүдийг бэлгийн харьцаанд орохыг тулгадаг гэдгээ хэлсэн байна. Эрчүүд дээрмийн бүлэгт элсэхийн тулд зайлшгүй хүчингийн хэрэг үйлдэх ёстой. Хүчирхийллээс гадна чөтгөр, шуламтай тэмцэх зэрэг үлгэр, домгийн, шашны зан үйлийн хохирогчид нь бүсгүйчүүд болдог. Тэднийг хэрцгийгээр тамлаад, дараа нь амийг нь тасалдаг гэнэ.

Орон нутгийн хэлээр “мери” гэгддэг папуасс бүсгүйчүүдийн хөөрхийлэлтэй хувь заяаны талаар Оросын сэтгүүлч Влад Сонины “Мерийн нулимс” фото сурвалжлагыг толилуулъя.

Папуа-Шинэ Гвинейн цагдаагийн газрын бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тасагт гомдол гаргахаар дугаарлаж буй эмэгтэйчүүд. Цагдаагийн ажилтан Колиш Жамикийн ярьснаар өдөр бүр 20-иод хүчингийн хэрэг шинээр бүртгэгддэг гэнэ. Моробе муж, Лаэ хот.

Симбу мужийн Кундиява хотод амьдардаг Жули гэгч 19 настай энэ бүсгүй төрсөн эцэгтээ сүхээр хөлөө тас цавчуулж, хиймэл хөлтэй болжээ. Тэрбээр 2011 онд шинэ протез хийлгэхээр Лаэ хотод очих үеэр орон нутгийн дээрэмчдийн хүчирхийлэлд өртөж, жирэмсэлжээ. Өдгөө Жули төрөлх Кундиява хотод хүү Жеймсийн хамт амьдардаг.

Зургаахан настай Жули охиныг 2012 онд гэрийнх нь гадаанаас үл таних дөрвөн эр хулгайж, эзгүй хаягдсан байранд аваачиж, найман цагийн турш дараалан хүчирхийлжээ. Ухаангүй болсон бяцхан охиныг гудамжинд хаясан байв. Тэрбээр гурван долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн бөгөөд өдгөө “Зах хязгааргүй эмч нар” гэх хүмүүнлэгийн байгууллагын эмнэлгийн хүүхдийн сэтгэл зүйчдийн хяналтад байгаа гэнэ. Жули гэмтлийн улмаас бараг алхаж чадахгүй, хэзээ ч хүүхэд төрүүлэх боломжгүй болжээ. Охиныг хүчирхийлсэн этгээдүүдийг Моробе мужийн Лаэ хотын урьдчилан саатуулах төвд хорьсон бөгөөд удахгүй тэднийг шүүх хурал болох аж.

Ричард Бал (45 настай) эхнэр Агита Балын (32 нас) огтлогдсон чихийг үзүүлж байгаа нь. 2010 оны арванхоёрдугаар сард Ричард гэртээ согтуу ирээд ямар ч шалтгаангүйгээр эхнэрийнхээ чихийг модны хайчаар огтолжээ. Цагдаа Ричардыг нэг шөнө хориод “гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримт хангалтгүй” гэх үндэслэлээр маргааш өглөө нь суллажээ. Тэр эхнэрийнхээ эцэг эхэд нь учруулсан хохирлын төлбөр гэж 500 кина (240 орчим доллар) өгсний дараа эцэг эх нь Агатаг нөхрөөсөө салахыг зөвшөөрсөнгүй. Моробе мужийн Морсби боомт.

Шулам гэгдсэн эмэгтэйг тамлаж буй зураг. “Шулмыг цээрлүүлэх” гэх зан үйл Папуа-Шинэ Гвинейд бараг долоо хоног бүр л болдог аж. Орчин үеийн хүн судлаачид  ийм тамлалын арга барил нь сүүлийн 10 жилийн дотор улам харгис болсон гэж үзэж байна. Шулмыг шатааж байгаа Холливудын киноны хулгайн бичлэг, мөн интернэт холбогддог хямд үнэтэй смартфон ихээр гарах болсон нь үүнд нөлөөлж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Симбу мужийн Вомой тосгоны Дини Корул гэгч бүсгүй гэрийнхээ гадна. Түүнийг чөтгөр шуламтай нөхөрлөсөн гэж тамласны дараа тосгоныхон хөөжээ. Өөр амьдрах газаргүй учраас Дини нууцаар гэртээ буцан иржээ. Тэр дахин тосгоныхны тамлалтад өртөхгүйн тулд өдөр нь гэртээ бүгдэг гэнэ.

“Dirty Dons 585” гэх дээрмийн бүлгийнхэн. Тэд тоймгүй олон зэвсэгт дээрэм, хүчингийн хэрэг үйлдсэн ба тэдний яриагаар халдлагад өртөгсдийн ихэнх нь эмэгтэйчүүд гэнэ. Морсби боомт, Есөн милийн район.

Порт-Морсби хотын төвийн цагдаагийн газрын ойролцоо 2011 оны арванхоёрдугаар сард Хелен Майкл (40 нас) халдлагад өртсөн гэнэ. Үл таних эрэгтэй  шөнө орой  Хелен рүү дайрч хоолойг нь тас хазахаар оролдож байхдаа доод уруулыг нь өм хазжээ. Эмэгтэй залуугийн салтаа руу өшиглөөд мултарч, тусламж дууджээ. Цагаагийнхан түүнийг барьсан бөгөөд тэр хүнийг амьдаар нь идэх гэж гурав дахь удаагаа оролдсон гэж мэдүүлсэн байв. Хелен гурав хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд, дараа нь цагдаад гомдол мэдүүлэхээр очиход түүнийг барьснаас хойш хэн нэгэн гомдол гаргаагүй гээд “хүний махан идэштэн”-ийг тавиад явуулчихсан байжээ. Хелен өнөөг хүртэл уруулаа засуулах мэс засал хийлгэхээр хүлээсээр байна.

Цагдаагийн тусгай отрядын офицерүүд эргүүлд гарчээ. Маунт-Хаген хотоос Порт-Морсбийн хэв журмыг сахиулахаар илгээсэн цагдаагийнхан өдөр тутам гарч буй хэргүүдийн 70 хувь нь эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг гэж ярьж байна.

Хүчингийн хэрэгт холбогдсон хүнийг цагаагийн ажилтан байцааж байгаа нь. Порт-Морсби.

Хөлсний тэрэгний жолооч Алекс Минаме (34 нас) дээрэмчдээс хамгаалах зорилгоор том хутга авч явдаг. 2012 оны эхээр хотын нэгэн харанхуй гудамжинд тэр энэ хутганыхаа тусламжтайгаар зорчигч эмэгтэйд нь халдсан дээрэмчдийг хөөн, эмэгтэйг аварч чаджээ. Хотын хөлсний тэрэгний жолооч нар дунд Алекс шиг хүн маш ховор гэнэ.

Арван гурван настай Мелинда охин 43 настай хойд эцэг Робертод хүчиндүүлсний дараа Порт-Морсбийн төв эмнэлэгт хүргэгдэн иржээ. Хойд эцэг нь охиныг хувцсаа тайл гээд төмөр улайсган халааж, гар, нурууг нь түлжээ. Мелиндагийн эхийн хэлснээр тэд Роберт өшөөгөө авна гэж айгаад цагдаад гомдол гаргаж чадаагүй гэнэ. Мелинда гэртээ харих хүсэлгүй ч сургуулиа хаяхгүйн тул очихоос өөр аргагүй болжээ.

Порт-Морсбийн бүлэг дээрэмчдийн Блэки хочтой дээрэмчний эхнэр Мэри Элаес 48 настай. Нөхөр нь ихэнх цагийг дээрэмчдийнхээ хамт өнгөрөөх бөгөөд гэртээ хоол идэхээр л ирдэг гэнэ. Гэрт нь хоолгүй бол Блэки түүнийг зодож, үе мөчийг нь хугалаад хаячихдаг ажээ. Цагдаагийнхан Блэкийг хайн байнга гэрээр нь орж түүнийг хүүхдүүдийнх нь хамт хорьж байцаадаг. Нөхөр, басхүү цагдаагийнхны харгис авираас зугтахдаа тэр католик сүмд орогнодог болжээ.

Порт-Морсбийн Бороко районы цагдаагийн ажилтан өөрийн ажлын компьютер дээр нөхрийнхөө хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн зургийг үзүүлж байгаа нь. Офицерийн ярьснаар, өдөр бүр наад зах нь гурван эмэгтэй нөхрийн болон гудамжны дээрэмчийн хүчирхийлэлд өртсөн гэж  цагдаад ханддаг гэнэ.

Эмэгтэйчүүдэд халдах үеэр гудамжны дээрэмчдээс хураасан гар хийцийн зэвсгүүд. Моробе  мужийн Лаэ хот.

Порт-Морсби хотын Бороко районы цагдаагийн урьдчилан хорих төв. Эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргээр баригдагсад шүүхээр шийтгэгдэх нь ховор гэдгийг орон нутгийн цагдаагийнхан хүлээн зөвшөөрдөг.

Порт-Морсби  хотын эмнэлэгт үзүүлэхээр сууж байгаа 42 настай Молли. Нөхөр нь түүнийг гэрээсээ гарч болохгүй гээд харгисаар зоджээ. Гэр бүлийг дэмжих төвийнхөн бүсгүйчүүдэд үнэ төлбөргүй эмнэлэгийн тусламж үзүүлж, өөрсдийн байрандаа 24 цаг байлгадаг. Гэвч эмэгтэйчүүд гэртээ буцахаас өөр замгүй учир дахиад л гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг.

Милн-Бей мужийн Норманби арлын эмнэлэгт байгаа жирэмсэн эмэгтэй. Төрөлтийн хүндрэлийн улмаас 28 эмэгтэй тутмын нэг нь амиа алддаг. Тэдний ихэнх нь эмнэлгийн тусламж авч чадалгүй нас бардаг гэнэ. Мөн амаржих үеэр, амаржсаны дараа нөхрийн хайр халамж, тусламж мэдэрнэ гэж үгүй.

Банил (16 нас) сүйт залуудаа хүчиндүүлж, Порт-Морсбийн эмнэлэгт хүргэгджээ. Банил найз залуугаасаа салсны дараагийн өдөр нь тэрээр тэдний гэрт ирж, хутгаар заналхийн бүсгүйг ойд аваачиж, зодож нүдээд дараа нь хүчинджээ. Хожим Банилын эцэг нь түүнийг ухаангүй байхад нь олоод эмнэлэгт хүргэсэн байна.

Kips Kaboni («Улаан чөтгөрүүд») бүлгийн гишүүн асан Омси өөрөө хийсэн гар буугаа харуулж байгаа нь. Тэр Порт-Морсбийн Каугери гэх ядуусын хороололд амьдардаг.

Лаэ хотын гудамжинд 10 эрэгтэйд зодуулж, хүчиндүүлсэн Зелма (36 нас) эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт. Түүний хэлснээр, 2012 оны дөрөвдүгээр сарын 26-нд  шөнийн клубын дэргэд өглөө эрт дээрэмчид эмэгтэйг бороохойгоор зодож, хутгаар сийчээд түүнийг клубын хамгаалагчдыг харж байхад нь хүчирхийлсэн гэнэ. Хэн ч цагдаа дуудаж, Зелмад тусалсангүй. Хэдэн цагийн дараа ухаангүй байсан эмэгтэйг олж харсан хүмүүс түргэн тусламж дууджээ.

Хеллен Алфонс (38 орчим настай) 2005 онд согтуу нөхөр Алаей Каватай зодолцох үеэр өрөөсөн хөлөө алджээ. Алаей хүүхдүүдийнхээ нүдэн дээр мөчир тайрах хутгаар эхнэрээ сийчсэн байв. Алаей баривчлагдаад Кундиява хотын шоронд хоригдож байна. Түүнийг хэзээ хэзээгүй суллаж Алаей өшөө хорслоо тайлна гэж айсан Хеллен гэрээ орхин бэр эгчийн хамт амьдарч байна. Тэд бага зэргийн худалдааны мухлаг ажиллуулдаг гэнэ.

2003 онд тосгоны нэг хүүхэд үл мэдэгдэх шалтгаанаар нас барсны дараа Раста гэх энэ эмэгтэйг ад шуламтай нөхцсөн гэж тосгоныхон нь оршуулгын үеэр түүнийг боомилохыг завджээ. Тэр эмэгтэй эсэргүүцэл үзүүлж байхдаа сарвуугаа тасдуулсан ч амь мултарч чаджээ.

Зүүн Сипик мужийн Маприк эмнэлэгт нас барсан эх Столостикийн шарилын дэргэд суугаа Жаскис Мартин. 2013 оны наймдугаар сарын 20-ны өдөр тосгоныхон нь чөтгөр шүглэсэн гээд Столостика гэдэг эмэгтэй зодож тамласан байв. Эмэгтэй эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд удалгүй амьсгал хураажээ.

Кундиява хотын эмэгтэй Есус Христийн зурагтай гар утас барьжээ. Папуа-Шинэ Гвинейн эмэгтэйчүүд төр, засагтаа итгэхээ болиод шашны байгууллагад хандах нь ихэсчээ.

Порт-Морсбийн төв эмнэлгийн сэхээн амьдруулахад нас барсан 25 настай охиноо гашуудан уйлж байгаа Линда Амаки. Гудамжны бүлэг дээрэмчид олон цагийн турш бүсгүйг хүчирхийлээд, улмаар хутгалан хөнөөжээ.

Моробо мужийн Кассамын даваанаас хөндийг харан зогсч буй эмэгтэй. Папуа-Шинэ Гвинейн Эрүүл мэндийн яамны мэдээгээр тус улсын гурван эмэгтэйн нэг нь хүчингийн хэргийн хохирогч болсон байв. Гурван эмэгтэйн хоёр нь амьдралдаа наад зах нь нэг удаа хүчирхийлэлд өртжээ. Энэ үзүүлэлт нь Хайлендс бүсийн Моробе мужид маш өндөр. Тэнд эмэгтэйчүүдийн 90 гаруй хувь нь хүчирхийлэлд өртсөн ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж