
Тэд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай шаардлагаа Засгийн газар хүргүүлсэн байна. Өнөөдөр болсон жагсаалд оролцогчид Тусгаар тогтнолын ордноос Сүхбаатарын талбай хүртэл тайван жагсаал хийсэн юм. Жагсаалд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон салбар холбоодын удирдлага болоод төлөөлөгчид оролцлоо.
Тэд УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагадаа “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд инфляцийн түвшин, эдийн засгийн өсөлттэй уялдуулан 2014 онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хэлэлцээрийг ойрын хугацаанд эхлүүлэх, өргөн хэрэглээний барааны үнэ ханшийн өсөлттэй энэ үед цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа” гэхчлэн асуудлыг тусгажээ. МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Бид цалин, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэх шаардлагатай байгааг сануулж байгаа юм” хэмээн өнөөдрийн жагсаалын зорилгыг тодотгов.
МҮЭХ-оос УИХ, Засгийн газарт хүргүүлсэн шаардлагынхаа хариуг есдүгээр сарын 20-ны дотор авах хүсэлтэй байгаа аж.














