
Төрийн албын нүсэр бүтцийг бага ч болов цомхотгох саналыг Засгийн газраас оруулж ирээд буй ч эрхэм гишүүдийн тулга тойрсон бодлоос болоод талаар болох нь. Уг нь Засгийн газрын саналыг бодит шийдвэр болгосон бол төрийн албан хаагчид 7000-аар цөөрөх байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй. Татвар төлөгчдийн мөнгийг ёроолгүй сав адил төрийн албанд зарцуулсан хэвээр л байх гэнэ. Ер нь нийгмийн ашиг сонирхол гэхээсээ илүүтэй хэсэг бүлэг хүмүүсийн ашигт нийцсэн шийдвэрийг тэд гаргах болжээ. Үүнийг батлах баримт дэндүү олон ч хамгийн тодыг нь жишээлэхэд, Төрийн албаны тухай хууль.
2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хууль араасаа багагүй шуугиан дагуулсан. Хуулийн гол зорилго нь төрийн албыг намын нөлөөллөөс салгах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэхэд бүрэн төгс оршиж байв. Тиймээс ч хуулийн хувьд сайн байсныг хуульчид онцолдог. Харин энэхүү хууль хэрэгжсэнээр МАХН-ын хэмжээлшгүй эрхийг боомилсон юм. Түүнээс болоод ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр ялангуяа МАХН-ын хэсэг гишүүдийн санаачилгаар эл хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэх болсон шалтгаан нь их энгийн. Уг хуулиар баг, хорооны Засаг дарга нарыг улс төрийн албан тушаалтан гэх статусаас өөрчилж төрийн захиргааны ангилалд оруулж, төрийн албан хаагчийг намын харъяалалгүй байхаар тусгасан явдал. Ингэснээр орон нутагт хөл сайтай МАХН-ын Засаг дарга нар, төрийн албан хаагчид намын улаан батлахаа буцаан өгч, төрийн албаа сонгосон нь 80 мянган гишүүнтэй МАХН-ыг нэг л өдөрт хөлгүйдүүлэхэд хүргэж байлаа. Энэ нь тухайн хуулийг шүүмжилж байсан хүмүүсийн хэлдгээр хүний эрхийг зөрчиж үзэл бодлоосоо ухрахаас өөр аргагүй ацан шалаанд орсон мэт боловч үнэндээ тийм байгаагүй. Харин ч эсрэгээрээ төрийн албанд орж, тушаал дэвшин амьдрал ахуйгаа өөд татахын тулд заавал нам хүчнийг дагахаас өөр аргагүйд хүрдэг байсан гаж тоттолцоог үгүй хийсэн явдал байсан. Тиймээс ч олон мянган төрийн албан хаагчид огтхон ч эргэлзээгүйгээр намынхаа батлахыг “булшилсан” юм. Үнэндээ төрийн албан хаагчдад, тэр дундаа залууст намын гишүүнчлэлгүй бол зэрэг дэв ахидаггүй тогтолцоог халах боломж олдсон учраас тэр. Тэд жинхэнэ утгаараа төрийн албан хаагч байхыг хүссэн учраас л тийм алхамыг хийсэн гэвэл илүү онох ойлгомжтой. Харин энэ нь МАХН-ыг эргэж босголгүйгээр сөхрүүлж мэднэ гэдгийг ухаарсан учраас яаравчлан Үндсэн хуулийн Цэцэд хандаж тэднээр Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг гаргуулсан. Ингэснийхээ дараа Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж өөрсдийгөө Үндсэн хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хүртлээ шалдаа бууж байж гэмээн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж байлаа. Уг нь эл хууль хэрэгжсэн бол санаачлагч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Монголын төрд хийсэн томоохон өөрчлөлт болох байлаа.
Тэд ингэж л ажилладаг. УИХ дахь МАХН-ын бүлэг дахин төрийн албан хаагчдад “хайр” зарлажээ. Бүлгийнхээ хурлаар тэд цомхотгол хийхээс зайлсхийх нь зүйтэй гэж үзэж. Үүнийгээ гадагшлуулахдаа ирэх оны төсөвт суулгах нь зүйтэй гэж үзлээ хэмээн тайлбарлалаа. Ингэж хэсэг мартагнуулаад төсөв хэлэлцэхийн цагт өөрсдийнхөө тойрогт зарцуулах тэрбум төгрөгийнхөө зүсийн хэрхэн хувиргасан шигээ танихгүй болгоод л өөрчилчихөө мэднэ. Мэдээж сонгууль дөхсөн үед цомхотгол хийнэ гэдэг өөртөө дүүжлүүрийн олс бэлдсэнээс ялгаагүй зүйл. Тэд намынх нь төрийн албаны дэмжигчид цомхотголд орж, нүүрээ бууруулахаас л айж байгаа. Дахин сонгогдохын төлөө эхнэрээ “худалдахаас” ч буцахгүй эрхмүүд тийм эрсдэл хийхгүй нь ойлгомжтой.
Мэдээж тэд үүнийгээ хэлэхгүй нь ойлгомжтой. Түүний оронд эдийн засгийн хямралтай, амьдрал хэцүү энэ цагт иргэдээ бодоод цомхотгол хийхээс татгалзаж байна гэж цаасан малгай өмсүүлэх вий. Тэгвэл төрийн албан хаагчид иргэдийг, сонгогчдыг төлөөлөхүйц их хэмжээнд хүрсэн гэдгийг тэр үгнээс нь ухаж ойлгоорой. Өөрөөр хэлбэл, Монголын хөдөлмөрийн насны зургаан хүн тутмын нэг нь төрийн албан хаагч гэсэн үг. Ийм сөрөг үзүүлэлт өндөр төвшинд очсоноос болоод төсвийн орлогоос зарлага нь хэтрэхэд нөлөөлж байна. Хэрэв бид боломжийн хэмжээнд төрийн албыг цомхон бүтэцтэй болгож чадвал хэтрээд байгаа төсвийн зарлагыг багасгах ч боломжтой.
Нөгөөтэйгүүр цомхотгол хийх тухай ярихаар төрийн үйлчилгээний иргэдэд хүрэх шуурхай байдлыг үгүй хийх нь гэх хэтэрхий хялбархан дүгнэлт хийгчид бий. Гэхдээ тийм биш.
Харин ч эсрэгээр нь ойлгох хэрэгтэй. Цомхотголыг бодит судалгаанд тулгуурлан хийж чадвал одоогийнхоос хэд дахин илүү шуурхай болгох бүрэн боломжтой. Гурваас дөрвөн дамжлага дамждаг байсан үйлчилгээг цомхотгол хийснээр нэгхэн дамжлагаар л авах болно. Яагаад гэж үү. Яагаад гэвэл өнөөгийн тогтолцоогоор мэргэжилтэнд, мэргэжилтнээс өөр мэргэжилтэнд, тэр мэргэжилтнээс бичиг хэрэгт, бичиг хэргээс даргад. Даргаас шийдвэр гаргагчид гээд үй олон шат, дамжлагыг туулж байж таны өргөдөл хүрэх эзэндээ хүрдэг. Харин буцаж ирэхдээ мөн л гинжин урвалаараа зам туулна. Шийдвэр гаргагчаас даргад, даргаас бичиг хэрэгт, бичиг хэргээс мэргэжилтэнд, мэргэжилтнээс мэргэжилтэнд. Ингэж олон хүний гар дамжсаар үрчийсэн шийдвэр таны гарт ирдэг. Ердөө л үүнийг үгүй болгоход цомхотгол чиглэнэ. Энэ дамжлагуудыг үгүй хийчихвэл аяндаа шийдвэр шуурхай болно. Төр ачааллаа дийлэхгүйдээ бус дамжлага нь дэндүү олширсоноос ажил урагшилдаггүй нь маргашгүй үнэн. Ямар сайндаа л ажилчдын талаар “алтан хошуу” хүргэдэг дууч шувуухайнууд төрийн албан байгууллага бүрт нэгээс хоёр байх вэ дээ. Тиймийн учир төрийн албаны цомхотголыг хийх нь зайлшгүй хэрэгтэй. Харин түүнд саад болохгүй байх нь иргэдийг төлөөлөгсдийн үүрэг байх учиртай. Харамсалтай нь эрхэм гишүүд, тэр дундаа МАХН-ынхан үүргээ биелүүлэхээс шийрэгнэж байна.
Л.НАРАНТӨГС