Спортын сэтгүүлчид Японы ЭСЯ-нд зочиллоо

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Спортын сэтгүүлчид Японы ЭСЯ-нд зочиллоо

Арлын оронд долоон жилийн дараа зуны спортын XXXII наадам болно. Зуны олимпийг нэг, өвлийн олимпийг хоёр ч удаа зохион байгуулсан Япон улс дөрөв дэх удаагаа хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг, спортын их наадмыг эх орондоо хүлээн авах нь. Японы ард түмэн өнөөдрийг хүртэл энэхүү тэмдэглэлт үйл явдлыг ярьсаар л байна. Тэгвэл өнөөдөр Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамныхан Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд, спортын сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, 2020 оны олимпийн сэдвээр бэсрэг ярилцлага өрнүүлэв. Уулзалт ярилцлагын эхэнд Элчин сайдын яамны зөвлөх Шиничиро Хаяаши хэлэхдээ “2020 оны олимпийн наадмыг бид хүлээн авсандаа туйлын их баяртай байна. Одоо Японы хүн бүр энэ талаар ярьж байгаа” гэв. Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд Монголын спортын сэтгүүлчдэд аль болох хөнгөлөлт үзүүлэх боломжийг бий болгохоо хэлсэн юм. Ингээд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг товчлон хүргэе.

-Юуны өмнө олимпийн наадмыг зохион байгуулах болсонд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Өнгөрсөн ням гаригийн өглөө ОУОХ-ны шийдвэр гарч 2020 оны зуны олимпийг Токиод зохион байгуулах болсноо албан ёсоор зарласан. Үүний дараа би олон монгол хүнтэй уулзахад надад баяр хүргэсэн. Харин одоо би илүү их баярлаж байна.

-Олимпийн наадмыг зохион байгуулахын тулд ямар бүтээн байгуулалтын ажил хийх бол. Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих уу?

-Ер нь бол захын боомт дүүргүүдэд шинэ бүтээн байгуулалт хийх болно. Манай улс өмнө нь 1964 онд олимпийн наадам зохион байгуулахдаа маш том бүтээн байгуулалтыг өрнүүлж байсан. Тухайн үед дэлхийн II дайны дараа их сэргээн босголтыг цогцлоож чадсан. Тэр цэнгэлдэх хүрээлэнгүүд одоо ч гэсэн бий. Тиймээс тэдгээрийг дахин шинэчилж засаад олимпийн наадмын зарим төрлийг зохион явуулахаар төлөвлөсөн байгаа.

-2020 оны олимп юугаараа онцлогтой болох бол?

-Манай улсад байгалийн гамшиг болж олон хүн амиа алдсан. Цүнамигийн улмаас их хэмжээний хохирол амсч байсныг та бүхэн мэднэ. Сайхан сэтгэлт Монголын ард түмэнд бидэнд сэтгэлийн дэм үзүүлж байсан юм. Тэгвэл 2020 оны олимп байгалийн гамшгийн дараа Токио хот сэргээн босголтын ажлыг хэрхэн хийснийг харуулах зорилготой. Энэ бол 2020 оны Токиогийн олимпийн гол онцлог нь.

Б.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж