Тавантолгой төслийг чуулганаар хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.11-нд нийтлэгдсэн

Тавантолгой төслийг чуулганаар хэлэлцэж эхэллээ

Төв банкны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар гишүүд төв банкны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, Монголбанкнаас мөнгөний талаар баримталж байгаа бодлого, шийдвэрийг олон нийтэд үнэн зөвөөр нээлттэй мэдээлж, эрчтэй ажиллахыг үүрэг болголоо.  Тодруулбал, нийт гишүүдийн 80 хувийн саналаар Ж.Ядамсүрэнг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар томилсон юм. Харин Хяналтын зөвлөлийн гишүүнээр Ж.Үнэнбатыг 82 хувиар, Н.Эрхэмбаярыг 84.3 хувиар, Д.Моломжамц, Х.Ганбаатар нарыг тус бүр 68.6 хувиар, Ч.Энхбаатарыг 78.4 хувиар, Д.Нямааг 82.4 хувиар тус бүр дэмжиж баталсан юм. Гэхдээ гишүүд эдгээр эрхмүүдийн зарим нь Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хашиж байсны зэрэгцээ Хяналтын зөвлөлийн гишүүдээр сонгогдон, ажилласан ч өнгөрсөн хугацаанд бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж чадаагүй  гэх хатуухан шүүмжлэлээр чимхээд авлаа. Монголбанкны Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг УИХ-аас зургаан жилийн хугацаатайгаар томилдог бөгөөд тэднийг 2004 онд баталж байжээ. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон тул дахин нэр дэвшүүлж, баталж буй нь энэ юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын тайлбараар бол Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдэд тэднээс өөр хүнийг нэр дэвшүүлэх гэхнээ илүү туршлага, мэдлэгтэй нь олдохгүй байгаа. Бас тэдний хувьд Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгогдох гэж хор найруулаад гүйгээд яваа юм ч үгүй гэнэ.
Харин нэгэн үе Монголбанкны ерөнхийлөгчийн албыг хашиж байсан УИХ-ын гишүүн О.Чулаанбат Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд хандан Төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогоор олон нийтэд үнэн мэдээлэл өгч байхыг санууллаа. Тэрбээр “Монголбанк 2008 оны наймдугаар сард 500-600 сая ам.долларыг зах зээл дээрээс шууд татсан. Уг нь энэ үед Хяналтын зөвлөл дуугарч, шүүмжлэх ёстой байсан. Хяналтын зөвлөлийн үндсэн үүрэг бол энэ. Дэлхий дахинд эдийн засгийн хямрал нүүрлэж, Монгол Улсад ямар байдлаар нөлөөлөх вэ гэдэг дээр төв банкны ерөнхийлөгч болоод Сангийн сайд тайлбар хийж байсан бол Хяналтын зөвлөл мөн л дуугүй өнгөрсөн. Дараа нь УИХ-аар иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргах хуулийг баталсан. Уг нь хадгаламжийн 10 хувиас доошход нь баталгаа гаргая, ингэхгүй бол мөнгө угаах үйл ажиллагаа явагдаж болзошгүй гэдгийг тухайн үед анхааруулсан ч “Тийм зүйл болохгүй” гээд энэ хуулийг баталж орхисон. Одоо үүнийгээ залруулах гээд чадахгүй л сууна. Анод, Зоос банкны дампуурал дээр Хяналтын зөвлөлөөс мөн л шүүмжилсэн, зөвтгөсөн тайлбарын алийг нь ч хийгээгүй тул хойшид ийм байдлаар амаа хамхиад сууж болохгүй” шүү гэдэг захиасыг хэлсэн юм.
Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл одоогийн мөрдөж байгаа хуульд заасан заалтаа чамлалгүй, Төв банкинд хяналтаа тавин ажиллах шаардлагатай шүү гэдгийг ч улиран сонгогдсон бүрэлдэхүүнд даалгав.
Тавантолгой
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож, Тавантолгой ордын үзэл баримтлалыг танилцуулсан юм.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой ордын одоогийн батлагдсан нөөцөөр 6.4 тэрбум орчим нүүрстэй, үүний 30 орчим хувь нь коксжих нүүрс. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний хэрэглээ өндөр байгаа төдийгүй нэг тонн нь 200 ам.доллартай тэнцэж буй. Тиймээс Тавантолгой төслийг дэд бүтэцтэй нь холбон уялдуулж, боловсруулжээ. Мөн  төсөлд Тавантолгой ордыг хоёр хэсэгт хуваан ашиглахаар тусгаж, эхнийхэд нь төрийн өмчит Эрдэнэс МГЛ компани олборлох үйл ажиллагаа явуулахаар. Хоёр дахь хэсэгт гадаадын болоод дотоодын оператор компаниуд үйл ажиллагаа явуулахаар, төслийг боловсруулжээ.  Ингэхдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд гадаад, дотоодын компаниудад энэ эрхийг олгоно.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд стратегийн орд газруудыг дайруулан тавих төмөр замын асуудлыг илүүтэй хөндөв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Тавантолгойгоос –Гашуун сухайт хүртэл тавих төмөр замын тендерт нарийн төмөр зам тавих компани ялбал яах вэ. Тавантолгойн бодлогын баримт бичгийг харахаар ийм аюул харагдаад байна гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Энхбат “Төмөр зам барих газрыг харахаар хүнгүй газар байгаа. Өөрөөр хэлбэл, хот байгуулалт соёл иргэншил нь уурхайтайгаа уялдахгүй болчихоод байна. Тавантолгойгоос 50 жил нүүрс зөөчихөөд буцаагаад 500 жил ус зөөх хэрэг гарах юм биш биз” гэв.
 Сайд Х.Баттулга :-Хэрвээ бид урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавьчихвал газрынхаа баялгийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт биеллээ олохгүй болж, өнөөдрийн асуудлууд шийдвэрлэгдэхгүй. Тийм учраас хилийнхээ дотор аж үйлдвэр байгуулъя гэж байгаа. Хот байгуулалтын хувьд уурхайгаа дагаад хүн амьдарна. Одоогийн оруулж ирсэн үндэслэлээр Тавантолгойд 150-200 жил хүн амьдрахаар тооцсон. Усны хувьд зөв асуудал хөндлөө. Сайншандад бид 1.6 жилийн турш судалгаа хийсэн, нөөц боломжийн гарсан учраас аж үйлдвэрийн парк байгуулахаар бодлогын баримт бичигт тусгасан.
Сайд Д.Зоригт:-Тавантолгойг дотоод, гадаад гэж хоёр хэсэгт хуваахгүй, Эрдэнэс МГЛ Тавантолгойн лицензийг 100 хувь эзэмшинэ. Дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэхийн тулд гадаадын компаниудыг оролцуулъя гэж байгаа. Энэ ч үүднээс гадаадын хөрөнгө оруулагч орж ирэх бол заавал дотоодын хөрөнгө оруулагчтай хамтарч орж ирэх ёстой гэсэн шалгуурыг сонгон шалгаруулалтдаа тусгасан гэсэн хариултыг тус бүр өглөө.
Мөн энэ үеэр гишүүд Тавантолгойн орд дээр одоо ямар компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа вэ гэдгийг сонирхсон юм. Учир нь энэ ордыг өмнө нь Энержи ресурс эзэмшиж байсан ч хайгуулыг улсын хөрөнгө оруулалтаар хийсэн байсан гэж үзэн, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу 2007 онд 70 мянган га талбай дээр олборлолт явуулах эрхийг Монгол Улсын Засгийн газар олж авч, улмаар “Эрдэнэс МГЛ” компанийг байгуулан ажиллуулах болжээ. Харин үлдэж байгаа бага талбай болох Ухаа худагийг Энержи ресурсийн мэдэлд үлдээсэн. Харин Цанхи орчимд одоо Тавантолгой ХК үйл ажиллагаа явуулж байгаа.  Тус компанийн хувьд 49 хувь нь орон нутгийн мэдлийнх бол үлдсэн хувь нь хувийн өмч. “Ажнай” групээс гадна хэд, хэдэн компани хувь эзэмшдэг. Дайцүкү нэртэй Хятадын хөрөнгө оруулалттай компани нүүрс олборлолтыг мөн явуулж байгаа ажээ. 
Тавантолгой төсөлтэй холбогдуулж гишүүдээс 31 нь Засгийн газрын тэргүүн болон гишүүдээс хариулт авахаар асуулт тавьсан юм. Гэвч гишүүд асуултдаа хариулт авч дуусаагүй тул эл асуудлыг өнөөдрийн хуралдаанаар мөн үргэлжлүүлэхээр болж, чуулганыг завсарлуулав.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж