Их сургуулийн босго алхаад 14 хонож буй цэцэг цэврүү шиг жаахан охин хичээл дээрээ найзуудынхаа нүдэн дээр амиа алдсан хэрэг ЭМШУИС-д өчигдөр гарлаа. Өвчин эмгэг хийгээд гэнэтийн ослоос болсон бол яанам билээ. Гэтэл биеийн тамираар хэт өндөр шаардлага тавьж хичээллүүлснээс амиа алдана гэдэг дэндүү харамсалтай. Болсон явдлыг тодруулахаар тус сургуулийг зорилоо. Биднийг очиход сургуулийн жижүүрээс өөр “албаны хүн” алга байлаа. Жижүүр ч үүрэг авсан бололтой ам нээсэнгүй. Ямартай ч эл хульхан сургуулийн тамирын багш нар болоод талийгаач охины ангийнхныг цагдаа нар байцаагаад эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ жил тус сургуулийн нэгдүгээр курст 360 гаруй хүүхэд элсэн орсон ажээ. Анх наймдугаар сарын 26-нд хичээл эхлэх үед 329 шинэ элсэгчтэй байсан ЭМШУИС-ийн оюутны тоо хагас сарын дотор 31-ээр нэмэгдээд байгаа нь энэ. Нэгдүгээр курсын оюутнуудаа 15 бүлэгт хуваасан бөгөөд амиа алдсан О охин 1-13 дугаар бүлэгт хуваарилагдсан байна. Тэрбээр Сүхбаатар аймгаас тус сургуульд элссэн бөгөөд ээж, дүүгийн хамт амьдардаг нэгэн ажээ. “Өнгөрсөн жил аав нь өөд болчихсон, угийн жаахан бие султай охин байсан” гэж нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн оюутан өгүүлсэн юм. Тэнхлүүн биетэй байлаа ч 21 хоногийн турш гэнэт ачаалалтай хичээллээд ядраагүй оюутан нэгдүгээр курсынхэн дунд нэгээхэн ч үгүй гэнэ. Үүн дээрээс биеийн тамирын хичээл дээр хэт өндөр шаардлага тавьж байгааг оюутан бүхэн хэлж байлаа. Биеийн тамир орсон өдөр бие нь булраад шатаар бууж ч чадахгүй, нэг нь нөгөөгөө түшиж буулгадаг гэж тэд хэллээ. Зунжин амарч өнжсөн хүүхдүүд гэнэт хөдөлгөөнд орсноос ийн булардаг байж болох ч тэд бол тамирын сургуулийн хүүхдүүд биш гэдгийг мартаж боломгүй. Труник дээр 90 градусын өнцөг гарган 10 секунд барих, эс бөгөөс труникийг эхнээс нь эцэс хүртэл ухарч туулахгүй бол биеийн тамирын хичээлдээ “унадаг” ажээ. Тамиртаа унасан хүүхдүүдийг 500 хуудас ном канондож авчрахыг шаарддаг гэнэ. Тамирын заалны үүдэнд хувцас солих өрөө байх агаад эргэн тойрон толиор гоёсон өрөөний үүдэнд эрчүүд голдуу тамирын багш нар сууна. Охид олонтой энэ сургуулийн хувцас солих өрөө толин гоёлтой байгаа нь нэг л зохимжгүй. Ямар ч эмэгтэй хүн толины өмнө нүцгэлээд хувцсаа солихдоо санаа зовохгүй байхгүй болов уу.
Өчигдрийн хувьд ЭМШУИС-д шинээр элсэгчид тангараг өргөсөн баярт өдөр байсан ч тамирын хичээлийн дараа эмгэнэлт өдөр болон хувирсан байна. ЭМШУИС хүссэн аавын хүү, ээжийн охин амархаан орчихдог сургууль биш. Тэр хэрээрээ хичээлийн шаардлага өндөр, сургалтын төлбөр нь ч багагүй гэдгийг анагаахын оюутантай айл бүр мэднэ. Тус сургуулийн оюутнууд үүр цайж байхад унтаж, нар ургахтай зэрэгцэн босч байж л арайхийн тогтож үлддэг. Тиймээс бусад сургуулийн оюутнуудаас хэд дахин ачаалалтай байдаг. Хүний биеийн эд эс, арьсны ширхэг, ясны нүх сүв бүрийг алдалгүй нүдэлж, нэр томъёо бүрийг англи галигаар цээжилж, үй олон төрлийн өвчлөл, түүнийг анагаах түмэн янзын эм тариан дунд төөрч будилахгүй байх хатуу үүрэг эмчид бий. Аль ч мэргэжилд өөр өөрийн онцлог байдаг. Тэр дундаа алдах эрхгүй ганц мэргэжил эмч юм. Эмчийн алдаанаас болж, хүний эрүүл мэнд, амь насыг золиослохгүйн тулд анагаахын сургууль хамгийн их ачаалалтай байдаг. Гэтэл мэргэжлийн хичээлийн тэр их ачаалалтай биеийн тамирын хичээлийн хатуу шаардлагыг зэрэгцүүлэх хэрэг байсан уу гэдэг асуудал эндээс сөхөгдөж байна.
Өндөр босготой сургуулийн хаалгыг дөнгөж татаад амиа алдсан охины хэргийг золгүй явдал гээд орхилгүй энэ хэргээс сургамж авч, биеийн тамирын хичээлийг ямар сургуулийн ямар ангид ямар программаар заах вэ гэдэгт эргэн хяналт тавих нь зүйтэй болов уу. Шинэхэн цэргүүд ч түүртэм шаардлагыг балчир хүүхдүүдэд тулгаад байж болох уу. Энэ жил их сургуульд элсэгчдийн олонх нь 17 настай, 15,16 настнууд ч бий. Бидний үеийнхэн тэдний насанд 8,9 дүгээр ангид л сурч байсан. Тэр үеийн оюутнууд багадаа 18 настай. Зарим нэг нь 19 өнгөрч байж оюутан болдог ч байлаа. Гэтэл одоо ЕБС төгсөгчид насанд хүрч амжаагүй байдгийг бодолцох цаг болсныг хөөрхий охинд тохиолдсон эмгэнэлт хэрэг сануулж байна.
М.СОНОР