Япон улсад гадаад орнуудын төр засгийн тэргүүнүүд олон удаа айлчилж байсан ч эрх баригч намын төв хороон дээр очиж лекц уншиж байсан нь анх удаа болж байгаа учир Ерөнхий сайдын айлчлалыг онцгойлон үзэж, өндөр ач холбогдол өгч байгаа талаар судлаачид онцолж байлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол Улсын эдийн засгийн төлөв, Монгол-Японы харилцаа” сэдвээр лекц уншсан бөгөөд уг арга хэмжээнд Засгийн газар, Парламентын гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг 800 гаруй хүн уригдан оролцлоо.
Ерөнхий сайд Монгол орны тухай, Монгол-Японы харилцааны талаар цугласан олонд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Монгол Улс бол 2200 жилийн төрт улсын уламжлалтай эртний үндэстэн ч ардчилал, шинэчлэлтийн замыг 20 жилийн өмнө сонгож, эдүгээ шинэ хөгжлийн гараанаас эрч хүчтэй хөдөлж байгаа залуу орон гэж Ерөнхий сайд онцлоод, хөгжлийн зарим үзүүлэлтээс дурьдлаа. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2011 онд 17.5%, 2012 онд 12.4 хувиар, 2013 оны эхний хагас 11.3%-иар өслөө. Сүүлийн нэг жилийн дотор инфляцийг 2 дахин бууруулан 8%-д хүргэсэн бол ажлын байр олноор бий болгосны дүнд ажилгүйдэл эхний хагас жилд 8%-иар хумигдлаа. Өнгөрсөн оны сүүлийн хагаст экспортын орлого 30% өссөн, 2014 оноос гадаад худалдааны тэнцэл ашигтай гарах төлөвтэй байна. Дэлхийд томоохон Оюутолгойн зэс, алтны ордын баяжуулах үйлдвэрээ гурван сарын өмнө ашиглалтад оруулж, зэсийн баяжмалаа экспортолж эхэллээ. Тавантолгойн коксжих нүүрсээ мөн экспортолбол уул уурхайн салбарт 20 гаруй хувийн өсөлт гарна. Ирэх жилээс дээрх ордуудтай дүйцэхүйц томоохон хэмжээний стратегийн шинэ ордуудыг ашиглаж эхэлнэ. Энэ бүх арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2015-2016 онд 18-20 орчим хувиар өсөхөөр, өөрөөр хэлбэл 2016 он гэхэд 2012 оныхоос 2,6 дахин нэмэгдэнэ гэж Засгийн газрын тэргүүн хэлсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхээр Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар энэ намар хэлэлцэнэ зэрэг мэдээллийг тэрбээр лекцийнхээ үеэр өгсөн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.