Эдийн засаг хямраагүй гэв

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Эдийн засаг хямраагүй гэв

АНУ-ын эдийн засгийн бодит өсөлт энэ оны эхний хагас жилд 2.5 хувь, Европын бүсийн хувьд 0.4 хувь, ОХУ-д 1.4 хувь, Хятад улсад 7.6 хувийн тус тус өсөлттэй байгаа ажээ. Харин Монголын эдийн засаг эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 11.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Манай улсын болон дэлхийн зарим орнуудын эдийн засгийн төлөв байдлын графикийг танилцуулж байна.

Дэлхийн эдийн засгийн төлөв байдал

* урьдчилсан
гүйцэтгэл


Үндэсний статистикийн хорооноос гаргасан эдийн засгийн дээрх өсөлтөд нийлүүлэлт талаас буюу бодит эдийн засгийн салбарууд буюу хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын, үйлчилгээний зарим салбаруудын оролцоо илүү өндөр нөлөөлөлтэй байгаа ажээ. Хөдөө аж ахуйн салбарын хувьд дээрх өсөлтийн гурван нэгж буюу 26.0 хувийг хангажээ. Учир нь, манай улсын мал сүргийн тоо энэ онд өмнөх оныхоос таван сая орчим толгойгоор нэмэгдэх урьдчилсан тооцоо гарч байгаа бөгөөд бойжуулсан төлийн тоо нэг сая орчмоор илүү байгаа болон том малын хорогдлын хэмжээ өмнөх оны төвшинд байгаа зэрэг нь мал аж ахуйн салбарын өсөлтөд нөлөөлж буй юм байна. Түүнчлэн газар тариалангийн салбарт өмнөх онуудын адил арвин ургац авах боломжтой тооцоо гарсан тухай статистикчид дуулгасан.

Аж үйлдвэрийн салбарын хувьдчуул уурхайн салбарын нүүрснээс бусад уламжлалт  бүтээгдэхүүний үйлдвэрлэлт өссөн дүнтэй байна. Тухайлбал алт, зэсийн баяжмал, цайрын баяжмал, газрын тосны олборлолтыг нэрлэв.

Барилгын салбарын хувьд энэ оны эхнээс зам, барилга, орон сууцны  чиглэлээр олон тооны хөтөлбөрүүд хэрэгжсэний үр дүнд барилга угсралтын ажил эхний хагас жилд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэнийг тэмдэглэлээ.

Эдийн засгийн төлөв байдлыг харуулдаг чухал үзүүлэлт нь улирлын нөлөөллийг арилгасан ДНБ-ний өөрчлөлт бөгөөд тухайн улиралдаа улс орны бүтээсэн нэмүү өртгийн хэмжээг өмнөх улиралтай нь харьцуулж эдийн засгийн төлөв байдлыг богино хугацаанд  тодорхойлох боломж олгодог ажээ. Мөн тухайн улс орон эдийн засгийн хямралтай байгаа эсэхийг тодорхойлдог учраас илүү ач холбогдолтойд тооцогддог байна. Өөрөөр хэлбэл,  хоёр улирлын гүйцэтгэл дараалан сөрөг дүнтэй гарвал эдийн засгийн хямралд орлоо гэж үздэг улс орнуудын нийтлэг практик байдаг ажээ. БНХАУ-ын хувьд, жишээлбэл, урьдчилсан тооцоогоор, улирлын гүйцэтгэл нь 2.0, 1.6 болон 1.7 хувьтай байгаа бол манай улсын хувьд 3.3, 1.9; 3.8 хувийн өсөлттэй гарчээ. Орос улсын хувьд энэ үзүүлэлт харгалзан 0.5 болон хасах 0.2, 0.3 хувьтай гарчээ. Үүнээс дүгнэж үзвэл, Монголын эдийн засагт хямрал үүссэн гэж үзэх үндэслэл байхгүй тухай статистикчид онцолж байна.

Инфляцийн задаргаа

Энэ оны наймдугаар сард бараа, үйлчилгээний үнэ ханш  өмнөх сарынхаас 1.7 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 6.7 хувь, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.4 хувиар тус тус өссөн дүнтэй гарчээ. Инфляцийн задаргааг нэрлэвэл,

  1. 2013 оны наймдугаар сарын хувьд өмнөх саруудтай харьцуулахад үнэ, ханшийн сарын өөрчлөлт харьцангуй өндөр төвшинд байлаа. Энэ оны нэгдүгээр сард махны үнээс хамаарсан сарын имфляцийн төвшин 1.8 хувьтай байсан  бол энэ наймдугаар сарын хувьд сургалтын төлбөрийн өсөлт голлох нөлөөг үзүүлсэн байна. Сургалтын төлбөр дунджаар 27.0 хувиар нэмэгджээ. Харин эсрэгээрээ инфляцийн төвшинд өндөр нөлөө үзүүлдэг мах, төмс, хүнсний ногооны үнийн бууралтаас хүнсний бараа, бүтээгдэхүүний бүлгийн дүнгээр 2.5 хувийн бууралт гарчээ.
  2. Инфляцийн үнийн төвшин улсын дундажтай харьцуулахад Улаанбаатар хотод өндөр байжээ. Улаанбаатар хотын хувьд сургалтын төлбөр дунджаар 28.0 хувиар өссөнөөс гадна  иж бүрдэл гэр, орон сууцны түрээсийн төлбөр, оюутны байрны төлбөр, нэг кв цахилгааны тариф, нэг шуудай түлшний мод, нүүрсний үнэ, цайны газрын хоолны үнэ зэрэг бараа, үйлчилгээний үнэ 3.0 аас 17.0 хувиар өсчээ. 
  3. Энэ оны наймдугаар сарын байдлаар имфляцийн төвшин өмнөх оны түвшинтэй харьцуулахад буурсан байна. Өмнөх оны наймдугаар сард өмнөх оны жилийн эцсийнхтэй харьцсан имфляцийн төвшин 11.1 хувь, жилийн өмнөхтэй харьцсан инфляцийн төвшин 14.9 хувь байсантай харьцуулахад энэ үзүүлэлт 4.4-5.5 пунктээр доогуур байгааг тэмдэглэлээ.
У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж