Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Сүх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Намрын сэрүү орж хүйтний эрч чангарах дөхөж байна. Өмнөговь аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил ямархуу байна вэ?
-Энэ жил манай аймгийн хувьд зуншлага тааруухан байсан. Өнгөрсөн зун зөвхөн аймгийн төв орчимд хур тунадас орсон, нийт нутгийг хамарч чадсангүй. Манай аймаг 16,5 м кв км нутагтай. Үүнээс 9 сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургацыг судлахад 50 хувь нь гантай буюу гандуу гэсэн мэдээлэлтэй байна. Тэгэхээр одоо бороо ороод ч цагийн байдалд төдийлөн нөлөөлж чадахгүй болов уу. Тиймээс бид эртнээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж байх нь зүйтэй. Цаг хугацаа ч үүнийг харуулж байна. Тэр ч үүднээсээ аймгийн Засаг даргын захирамжаар Өмнөговь аймгийн нутагт дэвсгэрт өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс томилогдон ажиллаж байна. Энэ комисс төв суурингийн болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах ажлыг зохион байгуулна. Холбогдох бүх байгууллагуудын дарга, эрхлэгч, удирдлагууд гээд 22 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Комисс маань хоёр хоногийн өмнө хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төв суурин болон хөдөө орон нутагт ямар ажил зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргасан.
Манай аймгийн хувьд хамгийн хүнд нэг зүйл нь хадлан тэжээл бэлтгэлийн асуудал байгаа. Эртнээс бэлдэхгүй бол Монгол улсын Засгийн газраас Өмнөговь аймаг 434 тн хадлан бэлтгэх даалгавар өгсөн байгаа. Энэ бол аюулгүй нөөцийн өвс тэжээл. Аймгийн нөөцөд өмнөх жилүүдэд бэлтгэсэн 600 гаруй тн өвс, 100 гаруй тн тэжээл байгаа. Сумдын нөөцөд 79 тн өвс, 71 тн тэжээл байгаа. Бас малчид өөрсдөө гар тэжээл хадлан өвс бэлтгэдэг, одоогийн байдлаар 31 тн хадлан бэлтгэсэн байгаа. Ер нь аймгийн хэмжээнд 600 гаруй тн хөдлөн бэлтгэх зорилттой ажиллаж байна.
Манай аймгийн хувьд 5100 гаруй өрхөд 13000 малчин байдаг гэсэн судалгаа байдаг. Харин малын хувьд 1,8 сая толгой мал намаржиж байна. Гэхдээ мал сүргийн эргэлтээр тооцоход Өмнөговь аймгийн хэмжээнд 1,5 сая мал өвөлжиж хаваржина гэсэн тооцололтой байгаа. Тиймээс бид 6500 тнн хадлан бэлтгэх шаардлагатай болж байгаа юм. Ер нь манай аймгийн нутаг дэвсгэрт хадлан бэлтгэхэд тохиромжтой газар нутаг цөөхөн. Гэхдээ бүх бололцоог дайчилж, бүх байгууллагыг идэвхитэй оролцох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хамгийн түрүүнд анхаарах ёстой чухал асуудал, байгууллага нь хаанах байна вэ?
-Сургууль цэцэрлэгийн хүүхэд багачуудтай холбоотойгоор боловсролын байгууллагууд байна. Бүтэн хавар зун өнгөрчихөөд байхад одоо намрын сэрүү орж, хүйтний улирал хаяанд ирчихээд байхад “гадаа дулаан ийм байна, гадна сүлжээг ингэж янзлах хэрэгтэй байна” гэдэг асуудал яригдаж байгаа нь зохисгүй асуудал. Эртнээс энэ ажлыг зохион байгуулаад одоо дуусч байх ёстой. Гэхдээ энэ бүхнийг боломжийн хэрээр зохицуулахаар ажиллаж байна. Ер нь өвөлжилтийн бэлтгэл ажилд дулаан, цахилгааны асуудал хамгийн чухал. Үүнд хариуцсан байгууллагууд нь хамтарч ажиллах ёстой талаар комиссоос үүрэг даалгавар өгч байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комисс цаашид 7 хоног болгон хуралдана. Тэр болгон дээр үйл ажиллагаагаа дүгнээд цаашид ямар арга хэмжээ авах ёстой талаар шийдвэрлэж ажиллана.
-Тог цахилгааны хувьд өмнө жилүүдтэй харьцуулахад манай аймаг энэ жил харьцангүй гайгүй болж байгаа. 110 квт-ын төвийн шугамд холбогдчихвол хуучин ДЦС-ыг зөвхөн дулаан үйлдвэрлэх зориулалтаар ашигладаг болно гэж тооцоолж байгаа. Тэгэхээр энэ өвөл Даланзадгадчууд тогны бэрхшээлгүй өвөлжинэ гэж ойлгож болох уу?
-Бид өмнө нь цахилгаанаа найдвартай болгочихлоо гэж байтал л эргээд ямар нэгэн гэнэтийн асуудлаас болоод тог тасардаг байсан. Тэгэхээр яг энэ тал дээр ард түмэнд шууд хэлэхэд хэцүү. Өвөлжилтйин бэлтгэл ажлыг голлон зохион байгуулах ёстой газар бол аймгийн ДЦС. Өнөөдөр тус байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 88 хувьтай байгаа, үлдсэн хугацаанд бусад ажлаа гүйцэтгэх боломжтой гэж мэдээлсэн. Тэгэхээр энэ жил “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” компани болон Даланзадгадын дулааны цахилгаан станц байгаа учраас тог цахилгааны хувьд боломжийн байна гэж үзэж байгаа. Мөн “Таван толгой” ХК-ийн нүүрсний үнийг нэмэхгүйгээр орон нутгийн хэрэглэгчиддээ түгээгээд дулаан цахилгаанаа авах боломж байгаа.
-Цаг агаарын урьдчилсан дүн мэдээг харахад, иргэдийн ярьж байгаагаас ч үзэхэд эрт сэрүү орж энэ өвөл цаг агаар хүйтрэх төлөвтэй гэж ярьж байна. Ер нь аливаа онц ноцтой асуудал гарвал өвөлжилтийн бэлтгэл ажлын комисс хэр бэлэн байгаа вэ?
-Аймгийн онцгой комисс удахгүй хуралдана. Энэ хурлаар зөвхөн өвс тэжээл гэлтгүй төв суурин газрын хувьд түлш шатахуун, түлээ нүүрсний нөөцөө бүрдүүлэх талаар мэдээж ярилцана. Өнгөрсөн долоо хоногт цаг агаарын талаар Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс улс орон даяар мэдэгдэж байгаа нь анхаарах ёстой асуудлын нэг болж байна. Гэхдээ хүйтний улирлын прогноз бидэнд албан ёсоор ирээгүй байгаа. Ер нь бол цаг нэг их тааламжгүй байх нь мэдэгдэж байгаа. Өмнөх жилүүдийн өдийд 9 сард манай аймгийн хувьд намаржилт сайхан байдаг, гэтэл энэ жил эрт сэрүүсч байгаа нь энэ өвөл хүйтний эрч чангарах дохиог сануулж байна. Олон жилийн дунджаас ахиу хур тунадастай гэж холбогдох албаныхан мэдээлж байгаа. Ямар ч байсан бид ирэх өвлийг өнтэй давахад авч болох бүх арга хэмжээг авч ажиллана.
-Холбогдох байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ нөгөө талаас иргэд өөрсдөө юу анхаарах ёстой вэ. Иргэдийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэх байх?
-Тэгэлгүй яахав. Комиссын хурлаар энэ асуудал яригдсан. Иргэд өөрсдөө “манайхыг дулаалахгүй байна” гэсэн мөртлөө өөрсдөө ямар ч бэлтгэлгүй байдаг гэж Дулаан хангамжийн газрын дарга хэлж байсан. Зарим иргэд нэлээд сайн бэлтгэдэг ч зарим нь тааруухан байдаг. Ер нь цонхоор “мөнгө их урсаж байна” гэдгийг иргэдэд анхааруулж байдаг. Тэр утгаараа иргэд өөрсдөө хийх ёстой зүйлээ хийх ёстой, өөрсдөөс шалтгаалах зүйлээ бэлтгэж байх нь зүйтэй.
-Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санаачлан “Говь фестиваль” арга хэмжээг жил болгоны намар уламжлал болгон зохион байгуулдаг болсон. Энэ жилийн арга хэмжээ хэзээ болох вэ?
-“Говь фестиваль-2013” энэ жил 9 дэхь удаагаа зохион байгуулагдана. Өнгөрсөн жилийн хувьд “Шилмэл малын үзэсгэлэн худалдаа” зохиогдож байсан. Энэ нь 2 жил тутамд зохион байгуулагддаг учраас энэ жил болохгүй, зөвхөн сүү цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн, мод модон эдлэл гээд бүх төрлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Үүнд Өмнөговь аймгийн 15 сумдын малчид, иргэд, бизнес эрхлэгчдээс гадна бусад аймаг, ялангуяа хил залгаа аймгуудаас оролцоход нээлттэй. Бид энэ арга хэмжээгээр 11 төрлийн номинацаар шилдэгүүдээ шалгаруулна. “Говь фестиваль-2013” энэ сарын 20, 21-нд Даланзадгад хотод болно. Энэ жилийн “Говь фестиваль”-ийн нэг онцлог нь “Малчны өдөр” анх удаагаа болох гэж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр жил бүрийн 9-р сарын 3 дахь долоо хоногийн Баасан гарагийг “Малчны өдөр” болгон тэмдэглэхээр болсон. Малчны өдрөөр буид Улаанбаатар хотоос малчдын эдийн засгийн боловсрол олгох багш урьж сургалт зохион байгуулахаар болсон.
-Малчны өдөр энэ жил анх удаагаа зохион байгуулагдана. Энэ өдрийг тэмдэглэснээр ямар үр дүн гарна гэж үзэж байна?
-“Говь фестиваль” арга хэмжээний үеэр сум бүрийн малчид аймгийн төвд цуглардаг. Тэр үед нь бид аймгийн малчдын зөвлөгөөнөөр шийдвэрлэсэн асуудлын хэрэгжилт, төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хэрэгжилт ямар түвшинд байна гэдгийг малчиддаа тайлагнах, цаашлаад ирэх жил мал аж ахуйн салбарт малчдын талаар ямар бодлогыг аймаг орон нутгийн бодлогод тусгах хэрэгтэй байна гэдгийг ярилцана. Жил болгон тэмдэглэх учраас бид жил бүр малчдынхаа үгийг сонсоно, жил бүр тодорхой үр дүн гарч байна гэж төлөвлөж байгаа.
-“Говь фестиваль” арга хэмжээний үеэр иргэдийн нэг хүлээдэг зүйл нь олон төрлийн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авах сонирхолтой байдаг. Зохион байгуулагчдын зүгээс ч мөн ийм зорилготой байдаг. Гэвч бодит байдал дээр үнэ хямдардаггүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид маань эсрэгээсээ барааныхаа үнийг өсгах хандлага их байдаг. Энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт байгаа юу?
-Мэдээж төрөөс үнэн дээр зохицуулалт хийх эрх зүйн орчин байхгүй. Ер нь тэгж уриалдаг. Тухайлбал, өнгөрсөн жил зохиогдсон “Ингэний айрагны баяр”-ын арга хэмжээгээр “Үнийн хөөрөгдөлгүй үндэсний үйлдвэрлэлийг дэмжицгээе” гэсэн уриан доор тэмдэглэж байсан. Тэгэхээр бид “Говь фестиваль” арга хэмжээнд оролцогчдод мөн л уриална. Бүтээгдэхүүнийхээ үнийг битгий хөөрөгд, худалдан авагчид, ард иргэдийн бололцоо ямархуу байгаа билээ түүнийг бодолцох ёстой. Гэхдээ бидний хувьд үнийн хөөрөгдөл гарахгүй байх гэж бодож байгаа. Намар цаг болж байна, бүх юм дэлгэрсэн дэлгэр цаг шүү дээ. Харин тариа ногоо ургацын хувьд төмс, хүнсний ногооны үнийг буулгахыг уриална. Гэхдээ бид шууд оролцох боломжгүй, зах зээлийнхээ зарчмаар л явна.
-Ярилцсанд баярлалаа.