Улсын төсөв нь нэг их наяд 500 тэрбумын алдагдалд орж, Ерөнхий сайд нь япончуудаас бадар гуйхдаа тулж байгаа энэ үед цалин хөлсийг нэмэхийг шаардсан МҮЭХ-ны зохион байгуулах жагсаал цагаа олсонгүй. Уул уурхайн салбараас ордог мөнгө нь багасч, улсын төсөв нь тэрбум тэрбумаар сох дутчихаад байхад юу, яасан цалин хөлс нэмэх вэ. Харин ч зарим хувийн байгууллагуудын санхүү хүндэрч, цалингаа цагтаа тавьж барвал их юм болчихоод байна шүү дээ. Байдал ийм байхад цалин нэмнэ гээд хашгирч байгаа МҮЭХ яг үнэндээ баавгайн талд байгаа юм биш үү. Цалин нэмэх сургаар наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихдэг нь гэм биш зан шүү дээ. Наймаачдын нэг талх, литр сүүнд нэмсэн мөнгө нь эргээд эсрэгээрээ тэтгэвэр, тэтгэмжийнхэнд хүнд ачаа болон буух нь ойлгомжтой. Инфляцийн өсөлтийн дарамтын 50 хувь нь эмзэг бүлгийнхэн халааснаас гардаг ердөө нэг хувь нь баячуудад тусдаг. Ялангуяа нийгэм, эдийн засгийн байдал хүндэрчихээд байгаа энэ үед цалин хөлс нэмэх асуудлыг хөндөх нь буруу юм.
Цалин нэмэгдлээ гэхэд энэ нь орон тооны бөглөөс болсон 150 мянган төрийн албан хаагчид хамааралтай болохоос хувийн хэвшлийнхний цалин хэр баргийн өөрчлөлт орохгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр улсын төсөв их наяд 500 тэрбумаар сох дутна гэдэг Засгийн газрын захиргааны зардал хэтэрсэнтэй холбоотой хэрэг. Улсын төсвийн 60 хувийг захиргааны зардал болон халамжийн мөнгөнд зарцуулагддаг гэдгийн захын эдийн засагч тайлбарлаад өгнө. Тиймээс цалин хөлс нэмбэл, захиргааны зардал хэдэн зуун тэрбумаар нэмэгдэж, орлого нь хумигдаж, мөнгөгүй болчихоод байгаа эдийн засагт сүйрэл дуудсан хэрэг болох юм. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчийн тоо 30 мянгаар өссөн. Гэтэл багш, эмч нарын тоо нэмэгдээгүй гэвэл хүнд сурталтай дарга, мэргэжилтнүүдийн тоо 30 мянгаар өссөн гэсэн үг юм.
Төрийн албан хаагчдын цалинг нэмж болно. Гэхдээ тэдний орон тоог цөөлж, чадварлаг цомхон бүтцийг өндөр цалинтай ажиллуулах бас нэг боломж харагдаж байна. Түүнээс өглөө ирж цагаа бүртгүүлчихээд өдөржин компьютерийн ард тоглодог төсвийнхний цалинг нэмэхийн тулд хувийн хэвшлийнхний нуруун дээрх ачааг нэмж болохгүй. Тиймээс МҮЭХ цалин нэм гэсэн популизмаа зогсоож, харин үнэ ханшны зохиомол өсөлтийг хязгаарлах, хүнс, өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийг тогтвортой байлгах, Засгийн газрын үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг сайжруулах, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа арилжааны банкны гэрээний нөхцөлийг уян хатан болгох, орон сууцны талбайн үнийн үндэслэлд төрөөс зохистой хяналт тавьдаг байх, дотооддоо болон импортыг орлох, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг хөрөнгө оруулалтаар дэмжих замаар өрсөлдөх чадвар бүхий тогтвортой үйлдвэрлэл, чанартай ажлын байрыг нэмэгдүүлэх талаар бодитой арга хэмжээг авч хэрэгжүүл гэсэн шаардлагуудаа олигтойхон тавиад Засгийн газрыг ташуурдаад өгөхөд гэмгүй. Их савны ёроолд сохор зоос ч үгүй, мөнгөний эрэлд мордоод байгаа Засгийн газарт цалин нэмэх боломж ч байхгүй. Тиймээс МҮЭХ-ныхон цлаин хөлс нэм гэсэн популизмаа зогсоовол яасан юм.