Үндэсний үйлдвэрлэгчдийн алтан үе-2

Хуучирсан мэдээ: 2013.09.12-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэгчдийн алтан үе-2

Ам.долларын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах нь дотоодын үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөх боломж нөхцөлийг олгодог. Учир нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өндөр болоход хэрэглэгчид дотооддоо үйлдвэрлэж байгаа үндэсний үйлдвэрлэлээ түлхүү хэрэглэж эхэлдэг байна. Ханшийн өнөөгийн орчин үндэсний үйлдвэрлэгчдэд яаж нөлөөлж байгаа талаар тодрууллаа.

Монголын гахайн аж ахуй эрхлэгчдийн тэргүүн, “Зургаан хошуу” ХХК-ны захирал М.Золзаяа: Энэ нөхцөл байдал гахайн аж ахуйтнуудад ашиг авчирч байгаа

Монголчуудын гахайн махны жилийн дундаж хэрэглээ 6000 тн байдаг. Үүнээс нийт хэрэгцээний 70 хувийг импортоор үлдсэн 30 хувийг нь дотоодоосоо хангадаг. Доллар өссөнтэй холбоотойгоор импортын гахайн махны хэмжээ буурсан. Гэхдээ энэ нь богино хугацаандаа хомсдол үүсгэх ч урт хугацаандаа үндэсний үйлдвэрлэгчид зах зээлээ тэлэх бололцоог бий болгож байна. Манай гахайн аж ахуй тэжээлийнхээ 10 хувийг л импортоор авдаг. Тиймээс ханшийн өсөлтөд өртөхгүй ашигтай ажиллах боломж байна. Энэ нөхцөл байдал гахайн аж ахуйтнуудад ашиг авчирч байгаа.

“Түмэн шувуут” ХХК-ны захирал Ж.Болд: Тахиан аж ахуйг импортоос хамааралгүй Монголдоо  хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна

 

Тахиа маш чанартай эрдэнэ шиш хэрэглэж байж, чанартай өндөг гаргадаг учраас тахиан аж ахуйнууд тэжээлээ 100 хувь гаднаас импортолдог. Сайн чанарын эрдэнэ шиш тариалах захиалгыг дотоодын аж ахуй нэгжүүдэд өгдөг ч одоогоор тариалж чадахгүй байна. Ер нь Монгол улсын хэмжээнд тахианы тэжээлийн импортод жилдээ 10 сая ам.доллар зарцуулдаг. Тийм болохоор тахиан аж ахуйг импортоос хамааралгүй Монголдоо  хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Манай улсын өндөгний жилийн хэрэглээ 180 сая ширхэг байдгаас 60 гаруй хувийг дотоодоосоо хангадаг. Үлдсэн хэсэг нь 15 хувийн татвартайгаар импортоор орж ирдэг. Энэ нь бусад бараа 5 хувийн татвартай байдагтай харьцуулахад өндөр хэдий ч Оросын өндөг манай зах зээлд 15 жил ноёрхлоо. Монголын шувууны аж ахуйнууд 10 жилийн өмнө 10 мянган шувуутай байсан бол өнөөдөр ч мөн 10 мянган шувуутайгаа л сууж байна. Техник, технологийн хувьд ч хоцрогдсон. Тэгэхээр энэ салбарт төрийн бодлого тодорхой байх нь маш чухал байна. Тодруулбал, гаалийн татварыг улам бүр нэмэгдүүлэх, орж ирж байгаа өндгөнд квот тогтоох, техникийн хоцрогдлыг арилгах зэрэг юм. Ингэсэн тохиолдолд компаниуд хөрөнгө оруулалт зоригтой хийхэд хөшүүрэг болно.

Арабс үйлдвэрлэгч, Үндэсний Делта ХХК-ны гүйцэтгэх захирал Ц.Ганбат: Түүхий эд материалыг 100% дотооддоо тариалж, зах зээлээ хангах боломжтой манай үйлдвэрт долларын ханшийн өсөлт эерэгээр нөлөөлж байна
 

Доллар 1200 байсан үед импортыг илүү дэмжиж, импортын бараа бүтээгдэхүүнд хямд үнээр өрсөлдөх боломжийг нээж өгдөг. Эсрэгээрээ үндэсний үйлдвэрүүдийн хувьд хөгжлийн эхэн үедээ явж байгаа тул үнэ болон чанараар зэрэг өрсөлдөх боломж бага байдаг. Энэ нь өрсөлдөх чадварт шууд нөлөөлж байна.

Манай орны хувьд ургамлын тосыг 100% импортоор оруулж ирдэг бөгөөд  хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нэг юм. Долларын ханш өссөнөөр импортоор орж ирж буй ургамлын тосны өртөг шууд өсөөд зогсохгүй хэмжээ буурдаг. Бид ам долларын хараат байдлаас гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Өнөөдөр уул уурхайгаас хөрөнгө оруулалт, гадаад валют орж ирж байгаа боловч энэ нь маш богино хугацаанд үр ашгаа өгөөд дуусах төдий гэдэг нь одоогийн үүсээд байгаа нөхцөл байдлаас харагдаж байна. Гэтэл манайх шиг үйлдвэрийн хувьд хэдэн зуун жил ч ашиглаж, үр ашиг нь дотооддоо үлдэх бүрэн боломжтой юм.

Манай үйлдвэрийн хувьд  Германы тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож, олон улсын стандартад бүрэн нийцсэн бөгөөд түүхий эд материалыг 100% дотооддоо тариалж, ургамлын тосны түүхий эдээр дотоодын зах зээлийг бүрэн хангах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна маргарин, масло, майонез зэрэг дайвар бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэн гаргах бүрэн боломжтой. Зах зээлийг бүрэн хангаснаар хэрэглээний өртөг хэмнэж, тосны импортод жил бүр 30 сая доллар гадагшаа урсаж байсныг дотооддоо үлдээж, харин  эсрэгээрээ гадагшаа мал амьтны тэжээлийн түүхий эдийг экспортолж экспортын орлогыг 15 сая доллараар нэмэгдүүлснээр гадаад худалдааны балансад эерэгээр нөлөөлөх, газар тариаланг дэмжих, сэлгээний таримал бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг маш олон давуу байдлаар улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Цаашид ч  зах зээлээ тэлэх, үйлдвэрээ өргөжүүлэх бүрэн боломж нээгдэнэ. 

Э.ҮҮЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж