УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас завсарлага авахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2009.11.04-нд нийтлэгдсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас завсарлага авахыг хүсэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас завсарлага авахыг хүсэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингэхдээ УИХ дахь намын бүлэг, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос ирүүлсэн саналуудаар гишүүдээр санал хураалгасан юм. Нийтдээ 60 орчим асуудлаар санал хураалгасны дотор Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, Малыг эрүүлжүүлж, экспортод гаргахад төрийн нэгдсэн бодлого гаргах, Атрын гуравдугаар аяны хүрээнд усан сан байгуулж, усалгаатай газар тариалан хөгжүүлэх, сум бүрт таваас доошгүй худаг гаргах зэрэг саналууд дэмжлэг авав. Харин Монгол Улсын батлан хамгаалах салбарыг бэхжүүлэхтэй холбоотой таван ч асуудал шилээ даран тус байнгын хорооны хуралдаанаас дэмжлэг авч чадалгүй “унасныг” УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга эсэргүүцэв. Түүний тайлбарласнаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны нөхдүүд Батлан хамгаалах яамнаас оруулсан 2010 оны үндсэн чиглэлд зөвийг нь тусгаагүй, бурууг нь хэвлэжээ. Энэ алдааг УИХ-ын Аюулгүй байдлын гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаас залруулж зассан. Гэтэл буруу оруулж ирсэн үндсэн чиглэлээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо гишүүдээс санал хураалгаж байгаа нь хариуцлагагүй явдал болж буй тул завсарлага хүсч байна гэв. Мөн тэрбээр ажлын хэсэг байгуулахыг санал болгов. Харин байнгын хорооны дарга “Тэр ажлын хэсгийг хэн удирдах вэ” хэмээн цааргалав. УИХ-ын гишүүн З.Энхболд “Ажлын хэсгийг би удирдаад хэн,  хаанаа ямар алдаа гаргаад, ганц ном зөв хэвлэж чадаагүйн учрыг олоод, буруутай этгээдийг илрүүлээдхэе. Хариуцлага тооцоорой” хэмээв. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор “Үндэсний хөгжил,  шинэтгэлийн хорооныхон алдаа гаргасан юм биш. Битгий бусдыг гөрдөөд бай” гэж өмөөрлөө. Эцэст нь Засгийн газрын гишүүд хоорондоо маргалдаж, эрхэм гишүүд үүнийг нь хараад “Дотроо асуудлаа шийдэж байж орж ирэхгүй, дандаа УИХ-д алдаатай юм оруулж ирж гай болдог” хэмээн буруутгалаа. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга,  гишүүн З.Энхболдын саналыг хүлээж авалгүй толгой дараалан санал хураалгаж, дууссан билээ. Гэхдээ дээрх алдаа зөвхөн батлан хамгаалах салбартай холбоотойгоор оруулсан асуудалд гарсан гэдгийг тодотгон хэлье. Өөрөөр хэлбэл, бусад салбартай холбоотой асуудалд ийм будилаан гараагүй аж.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  нь Засгийн газраас 250 тэрбум хүртэлх бонд гаргахыг зөвшөөрч “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн томъёолов. Харин Монгол Улсын өмнөд бүсийн дэд бүтцийн стратеги, төмөр замын байгууламжийн асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төсөл гаргахыг гишүүд нэлээд нухацтай хэлэлцлээ. Учир нь Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайдын тайлбарласнаар Гашуун сухайтаар дамжуулан урд хөрш рүү хувийн компаниар төмөр зам тавиулах нь тэдний лоббиг шийдвэрлэхэд ач холбогдолтой болохоос улсад ирэх өгөөж байхгүй гэнэ. Тэр дундаа энэ асуудлыг боловсруулахдаа Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамнаас санал авалгүй хүчээр асуудлыг шийдвэрлэх гэж оролдож байгаа нь зохисгүй” хэмээсэн юм. Тус төмөр замыг Шин Хуа компанийн хөрөнгө оруулалтаар MCS компани гүйцэтгэхээр болж буй бөгөөд зарим гишүүн тухайн бүс нутаг Хятадын мэдэлд шилжинэ” хэмээн тодорхойлов. Мөн дээрх замаар зөвхөн тус компанийн галт тэрэг явахаас бусдыг хориглож болзошгүй тул ийм давуу эрх олгох нь үндэсний аюулгүй байдлын асуудлыг ч ноцтойгоор зөрчинө” гэж тайлбарлаж байсан юм. Ингээд гишүүдээс санал хураахад тус тогтоолыг олонхи нь дэмжив.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж