Уэльсийн шигшээ болон “Кардифф Сити” багийн довтлогч, Английн “Премьер лиг”-ийн “танхай хөвгүүд”-ийн нэг Крэйг Беллами энэ улирлыг дуусгаад, зодог тайлахаар болжээ. Өдгөө 34 настай Беллами зодог тайлсныхаа дараа Испани улсыг зорин, дасгалжуулагчаар суралцах гэнэ. Беллами олон улсын хөлбөмбөгийн холбооны “А” зэрэглэлийн дасгалжуулагчийн үнэмлэхтэй бөгөөд Испанид мэдлэг, туршлага хуримтлуулсныхаа дараа Английн “Премьер лиг”-тээ дасгалжуулагчийн хувиар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгджээ. Тэрээр ирэх аравдугаар сард болох 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Македон, Бельгитэй хийх тоглолтод оролцсоны дараа шигшээ багаас зодог тайлна. Харин одоогийн хүчин зүтгэж, багийн ахлагчаар тоглож буй Уэльсийн “Кардифф Сити”-гээс энэ улирлыг төгсгөөд зодог тайлах гэнэ. Уэльсийн шигшээ багийн хувьд 2014 оны ДАШТ-нд оролцохгүй нь тодорхой болсон. Уэльс европийн бүсэд “А” хэсэгт сугалаа таарч, найман тоглолтод зургаан оноотойгоор сүүлийн байранд бичигдэж байгаа юм. Харин “Кардифф Сити” Английн “Премьер лиг”-т дэвшин, өнгөрсөн жилийн дэд аварга “Манчестер Сити” багийг хожиж, шуугиан тариад байгаа билээ. Крэйг Беллами 1996 оноос хойш мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа эхлүүлж, нийт 525 тоглолтод 168 гоол оруулсан байна. Харин Уэльсийн шигшээ багтаа 76 тоглолтод 19 гоол оруулжээ. Мөн Беллами 2012 оны Лондонгийн олимпд Их Британий шигшээд дуудагдаж, таван тоглолтод нэг гоол оруулсан юм. Карьерийнхаа турш Беллами Уэльсийн шилдэг тоглогчоор 2007, Шотландын “Премьер лиг”-ийн шилдэг тоглогчоор 2005 онд тодорч, “Ливерпүүл” багийн хамт 2006 онд “FA cup” буюу Английн хөлбөмбөгийн холбооны цом, 2011-2012 Английн лигийн цомд түрүүлсэн байна. Мөн Шотландын “Селтик” багийн хамт “Шотландын цом”-д, “Кардифф Сити” багийн хамт 2012-2013 оны Английн хоёрдугаар лиг “Чампионшип”-д түрүүлсэн байна.
Б.БИЛЭГ