
Зорилго нэг боловч гурван өөр газар, гурван өөр чиглэл, бодлого баримтлан ажиллах нь ажлын уялдаа холбоогүй, үр дүн муу байснаас гадна хүн хүч, нөөц бололцоо тархай бутархай, машин механизмын ашиглалт харьцангуй сул зэрэг сөрөг хүчин зүйлүүдээс үүдэн дээрх гурван байгууллагыг нэгтгэх шийдвэр гаргажээ. Ингэснээр төсвийн хөрөнгийг хэмнэхийн зэрэгцээ нийтийн эзэмшлийн зам талбайд нэг байгууллага, нэг бодлоготойгоор цогц ажил үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, чимэглэл, хаягжилт, гудамж, зам талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, үерийн хамгаалалтын далан сувгийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, автозамын борооны ус зайлуулах шугам болон хөрсний ус зайлуулах барилга байгууламж, авто замын урсгал тусгаарлах хайс хашааны арчлалт хамгаалалт, золбин нохой муурын устгал, гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлага, хяналт, нийтийн эзэмшлийн тавилгын засвар, үйлдвэрлэл гэх мэт нэг чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулснаар нийслэл хот 24 цагийн турш хариуцах эзэнтэй, харгалзах хүмүүстэй болж байгаа хэрэг юм.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн гүйцэтгэх захирлаар нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байсан Д.Энхсайхан томилогдсон бөгөөд Улаанбаатар зам арчлалт, Усны барилга байгууламж НӨҮГ-ын ажилтан албан хаагчидтай уулзаж, Асфальтбетон, тэмдэг тэмдэглэгээ, түмбэний үйлдвэрүүдтэй танилцлаа гэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс мэдээллээ.